Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжихдээ 6 үзүүлэлтийг гол болгодог. Гэвч хүний эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөлтэй хүнд металлуудыг хэмжихгүй байгаа. Энэ нь хүн амын эрүүл мэндэд гарч байгаа сөрөг өөрчлөлтүүд болон бодитоор гарч байгаа эрсдэлүүдэд зөвхөн агаарын бохирдол буруутай гэхээс өөрөөс учир шалтгааныг нь тогтоож, хариу арга хэмжээ авах боломжгүйд хүргэсэн.
-Ургийн гажиг, зулбалт, хорт хавдрын өвчлөл агаар дахь хүнд металлын агууламжтай холбоотой-
Нийслэлд байх агаарын чанарын 15 суурин станцаар дамжуулан одоогоор хүхэр, азотын давхар исэл, том болон нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны хэмжээг тодорхойлж байна. Гэтэл ураг өсөлтгүй болох, зулбах, бага насны хүүхдийн өсөлт удаашрах, элдэв төрлийн хорт хавдраар оношлогдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаагийн томоохон шалтгаан нь хүний бие болоод цус хүнд металлын хордлогод орсных байдаг байна. Тэгвэл Монгол Улс хэзээ агаар дахь хүнд металлын хэмжээг тодорхойлдог болох талаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацралаас тодруулах гэсэн боловч “Би хуралд орлоо. Дараа цаг тохирч ир. Намайг утсаар хуралд дуудаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаар дахь хүнд металлыг нэмж хэмжих нь байтугай өмнө нь зургаан төрлийн хорт бодисыг хэмждэг байсан суурин харуулын төхөөрөмжүүд ажиллагаагүй болжээ.
Телевизэд байрлах энэхүү суурин харуул болоод Баянхошуу, Нисэх, Амгалангийн станцууд угтаа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын харьяанд байдаг юм.
Агаар дахь бохирдлыг хэмжих суурин харуулын төхөөрөмжийн тухай Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Одоогоор станцууд хэвийн үзүүлэлтүүдээ хэмжээд ажиллаж байгаа. Ямар нэгэн доголдол гарахгүйгээр хэмжилтээ хийгээд явах бүрэн боломжтой байгаа” гэв.
Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын агууламж түүний дотроос хар тугалгын агууламж 3 дахин их байгааг Хууль сахиулахын их сургуулийн судлаач өнгөрсөн жил тогтоосон. Гэтэл хүүхдийн цусанд хүртэл хар тугалга агуулагдаж байгааг мөн судалж илрүүлсэн юм.
-Хотын захад амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалга орон сууцныхаас 3 дахин их –
Судлаач, АУ-ны доктор Д.Нарансүх “Гэр хороололд амьддаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 10.8 микрограмм/дцл-ээр тодорхойлогдсон. Орон сууцанд амьдардаг хүүхдүүдийнх 3.5 микрограмм/дцл буюу агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдүүдийнхээс 3 дахин бага бохирдолтой гарсан” гэлээ.
Мэдээж хүний цусанд хар тугалга 10 байтугай нэгээр ч тоологдох ёсгүй. Зөвхөн хар тугалгын хэмжээг судлахад ийм байгаа бол бусад хүнд металл болох хүнцэл, хром, цайр, зэс, кадми зэрэг хүний биед хамгийн их хорт нөлөө үзүүлдэг хүнд металлын агаар дахь агууламж ямар байгааг хэмжихгүй байгаадаа баярлан санаа амар сууж үл болно. Тоосонцрын хэмжээг 1 удаад тодорхойлоход 40-50 мянган төгрөг зарцуулдаг бол хар тугалгын хэмжээг тогтооход 100-150 мянган төгрөг зарцуулах зөрүүнээс шалтгаалан хүн амын дундах хүнд металлын хордлогыг илрүүлэхгүй байгаа бололтой
+ There are no comments
Add yours