Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг гишүүд дүгнэлээ

Сонгуулийн дараа бүрэлдэн тогтсон шинэ парламентын намрын чуулган эхлээд удаагүй байна. Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөгдөөд буй хуулиудын талаар гишүүдэд өөрийн байр сууриа хүргэсэн юм. Тэрээр энэ удаагийн чуулганаар төсвийн тухай хуулийг тал бүрээс нь харж байж батлах ёстой гэдгийг гишүүдэд сануулахын сацуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн юм. Уг хөтөлбөр олон нийтийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа нь үнэн. УИХ-ын гишүүд ч нийгмийн гаж үзэгдэл болж хувираад буй авлигатай тэмцэхэд зайлшгүй шинэ төсөл, хөтөлбөр хэрэгтэй гэсэн санааг удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ. Ингээд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Ж.Батзандан: Ойрын хугацаанд яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй

-УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлт дээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ гэж хэлсэн. Та Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцсан уу?

-Ажлын хэсэгт нь орох бодолтой байна. Энэ асуудлыг ганц өнөөдөр яриад эхэлсэн зүйл биш юм. Уг асуудлыг өнгөрсөн Засгийн газрын үед ч яригдаж байсан. Аливаа том бодлогыг хөтөлбөр гаргахгүйгээр хэрэгжүүлэх боломж байхгүй. Бид өнгөрсөн хугацаанд НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад авлигатай тэмцэх хөтөлбөртэй байна гэсэн амлалт өгсөн. Тиймээс бид тэр амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Авлига бол Монголын нийгмийн чөдөр тушаа болж ирсэн. Тийм учраас авлигатай тэмцэхдээ бодлогоо илүү тодорхой, илүү өндөр түвшинд гаргаж ирэх шаардлага тулгараад байна.

-Энэ хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай гэж Та бодож байна уу?

-Ойрын хугацаанд яаралтай хэлэлцээд батлах нь зүйтэй. Дэмжих нь ойлгомжтой.

Б.Пүрэвдорж: Авлига өгсөн биш авсан хүн нь шийтгэгдэх ёстой

-УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлт дээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ гэж хэлсэн. Та Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцсан уу?

-Байнгын хорооны гишүүний хувьд уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт багтсан. Би энэ ажлын хэсэгт ганцхан зорилгоор орсон. Энэ нь юу вэ гэвэл авлига өгсөн нь биш авсан хүн нь шийтгэгдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, хамгаалахын тулд юм.

-Энэ хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай гэж Та бодож байна уу?

-Авлига бол энэ нийгмийн хамгийн хортой зүйл. Тиймээс авлигыг таслан зогсоох үүрэг нь бидэнд оногдоод байна. Уг хөтөлбөрийг ойрын хугацаанд хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй.

С.Эрдэнэ: Хүний эрхийг хамгаалсан хөтөлбөр батлуулах хэрэгтэй

-УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлт дээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ гэж хэлсэн. Та Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцсан уу?

-Одоогоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр оруулж ирж танилцуулсан зүйл алга байна. Их Хурлын дарга хэлэлцэж шийдвэрлэнэ гэж чуулганы нээлт дээр л хэлсэн байгаа. Ер нь нэг дарга гарч ирээд л үндэсний хөтөлбөр гээд сүржин юм батлуулаад явдаг шүү дээ. Гол нь энэ хөтөлбөр үр дүнтэй байх ёстой. Эдийн засгийн аюулгүй байдалд муугаар нөлөөлж буй хамгийн гол зүйлийг авлига гэж үзэж байна. Тиймээс уг асуудлыг хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Түүнээс биш хөтөлбөр батлууллаа гээд баахан иргэдийг ажилгүй болгоод аж амьдралаар нь тоглоод байж болохгүй. Тиймээс аль аль талаас нь харж байгаад авах, гээхийн ухаанаар хандаж алдаа мадаггүй хөтөлбөр л батлах хэрэгтэй.

-Энэ хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай гэж Та бодож байна уу?

-Хамгийн гол нь хүний эрхийг хамгаалсан хөтөлбөр л батлуулах хэрэгтэй. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад барьж хориод хэрэг хүчээр тулгадаг. Эсвэл гэм буруутай мэтээр баахан “цоллож” байгаад сүүлдээ яасан нь мэдэгдэхгүй чимээгүй болдог энэ зүйлийг болих хэрэгтэй. Гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд л олон нийтэд зарлаж, саатуулах ёстой. Хуулийн нэр барьж хүний нэр төрд халдах асуудлыг зогсоох цаг болсон. Тиймээс эрх зүйн орчныг хуулийн хүрээнд зөв зохистойгоор яаралтай бий болгож өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: Г.Лхагваа

+ There are no comments

Add yours