Сүүлийн үед түгшүүр, жигшил төрүүлсэн мэдээ, мэдээлэл тасрахаа болилоо. Бага насны охидыг хүчирхийлсэн, завдсан гэмт үйлдлүүдэд иргэд эмзэглэж байгаа хэдий ч төр, засаг, хууль хяналтын байгууллагынхан нүдэн балай, чихэн дүлий таг чиг суусаар.
“Дуугүй байх нь хүлээн зөвшөөрч байгаагийн шинж” ч гэдэг. Яагаад хэлгүй мэт байна вэ.
-Эцсийн үнэнийг шүүх тогтоогоогүй байхад… гэсэн бэлэн байдаг утгагүй тайлбар хэлэхээсээ ч ичдэггүй улс шүү дээ.
Нэгэнт олны сэтгэлийг сэртхийлгэсэн мэдээ, мэдээлэл цацагдсан бол түүний бодит байдлыг хуулийн дагуу мэдээлж, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг нь аль ч хуулийн байгууллагад байдаг. Гэвч “… шинжээчийн дүгнэлт гараагүй”, “… нотлох баримт хангалтгүй” гэх мэтчилэн шалтгаан биш, шалтаг тоочдог.
Гэмт үйлдэл, гэмт хэргийг эхнээсээ үнэн бодитоор мэдээлдэггүй нь хуулийнханд тус болохоосоо ус болох нь их. Мэдээллийг нууж, цаг хугацаа авах тусам тэр гэмт хэрэг, гэмт үйлдэл бүдгэрч, замхрах, замхруулах боломжийг олгодог гэх хардлага олны дунд байдаг. Энэ хардлага ч үнэний хувь ихтэй. Нууцлаад, дараад ирэхээрээ л хэрэг биш болдгийг харуулсан, нотолсон олон баримт хэлж чадна.
Таван настай охин хүчирхийлүүлсэн тухай шуугианыг шинжилгээний мөнгө нэхсэн асуудал болгоод намжаачихлаа. Гэмт үйлдлийн эзний бузар үйлдэл хийгээд түүнд ногдуулах шийтгэлийн талаар хэн ам ангайсан юм бэ.Тэрхүү гэмт этгээд хэн гэгч вэ гэдгийг олон нийтэд таниулахаас айгаад байгаа юм уу.
Тээж төрүүлсэн ээж нь яагаад тэр хөөрхөн амьтныг авахгүй гэсэн юм бэ… Энэ олон асуултын хариуг нэхэхийн учир нь сонирхуулах, мууд дурласандаа биш. Олон нийтэд дохио, сургамж өгөх үүднээс үнэн зөв мэдээллийг тухай бүр өгвөл сэрэмжлүүлэг болох учиртай.
Үхтэл үр харам байдаг болохоор монгол эхчүүдийн төлөөлөл л сошиалаар өөрийн бодлоо хэлж, халаглахаас өөр хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалтан ам нээсэнгүй. Ам нээлгэх гээд байгаагийн учир нь Үндсэн хуулинд заасны дагуу “Эрүүл… аюулгүй орчинд амьдрах” баталгааг хэрхэн хангаж, ажиллахыг сонсмоор байна. Бас “Амьд явах” баталгаа байгаа эсэхдээ итгэж ядсан ирээдүй хойч үеийнхэндээ Монгол төр үнэн үгээ хэлэх учиртай.
Хэрэв сонгууль дөхчихсөн юм уу эсвэл аль нэгэн албан тушаал, сэтэр нүдэнд нь харагдаад нойр нь хүрэхээ больчихсон цаг үед хүчирхийллийн энэ гэмт үйлдлүүд гарсан бол улс төрөөр нүүрээ тахлах дур сонирхолтой хүмүүс яаж гүйж яваа бол. Зарим нь стратегийн өмгөөлөл хийнэ байна гээд телевизийнхэн болоод үзэгчдийг залхтал гүйж байгаа. Зарим нь гадаадаас экспертиз дуудна, би мөнгө хөрөнгийг гаргана гээд цээжээ дэлдээд зогсч байгаа. Уучлаарай, энэ бол доромжлол юм уу үнэнээс зөрсөн төсөөлөл биш шүү. Сонгогч, олны тархийг угааж, санал авахын тулд юу ч хийхээсээ буцахаа больчихсон дүр зураг чинь ингэж харагдаад байна. Санал авах гээд гүйж байгаа шигээ сонгогчдын буюу энгийн иргэдийн төлөө дуугараач, ажиллаач гэдгийг л хатуухан хэлэх гэсэн юм.
Хүчирхийллийн тухай хуультай болсон нь сайн ч цоорхой болсон уу, зориуд цоолсон уу, амьдралд хэр нийцэж байгааг нь харуулаад өгчихлөө.
Хууль тогтоогчид, хууль сахиулан хэрэгжүүлэгчид минь хүчирхийллийг дарж, устгаж өгөөч. Хөөрхий охидод айх аюулгүй, эрүүл, амьд явах баталгаа байна уу.
Р.Батболд
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
