Зөн билгийн мухардал 1-р хэсэг

Торгоны хүр хорхойн төөлүүрүүд хоолны эрэл хийн нарсан дээгүүр сүрэглэн цувахдаа түрүүнд  яваагийнхаа араас өчүүхэн үсхэнээрээ тэмтрэн мэдэрч явдаг билээ. Төөлүүр бүр алдаа яваадаа замчлах утас болсон нарийхан шүлсэн тор татаж явдаг ажээ. Тэргүүлж яваа төөлүүр нарсны оройд байгаа шинэ “бэлчээрт” сүргээ хүргэхээр тэмүүлнэ. Францын нэрт байгаль судлагч Жан Фабр, тэргүүлж яваа толгойлогч  төөлүүрийг цувааны сүүлд  яваа хүр хорхойн “сүүлэнд” ойртуулахад тэр нь зам заах утаснаас барьж авчээ. Ингэснээрээ “жанжнаас” “жагсаалын цэрэг” болон барьж авсан төөлүүрийнхээ араас дагаж явжээ. Цувааны толгой, сүүл  нь нийлж төөлүүрүүд  яах учраа олохгүй нэг байранд эргэлдэцгээсэн байна. Ийм байдлаас нь гаргах чадвар зөн билэгт нь байсангүй. Хажууд нь хоол тавьсан боловч төөлүүрүүд түүнийг анхаарах ч үгүй байжээ. Хэдэн цаг өнгөрч дараачийн  долоо хоног болсон боловч төөлүүрүүд илбэдүүлчихсэн юм шиг эргэлдсээр байжээ. Тэд бүтэн долоо хоног эргэлдсэн аж! Дараа нь цуваа задарч төөлүүрүүд цааш хөдөлж чадахгүй болтлоо ядарсан байна. Олон хүн шивхч цохыг харсан боловч ажил хийж буй үеийг тэр бүр үзээгүй биз.

Цох шивхээр жижиг бөөрөнхий бөмбөлөг хийгээд түүнийгээ хойд хөлөөрөө өнхрүүлэн хөдөлгөж ар бөгсөөрөө явдаг! Хүүхдэдээ, өөрөөр хэлбэл авгалдайндаа хамгийн сайн нь болох хонины хорголыг сонгож авдаг. Цохууд түүнийхээ төлөө хоорондоо олонтаа зодолдон, бусдынхыгаа хулгайлах явдал гардаг. Ногдсон хувиа хамгаалж чадсан / эсвэл хөршөөсөө хүчээр авсан/ хорголыг хурдан өнхрүүлэн одно. Цохын хүч гайхмаар. Өөрөө хоёр грамм жинтэй байхад тээш болох хоргол дөчин грамм хүрдэг. Зөн билгийн онцлогийг судлагч Английн эрдэмтэн Р.У.Хингстон шивхч цохны оюуны чадварыг шалгахын тулд үүр рүүгээ бөөрөнхий бөмбөлгөө зөөж яваа цох, үүр хоёрын хоорондох замыг хаасан үүрэнд орох заагаас 2 см гаруйхан зайтай зузаан цаасан хаалт тавьжээ. Цохууд /Хингстон эл туршилтыг олон удаа хийсэн/ хаалтанд тулж очоод түүнийг давж гарах гэж оролджээ. Нэг нь ч гэсэн цаасан хаалтыг тойрч гарч болно гэж төсөөлөхгүй, хаалтыг шууд дайран довтолж байжээ. Гурван өдрийн турш дайрч гарах гэсэн бүтэлгүй оролдогоо орхисонгүй. Дөрөв дэх өдөр үүр рүүгээ шууд орох аргагүй болсон олон цох бөөрөнхий бөмбөлгөө хаяжээ. Гэвч энэ ашиггүй оролдлогыг үлдсэн хэсэг нь дараагийн өдрүүдэд давтан үргэлжлүүлжээ. За яах вэ, та бүхэн цохыг тэнэг амьтан гэж бодож болох  л юм. Харин ганц бие хэдгэний үйл ажиллагаа гоц <<ухаан>> шаарддаг байна. Тэд янз бүрийн хорхой шавьж, олонх нь аалз ч агнадаг ажээ. Шавьжийг хатгуураараа хатган саажуулж муужруулаад үүрэндээ авчирдаг. Эхлээд <<нөөцөлж>> буй шавьж юм уу аалзныхаа бие дээр өндөглөөд үүрэндээ булна. Г.У.Хингстон биднийг зөн билгийн сохорт итгүүлсэн ийм энгийн туршлагыг энэ уран <<мэс засалчид>> дээр хийжээ.

Хэдгэнийн авчирч дээр нь өндөглөсөн амьтныг үүрнээс нь гаргаж авсан байхад хэдгэнэ үүрээ хаах гэж байжээ. Тэр, үүрээ хоосон гэдгийг анзаарсан болов уу? Үгүй, юу ч болоогүй юм шиг үүрээ булчихсан байна. Энэхүү туршилтыг хийж байхад хэдгэний нэг нь агуулахаа хааж байх үедээ тэндээс гаргасан идэштэйгээ тааралдсан боловч түүнийг огт анзаарсан шинжгүй үүрээ бөглөх ямар ч үр дүнгүй ажлаа үргэлжлүүлсээр байжээ.

Балт зөгий үүрээ модонд холтосны нь өнгөтэй тохируулан засдаг тул ажилахад бэрх байдаг. Гэвч хаа нэг үүрээ орон сууцны задгай зуухны өнгөлсөн гадарга буюу модон эдлэл дээр зассан байх ч удаа бий. Ингэж зассан үүрийн өнгөлсөн модны өнгөтэй тохируулж чаддаггүй аж. Энэ нь зөгийнүүд өнгөлөн далдлахаа больсон хэрэг үү? Яалаа гэж дээ. Тэд оюун ухаанаар биш зөн билгээр өнгөлөн далдалсаар буй боловч энэ тохиолдолд сайн болохгүй үүрээ мэдэгдэхүйц болгож байгаа хэрэг буй заа.

 Дромий наймалжийн хувьд өнгөлөн далдлах арга ердийн зүйл юм. Эдгээр нь бүхий л амьдралаа <<өнгөлөн далдлалтын нөмрөгөн>> доор өнгөөрөөдөг байна. Нэг хэсэг нь тэнгисийн ёроолоос авсан дунгаар өөрийгөө хучдаг бол, нөгөө хэсэг нь далайн хөвсгөр биетнээр далдалдаг ажээ. Мөн усны замгийн хачиг юм уу усны ургамлын урыг хавчуураараа таслан хойд хөлөөрөө хавчин биеэ хучиж бут болон хувирах жишээтэй юм.

Наймалж аквариумд, замаг ургамлын урын аль нь ч байхгүй үед янз бүрийн хог цуглуулан нуруугаа хучдаг. Аквариумд өнгөлөг өөдөс хийхэд наймалж  түүнийг аваад нуруун дээрээ тавьж гоёдог. Энэ нь далдлалтыг илрүүлэх боловч наймалж үүнийгээ хэрхэн мэдрэх билээ.

Шувууг байхгүй үед үүрийг нь өөр газарт зөөж тавибал олон шувуу төөрөлддөг. Үүрэндээ эргэж ирсэн шувууд нь үүрээ байсан газраа л хайх бөгөөд нэг метр юм уу бүтэн хагасхан метрт байгаа үүрээ үл хайхарна. Хуучин байранд нь үүрийг нь тавих юм бол тэд юу ч болоогүй юм шиг өндгөө даран сууна. Хэрэв үүрийг нь эргүүлж тавихгүй бол дахиад л шинэ үүр барина.

Шувууд өндгөө бас муу мэддэг. Бүргэд, нугас, тахиа, нь өндөгтэйгөө төстэй ямар ч хамаагүй зүйлийг дарж мэдэх ажээ. Өндөгнийх нь оронд хийсэн зүйл, жишээлбэл хун шилэн савыг, цахлай чулуу, теннисний бөмбөгийг дарахыг оролддог байна.

Цэцэрлэгийн зэржигэнийн үүрэн дэх өндгийг дууч харуулдайн өндгөөр сольжээ. Ингэсний дараа зэржигэнэ дахин нэг өндөг гаргажээ. Энэ өндөг үүрэнд нь байсан бусад өндөгтэй адилгүй байжээ. Зэржигэнэ <<сэжигтэй>> өндгөө анхааралтай харж байснаа гаргаад хаячихжээ. Зэржигэнэд өөрийн өндөг бусдын юм шиг санагджээ!

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours