Saturday, April 27 2024

Ж.Батзандан: Б.Хурцын томилгоогоор нээлттэй сонсгол явуулах санал гаргана

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Б.Хурцыг ТЕГ-ын даргаас чөлөөлж БНСУ-д Элчин сайдаар томилох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрээр “ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй би хувийн маргаан, зөрчилгүй. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авч ирсэн. Тэр хүний ар гэрийнхэн “Б.Хурц гэдэг хүнээс бол манай Д.Энхбат нас барсан” гэж гомдол мэдүүлдэг. Энэ хэргээсээ бол Б.Хурц Европын холбоонд нэвтрэх эрхгүй болсон. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас хулгайлж ирсэн хэргийг дахин шалгах ёстой гэж боддог. Мөн С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч захиалагчийг нь одоо болтол тодорхой болгохгүй байна. Энэ хэргийн захиалагч нь тодорхой болохоос нааш УИХ Б.Хурц гэдэг хүнийг албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцэх нь утгагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажлыг зохион байгуулсан хүн нь манай алдарт тагнуулч Б.Хурц. УИХ Нээлттэй сонголын тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуульд УИХ-аас томилогддог албан тушаалтнуудтай холбоотой хардлага иргэдийн дунд байгаа бол томилгооны сонсгол явуулж болно гэсэн заалт бий. Томилгооны сонсголыг УИХ-ын 19 гишүүн санаачилж явуулах хуулийн зохицуулалттай. Б.Хурцын томилгоотой холбоотой нээлттэй сонсгол явуулах санал санаачилгыг миний бие гарган ажиллах болно” гэв.

Тэрээр дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таны саналыг дэмжих гишүүдийн тоо 19 хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-19 хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хүрэхгүй бол УИХ Б.Хурцын томилгоог олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг хүсэхгүй байна гэсэн үг.

-Та энэ асуудлаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой санал солилцсон уу?

-Би Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзсан. Энэ хүний асуудлыг яриахаар УИХ-ын гишүүд айсан, барьцаалагдсан шинжтэй байдаг. Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогчоос айж явах юм бэ. Зарим хүн “Б.Хурцыг Элчин сайдаар томилж зүгээр холдуулах гэж байгаа юм. Холдуулахгүй бол цаадах чинь бөлдөгдөөд байдаг юм” гэж хэлж байна. Бөлдөгдүүлсэн улстөрчдийн сэтгэлийг хангахын тулд БНСУ-ын Элчин сайдаар явуулах юм гэнэ ээ.

Н. Солонго

+ There are no comments

Add yours

You May Also Like: