Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дэмжжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулах, томилгооны асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн хүсэлтээ өгсөн байна.

УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн учраас тэрбээр албан ёсоор УИХ-д хандаж байгаа гэж өөрөө мэдэгдлээ. Гэхдээ түүний нэрлэсэн, гарын үсэг зурсан гэх гишүүдийн нэрс 18 болоод байна.

Ж.Батзандан гишүүн ‘Нийтийн сонсгол бол Монгол Улсын хуулийн дагуу хийгдэж буй үйлдэл. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т  “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд би санаачлага гаргаж, нийтийн сонсгол явуулахыг хүсч байгаа’ гэлээ.

Элчин сайдад нэр дэвшиж байгаа Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дараах гишүүд дэмжжээ. (Ж.Батзандан гишүүний хэлснээр)

  • УИХ-ын гишүүн Л.Болд
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  • УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Г.Солтан
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн О.Батнасан
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Тагнуулын ерөнхий газрын экс дарга Б.Хурцын томилгоог эсэргүүцэж буй Ж.Батзандан гишүүн саяхан мэдээлэл хийхдээ “Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй хувийн маргаан, зөрчилгүй. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авч ирсэн. Тэр хүний ар гэрийнхэн ‘Б.Хурцаас болж манай Д.Энхбат нас барсан’ гэж гомдол мэдүүлдэг. Энэ асуудлаасаа болж Б.Хурц Европын холбоонд нэвтрэх эрхгүй болсон. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас хулгайлж ирсэн хэргийг дахин шалгах ёстой гэж би боддог. С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч захиалагчийг нь одоо болтол тодорхой болгохгүй байна. С.Зоригийн хэргийн захиалагч тодорхой болохоос нааш УИХ Б.Хурц гэдэг хүнийг албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцэх нь утгагүй” гэж байр сууриа илэрхийлсэн.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувьд нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн ба ‘Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан түүн шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргажээ.

 

+ There are no comments

Add yours