Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хоцрогдолтой байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан дэлхийн Хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийн үзүүлэлтийн 2018 оны тайлангаар нийт 189 орны 59 нь хүний хөгжлөөр маш өндөр бүлэгт, 53 нь өндөр, 39 нь дунд, 38 нь хүний хөгжлөөр бага бүлэгт хамрагдсан байна.

Манай улсын хүний хөгжлийн индекс (ХХИ) сүүлийн жилүүдэд үндэсний болон бүс нутгийн хэмжээнд жил дараалан тасралтгүй өссөөр, дэлхийн ХХИ-ийн эрэмбэд 0.741 оноотойгоор 189 орноос 92-т буюу хүний хөгжлийн өндөр түвшний орнуудын ангилалд багтаж байна. Энэ үзүүлэлт 1990 онд 0.579 байсан бөгөөд 1994 оноос хойш тасралтгүй өсөж иржээ.

Хүний хөгжлийн индексийг тодорхойлогч гол гурван хүчин зүйл нь:

  • Боловсрол
  • Дундаж наслалт
  • Нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого (ҮНО)

Эхний үзүүлэлтээр буюу боловсролын түвшнээр манай улс хүний хөгжлийн дундаж түвшинтэй улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Дундаж наслалтын хувьд ч 1990 оноос хойш нялхсын болон хүүхдийн эсэн мэнд амьдрах чадвар сайжирсны үр дүнд нэмэгджээ. Гэвч ҮНО улс орнуудтай харьцуулахад маш доогуур төдийгүй тэгш бус байдал өндөр байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын хүний хөгжлийн холбогдох үзүүлэлтүүдийг олон улстай харьцуулсан судалгаа харуулж байна.

Тодруулбал, газар зүйн байршил болон хүн амын хувьд ойролцоо, ижил түвшний Киргизстан, Туркменистан улстай харьцуулахад манай улс ХХИ-ийн эрэмбээр 16-30 байраар дээгүүр орж байгаа хэдий ч дундаж наслалтаар ХХИ өндөр түвшний орнуудын дунджаас 6.5 жилээр, Зүүн Ази, Номхон далайн орнуудын дунджаас 5.2 жилээр, ХХИ-ийн эрэмбээр дунд хөгжилтэй буюу 122-р байранд орсон Киргизстанаас 1.6 жилээр доогуур орсон байна.

Зураг 1. Дундаж наслалтын үзүүлэлтээр сонгогдсон орнуудтай харьцуулснаар 2017 

Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 1990 онд 60.3 байсан бол 2017 онд 69.5 болж уртасжээ. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хоорондох ялгаа жил ирэх тусам нэмэгдэж есөн жилийн зөрүүтэй болсонЭрэгтэй хүмүүсийн дундаж наслалт 66, эмэгтэйчүүдийнх 75 гэсэн хол зөрүүтэй байгаа нь дундаж наслалтын индексийн өсөлт хурдац бага байгаад нөлөөлж байна.

Дундаж наслалтын энэ ялгаа нь эрэгтэйчүүдийн амьдралын эрүүл бус хэв маяг, дадал зуршил болох архи, тамхины хэрэглээ, биеийн хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолт, зан үйлийн үр дагавар гэдгийг ҮСХ судлан тодорхойлжээ.

Зураг 2. Улс орнуудын ХХИ-ийн харьцуулалт, 1990-2017

Дэлхийн түвшний ХХИ-ийн жагсаалтын эхний тавд

  1. Норвеги – (0.953)
  2. Швейцар -(0.944)
  3. Австрали (0.939),
  4. Ирланд (0.938)
  5. ХБНГУ (0.936)

ХХИ хамгийн бага бүлэгт 

  • Бурунди (0.417),
  • Чад (0.404)
  • Өмнөд Судан (0.388)
  • Нигер (0.354) улс орсон байна.

Манай улс ХХИ-ээрээ 1990 онд Филиппин улсаас /0.586/ доогуур, Тайланд /0.574/, Хятад /0.502/ улсаас дээгүүр байсан бол 2005 онд 0.650 болж, Филиппин улстай нэг түвшинд, 2013 онд 0.729 болж, Хятад улстай нэг түвшинд очсон байна.

Зураг 3.  Атласын аргаар тооцсон ҮНО ам.доллар,харьцуулсан үзүүлэлт 1990-2017 

Монголын байгалийн баялгийн олборлолт, эрдэс баялгийн үнэ олон улсын зах зээл дээр нэмэгдэж, нэг хүнд ногдох ҮНО хурдацтай өссөнөөр манай улсын ХХИ 2000-2017 онд өсөхөд голлон нөлөөлжээ. Гэвч өдгөө бид дундаас доогуур орлоготой орнуудын жагсаалтад явааг дараах тоонууд илтгэв.

Дэлхийн банкнаас жил бүр улс орнуудыг нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээнээс нь хамааруулан бага орлоготой, дунд орлоготой, өндөр орлоготой гэж ангилдаг.

Тухайлбал, 2015 онд атласын аргаар тооцсон ҮНО-ын хэмжээ нь

  • 1,025 ам.доллар хүртэл – “бага
  • 1,026 – 4,035 ам.долларын хооронд бол – “дундаас доогуур
  • 4,036 – 12,475 ам.долларын хооронд бол – “дундаас дээгүүр
  • 12,476 ам.доллараас дээш – “их” орлоготой гэсэн 4 ангилалд улс орнуудыг багтаажээ.

Манай улс 2013 онд 4,350 ам.долларын ҮНО-тойгоор “дундаас дээш” орлоготой орны тоонд багтсан боловч 2017 онд ҮНО 3,290 ам.доллар болсноор дундаас доогуур орлоготой орны ангилалд шилжсэн байна.

2010 оноос Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлд “Тэгш бус байдлаар засварлагдсан Хүний хөгжлийн индекс (ТБХХИ)” хэмээх шинэ хэмжүүрийг тооцох болсон.

Энэ тооцооллыг ХХИ-ийн бүрэлдэхүүн гурван хэмжигдэхүүн тус бүрд нь тэгш бус байдлыг “нарийвчлан” тусгах замаар хийжээ. Тодруулбал, ТБХХИ нь тухайн улсын ХХИ-ийн
бүрэлдэхүүн индексийн үзүүлэлт тус бүрийн хүрсэн бодит түвшнийг тэгш бус байдлын түвшинтэй нь уялдуулан, илүү нарийвчлан илэрхийлж байгаа тул хүний хөгжлийн дундаж түвшинг илэрхийлэх гол үзүүлэлт болдог.

Тэгш бус байдлаар засварласан хүний хөгжлийн индекс (ТБХХИ) нь хүн амын дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ногдох орлогын хэмжээг хүйсийн тэгш бус байдлаар засварласан нийлмэл индекс юм. ХХИ болон ТБХХИ-ийн зөрүүгээр хүний хөгжлийн “алдагдал” тодорхойлогддог.

Зураг 4.  Улс орнуудын тэгш бус байдлаар засварласан хүний хөгжлийн индексийн үзүүлэлт, 2017

Улс орон дахь тэгш бус байдал нэмэгдэхийн хэрээр хүний хөгжилд учрах хохирол нэмэгддэг гэж үздэг. Манай улс нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын (ҮНО) хэмжээгээр хүний хөгжлөөр өндөр орнуудын дунджаас 3,232 ам.доллараар бага байна. Энэ нь дэлхийн хүний хөгжлийн эрэмбээр дундаас доогуур орлоготой орнуудын ангилалд багтах шалтгаан болж буй аж.

Дээрх хүснэгтэд үзүүлсэнчлэн, 2017 оны тооцооллоор ХХИ-ийн өндөр өсөлттэй орнуудад тэгш бус байдлын алдагдал 16%, Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундаж алдагдал 15.6% байхад Монгол Улсын тэгш бус байдлаар засварласан индексийн алдагдал 13.7% байна.

Товчхондоо, манай улсын тэгш бус байдлаар засварласан дундаж наслалт, боловсролын түвшин харьцангуй дээгүүр байгаа ч орлогын тэгш бус байдлаараа доогуур үзүүлэлт рүү гулсжээ.

ТББИ-ийг нарийвчлан тооцоход багтдаг бас нэгэн шинэ үзүүлэлт нь Жендерийн тэгш бус байдлын индекс. Үүнд

  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Эрх мэдэл, эдийн засгийн үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн тэгш бус байдлыг нарийвчлан судалдаг байна.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд нь эхийн эндэгдэл, өсвөр насны охидын төрөлтийн түвшингээр, эрх мэдлийн хэмжигдэхүүн нь парламентын нийт суудалд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эзлэх хувь, дунд болон дээд боловсрол эзэмшсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувиар, эдийн засгийн хэмжигдэхүүн нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр оролцооны түвшнээр тус тус хэмжинэ.

Зураг 5. Жендэрийн тэгш бус байдлын индекс, 1995-2017

Манай улсын хувьд 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 91.2 хувь нь, эрэгтэйчүүдийн 86.3 хувь нь дундаас дээш боловсролтой, ажиллах хүчний оролцооны 52.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь ХХИ-ийн өндөр түвшний эрэмбээр 60, 90, 92-р байранд орсон орнуудаас өндөр үзүүлэлттэй байна.

Харин парламентын нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэй гишүүн байгаа нь ХХИ өндөр түвшний орнуудын дунджаас 5.2 пунктээр, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын түвшнээс 2.7 пунктээр тус тус доогуур үзүүлэлтэй байгаа нь эдийн засаг, улс төрийн амьдрал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хоцрогдолтой байгааг харуулж байна.

+ There are no comments

Add yours