Бэмби сайн яваа…

Хустайн нурууны их сүргийг төлөөлөн баруун зүг 1000 км аялсан Бэмбиг таних уу? Өнгөрсөн хавар, дөнгөж төрсөн бяцхан Бэмби ах, дүү арвуулаа Хантайширыг зорин аян замд гарснаас хойш нэг жил нисэн өнгөрчээ. “Алтайн халиун буга” төрийн бус байгууллагынхан сүрлэг Алтайдаа буга урамдахыг сонсгохоор энэ ажлыг эхлүүлсэн аж. Евро Азийн халиун бугын тархац нутгаас алслагдсан хоёр голомтын нэг нь Хантайшир, Хар азаргын нуруу бөгөөд цус ойртолт, давжаарал зэрэг үндсэн шалтгаанаас гадна хулгайн анчдын хүйтэн саварт өртөн цөөрсөөр их Алтай бугын дуугүй арваад зуныг үдсэн билээ. Монгол даяар 140 мянга байсан халиун буга арваадхан мянга болтлоо цөөрсөн гэхээр арга ч үгүй юм. Ямартай ч ах дүү арвуулаа Хустайгаас мордож, Их Алтайд нутагшсан бяцхан илий буюу янзаганууд хүйтэн өвөл, тарчиг хаврыг даван зунтай золгочихоод байгаа нь энэ.
Тэд томоос том үүрэгтэй. Хангай дэлхийг сэрээдэг бугын дуугүй болсон хөглөгөр Алтайн халиун бугын сүрэгт хаа холын Хустайгаас цус, гени, хүч, итгэл авчрах зорилготой. Бас тарамдсан сүргийг цуглуулж, Хар азаргын нуруунд ганцаардаж яваа согоонуудад хань болж, ханаа дугуйлна гэж байгаа. Хоёр гуравхан жилийн дараа үр төл нь үржиж өсөөд, өндөр Алтайд минь сүр нэмнэ. Буга урамдахыг сонсох цаг буянт Алтайд буцаж ирнэ. Өнөө жил Алтайн халиун бугынхан дахин 10 янзага Хустайгаас зөөн нутагшуулах зөвшөөрөл авчээ. Мянган км-ын их аяныг туулах, ус худаг гаргах, хашаагаа томруулах, вакцин, өвс тэжээл гээд тоочоод байвал тоймлошгүй их зардалтай энэ ажил дахин үргэлжилнэ. Ах дүү, найз нөхдийн тус дэмээр ямартай ч амжилт олж, нэг жилийн үр дүнгээ тайлагнаж буй Алтайн халиун бугын залууст дэмжлэг хэрэгтэй.
Бэмби болон түүний найзуудад хүний гараас гарч, байгалд хөл тавихад нь тусламж хэрэгтэй. Бэмби ганцаардахгүй. Гэхдээ тэр өвддөг, өлсдөг, цангадаг. Тиймээс Хантайширыг арлан өсч буй тэдэнд туслаарай. Хөглөгөр Алтайд хүний тус хэрэгтэй байна. Будант Алтай бугын дуугүй өнчирч байна. Хантайширт минь нутагшин өөриймсөж буй Бэмби болон түүний найзууд таны сэтгэлээр дутаж байна. Тэгээд хэзээ ч юм нутаг усаа зориод очихдоо буга урамдахыг та сонсох болно. “Баярлалаа, би сайн явна аа” гэж чимээ өгч байгаа нь тэр шүү. Бэмби болон түүний нөхдөд туслахыг хүсвэл Хаанбанк 5166382915. Алтайн халиун буга Төрийн бус байгууллага шүү. Таны тус бас нэгэн Хустайн зочиныг Алтайд үлдээнэ.
Р. Эмүжин

+ There are no comments

Add yours