Төрийн албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх ажлын хүрээнд “Ёс зүй-Сахилга хариуцлга” сэдэвт сургалтыг энэ сарын 2-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзаж тодрууллаа.
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан сургалтад хамруулжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
– Төрийн албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах болон Монгол Улсын Ерөнхий сайд “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны нэгдүгээр албан даалгаврыг танилцуулах, түүний дагуу авах арга хэмжээний чиглэлээр үүрэг даалгавар өгөх зорилгоор “Ес зүй-сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт энэ сарын 2-нд зохион байгууллаа.
Сургалтад оролцсон хүмүүст Нийтийн ашиг сонирхолын зөрчил, Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оногдуулах хариуцлага сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Дуламсүрэн, Зөрчлийн тухай хууль үйлчлэх зарчим, үндэслэл, зөрчилд ногдуулах шийтгэл сэдвээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Уртнасан нар хичээл зааж, ёс зүйн мэдэгдэл гаргууллаа.
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Нийслэлд энэ чиглэлд ямар ямар ажил явагдаж байгаа вэ?
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн нутгийн удирдлагуудын байгууллагууд дэмжиж ажиллаж байгаа. Нийслэлийн хувьд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авлигагүй Улаанбаатар” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Албан тушаалтан үүргээ гүйцэтгэсний төлөө иргэн танаас хууль тогтоомжид зааса албан татвар, төлбөр, хураамж өгөх, авахыг шаардсан бол Нийслэлийн Засаг даргын эрх бүхий албан тушаалтны “Авлигыг мэдээлэх” 11-326678 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой болсон.
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа зарим харьяа байгууллагын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн болон явцын үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсан юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа зарим харьяа байгууллагын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн болон явцын үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсан.Хөндлөнгийн үнэлгээ хийх байгууллагыг сонгохдоо нийслэлийн нутгийн захиргааныы байгууллагуудад хандаж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдыг судалж, хамгийн их өргөдөл, гомдол ирүүлсэн дөрвөн байгууллага болох Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг сонгон үнэлгээ хийсэн.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил салбаруудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжинд явцын үнэлгээ хийлгэх ажлыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарыг байгууллагын цахим хуудсаар 14 хоногийн хугацаанд нээлттэй зарласан байгаа. Үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад “Оюунлаг бизнесийн төв” ТББ, “Оператив судалгааны төв” ТББ саналаа ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан Зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгарлуулах ажлын хэсэг хүсэлт ирүүлсэн хоёр байгууллагын материалыг судалж, танилцсанаар ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага, хүний нөөцийн чадавхи зэрэг үндсэн шаардлагыг хангаж байгаа “Оператив судалгааны төв” ТББ-ыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажилласан.
+ There are no comments
Add yours