Агаар бохирдуулж буй иргэнийг торгоно гэв

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын ахлах байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байна.

Тодруулбал, 2017-2018 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 6210 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хийж гүйцэтгэж байгаа аж.

Хяналт шалгалтаар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 101 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбуулж, 33  халаалтын зууханд үнс баригч тавиулж, гурван зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн 1478 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1501 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулснаар жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тн-р бууруулж, 1200-1400 тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлсэн гэжээ.

Иргэд хог, дугуй, хуванцар, ашигласан масло зэргийг шатаах үед диоксин, фуран хорт нэгдэл үүсэж, үнс хөө тортогтой хамт агаар, хөрсийг бохирдуулдаг байна. Диоксин, фуран хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болж байж хагас задарна. Хоол хүнс, агаар усаар дамжин хүний биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж гажигтай хүүхэд төрөх, дутуу төрөх, чихрийн шижин, сурах чадвар буурах, дархлаа сулрах, уушигны өвчлөл, арьсны өвчлөлүүдийг үүсгэдэг.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3,5 дахин зөрүүтэй байгаа судалгаа гарсан аж.

Дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж агаар бохирдуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг уриалав. Зөрчлийн тухай хуулиар агаар бохирдуулж буй хүнийг 50 мянгаас нэг сая төгрөгөөр, хуулийн  этгээдийг 500 мянгаас 10 сая хүртэл төгрөгөөр торгох ажээ.

С.Сүрэн

1 Comment

Add yours
  1. 1
    Altantsetseg

    Ger horoololiin ailuud hogoo , ugaadsaa , gertee tvlsen galiin ynsee il zadgai gudamjind hayj bn vniig hyanaj shalgadag horoonii ajiltan ch bdaggvi ger horoololiin ailuudiin gydamjaar mash ih hur hogtoi hogtoi bdag eniig ch gesen torgodog , hariutslaga tootsdog hayandag bh heretei tiim shiidber dvrem juram gargaj heregjvvleh heregtei bn ard tvmend oirhon , hamgiin engiin zvilees ehlej hiij gvitsetgej hyanaj bj l agaar bolon orchnii bohirdloos sergiilne shde

+ Leave a Comment