Барилгын ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Барилгын ослын улмаас хоёр хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 40 настай залуу ажлаа хийж байхдаа зургаан давхраас унаж амиа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачийн толгойд арматур зоогдож, эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрх нь зогсжээ. Энэ хэрэг Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд гарсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэлэхдээ “Долдугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн унаж гэмтлээ гэсэн дуудлага, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдсэн. Үүний дагуу хэргийн газрын үзлэг хийхэд тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын зургаан давхраас эрэгтэй 40 настай У унаж бэртэж, гэмтлийн эмнэлэг хүргэгдэх замдаа амь нас нь хохирсон хэрэг бүртгэгдсэн байгаа. Мөн Чингэлтэй дүүрэгт барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан” гэв.

Иймд аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлагатай байгаа юм. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулан шаардсаар байгаа ч энэ төрлийн хэргүүд гарсаар байгаа ажээ. Он гарсаар эхний зургаан сарын байдлаар барилгын осол зургаан удаа гарч зургаан хүн осолд өртөөд байсан юм. Иймээс барилгын ажил үргэлжилж байхад аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах, ажилчид нь өөрсдийнхөө аюулгүй байдлын хангадаг байх шаардлагатай байгааг хууль хяналтын байгууллагаас сануулжээ.

+ There are no comments

Add yours