Дээд шүүхээс Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй хаусыг хураах шийдвэр гаргажээ

Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн энэ цаг үед тэвчиж болох бүхийг л зардлыг танахыг Засгийн газраас даалгасан. Гэвч төрийн мөнгөөр хэтэвчээ зузаатгадаг албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд олшрох болсон гэх таагүй мэдээ дуулддаг болсон. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар 2014-2016 онд захирлаар ажилласан Л.Пүрэвбаатар нь 130 сая төгрөгөөр лексус-570 автомашин болон 1.47 тэрбум төгрөгөөр амины орон сууцыг байгууллагын мөнгөөр худалдаж авсан аж.

Түүний дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд шүүх хурал Улсын Дээд шүүхийн Иргэний танхимд өчигдөр боллоо.

Л.Пүрэвбаатар УБТЗ-ын хөрөнгөөр худалдаж авсан 1.47 тэрбум төгрөгийн өртөгтэй уг хаус нь Хан-Уул дүүрэг буюу Зайсангийн аманд байрлах “Цэцээ гүн” хотхонд байрладаг бөгөөд 370 ам.метр гурван давхар хаус аж. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр уг албан тушаалыг хашихаар болсон байдаг.

Гэвч тушаал гарсан тэр өдөртөө Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатартай контрактын гэрээ байгуулжээ. Уг гэрээнд УБТЗ-ын даргад байгууллагын хөрөнгөөр хувийн орон сууц худалдаж авч өгөх ёстой. Мөн тав тухтай орон сууцаар хангах ёстой гэж заажээ. Эрх бүхий албан тушаалтнуудын тайлбарласнаар Төрийн өмчийн хорооны дарга нь УБТЗ-ын хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. Түүнчлэн байгууллагыг дангаар дур мэдэн төлөөлөх эрхгүй гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, УБТЗ-д 20-30 жил ажилласан ажилчдад нэг удаадаа дөрөв хүртэлх сая төгрөгийн тусламж үзүүлдэг байна. Ингэхдээ жилд 20 орчим ажилчин гээд тооцвол, жилд 80 сая төгрөгийн тусламжийг орон байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлдэг аж. Гэтэл Л.Пүрэвбаатар байгууллагын даргаар томилогдсон тэр өдрөө 1.47 тэрбум төгрөгийн өртөг бүхий орон сууцыг ганцаар эзэмшихийг санаархсан байна. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс шүүхэд гомдол гаргаж, уг хаусыг байгууллагын эзэмшилд шилжүүлж өгөхийг хүссэнээр дээрх маргаан үүсжээ.

Тэрбээр “Өнөр девелопмент” компанитай хийснийхээ дараахан 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Голомт”, “Худалдаа хөгжил банк”-ны данснаас шилжүүлжээ. Худалдан авах гэрээг яарч хийн тэр дор нь байгууллагын данснаас мөнгө шалтгаан нь 2015 оны нэгдүгээр сарын 20-ны дотор “Өнөр девелопмент” компанийн дансанд орон сууцны төлбөрийг 100 хувь шилжүүлбэл үндсэн төлбөрөөс 15 хувь хөнгөлүүлэх боломжтой байж. Тиймээс л орон сууцны үндсэн төлбөр болох 1,745,985,900 төгрөгөөс 15 хувийг нь хөнгөлүүлж, 1,484,253,0 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө шилжүүлсэн байна.

Дээрх орон сууцыг худалдаж авах зардал нь тухайн байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй учир хөрөнгийг зах зээлийн ханшаар худалдан борлуулж байгууллагын хохиролгүй болгох албан бичгийг тухайн үеийн Төрийн өмчийн хорооноос УБТЗ ХНН болон Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байдаг.

Зам тээврийн хөгжлийн яамнаас өндөр үнэтэй орон сууц худалдаж авсан нь тэвчиж болох бүхий л зардлыг танах Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн үйлдэл бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхохын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг дурдсан байдаг.

Үүнээс гадна уг орон сууцыг зах зээлийн ханшаар худалдаж байгууллагыг хохиролгүй болгох чиглэлийг УБТЗ-ын Ерөнхий хорооноос өгчээ. Гэсэн ч тэрбээр орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж, шүүхэд хандсан энэ. Шүүх бүрэлдэхүүн удтал хуралдсаны эцэст Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргалаа.

1 Comment

Add yours
  1. 1
    зочин

    дээд шүүх зөв шийдвэр гаргасан байна төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан завшихыг оролдсон нөхөдтэй хатуу тэмцэх хэрэгтэй

+ Leave a Comment