САЛБАРТАА “ХӨДӨЛГӨӨН ХИЙНЭ” ГЭДГЭЭ САЙД НАР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн баасан гарагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. 90 жилийн түүхтэй,намын дотоод асуудлаа ханцуй дотроо хадгалж чаддагаараа алдартай МАН-ын хувьд дангаараа төрийн эрх барьсан хэдий ч дотоод хагарлаасаа болж нам доторх бүлгүүдийн “зодоон” анх удаа олон нийтэд ил болж, түүгээр барахгүй нэг намын хамтарсан Засгийн газар гэсэн шинэ нэрийг бий болгосон нь түүхэнд бичигдэх үзэгдэл болов.
Түүгээр зогсохгүй 60 тэрбумын аархал гэгч зүйлээр ард иргэдийнхээ зэвүүцлийг “тултал” амссан тус намынханд өнөө хэр итгэл үзүүлэхгүй гэдгээ олон нийт илэрхийлсэн энэ үед шинээр байгуулсан Засгийн газрын гишүүд хариуцсан салбартаа хэр шударга ажиллаж, өмнөх Засгийн газрын гишүүдийнхээ унагаасан шавраас хэрхэн гаргахыг харж, хүлээж буй.
Ингээд манай сэтгүүлч, баасан гарагт ажлаа хүлээж авсан салбарын сайдуудаас хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа болон албан хаагчдын хүний нөөцийн асуудалд хэрхэн хандаж ажиллах талаар тодруулсан юм. Шинэхэн сайд нараас асуусан асуултууд нэг ижил. Харин хариултууд ямар байсныг уншигчиддаа хүргэе?

Н.ЭНХБОЛД: ОДОО БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ АЖИЛЛААД ҮЗНЭ…

-Батлан хамгаалахын сайдын хийх эхний ажил юу байх бол. Салбарынхаа хүний нөөцийн асуудалд хэрхэн хандаж байгаа вэ. Халаа сэлгээ хийх үү?
-Надаас энэ асуултыг асуусан хоёр дахь сэтгүүлч та боллоо. Надаас тийм хандлага харагдаад байна гэж үү. \инээв\ Батлан хамгаалах яам, цэргийн байгууллага нь онцгой, тусгай нарийн мэргэжлийн чадвар шаардсан салбар. Миний хувьд одоо очоод тэгнэ ингэнэ гэсэн бодол алга байна. Ямартай ч одоо байгаа баг, хүмүүстэй ажиллаад үзнэ… Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс бүх юм хуулийн дагуу ном журмын зарчимтай байх ёстойг шаардаж байгаа. Батлан хамгаалах яамны хувьд цэргийн байгууллага өөрөө нарийн дэг журамтай. Дээр нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр хуулиуд байна. Энэ хүрээнд ажиллаж чадах хүмүүстэйгээ л ажиллана. Дахиад хэлэхэд нарийн чадвар, туршлага шаардсан салбар. Юу юуны түрүүнд очингуутаа баг бүрдүүлж байна гэдэг нэрээр олон хүн хөдөлгөх боломжгүй салбар юм.

Ч.ХҮРЭЛБААТАР: СӨРӨГ ХҮМҮҮСТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ

-Сангийн сайдын хийх эхний ажил юу байх бол. Салбарынхаа хүний нөөцийн асуудалд хэрхэн хандаж байгаа вэ. Халаа сэлгээ хийх үү?
-Сангийн яамнаас ойрын үед хийгдэх ажлууд нь 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв байгаа. Харин албан хаагчдын хувьд хууль бус ажиллагаанд оролцсон төсөв бүрдүүлэхэд сахилга бат алдсан. Сөрөг ажилд гар бие оролцдог, өдөөдөг, дэмждэг хүмүүстэй хамтарч ажиллах боломжгүй.
-Багш эмч нарын цалинг нэмэх асуудлыг ирэх 2018 оны төсөвт тусгах боломж байгаа юу. Он гараад Бондын өрийг яаж төлөх вэ?
-Өнөөдөр Ерөнхий сайдтай уулзахдаа энэ асуудлыг хөндөж ярьсан. Өмнө байгуулсан ОУВС-тай байгуулсан хөтөлбөр дотор 2019 оныг дуустал цалин нэмэхгүй гэсэн амлалт өгчихсөн байгаа. Гэхдээ энэ асуудал бол одоо байгаа нөхцөл байдалтай зохицохгүй байгаа учир энэ талаар санал бодлоо илэрхийлсэн. Бондын өрийн тухайд, 2018 оны 01 дүгээр сарын 3-нд 500 сая ам.доллар, гурван сарын эхээр 166 сая гаруй ам.долларыг Монгол Улс төлөх ёстой. Бондынхоо хугацааг сунгах боломж байгаа ч энэ асуудал эрсдэл дагуулна. Үндсэндээ техникийн хувьд деполд болчихсон гэж үзэж байгаа учир хүү өсөөд явчих эрсдэлтэй. Тэгэхлээр яах аргагүй шинэ бонд гаргаад явах нь илүү оновчтой болов уу гэж би бодож байна. Яагаад гэвэл одоо яг эрдэс бодисны үнэ өсчихсөн байгаа.

САЙД Д.ЦОГТБААТАР: АРЫН ХААЛГААР ШУРГАЛСАН, ШАХААСНЫ ХҮМҮҮСТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХГҮЙ

-Гадаад хэргийн сайдын хийх эхний ажил юу байх бол. Салбарынхаа хүний нөөцийн асуудалд хэрхэн хандаж байгаа вэ. Халаа сэлгээ хийх үү?
-Гадаад бодлогыг эдийн засагжуулах, Монголд ажлын байр бий болгох, Монголын эдийн засгийн хөгжилд гадаад бодлого хөшүүрэг болж байх ёстой. Яг энэ өнцөгөөс нь ажиллана гэж төлөвлөж байна. Гадаад хэргийн яам бол төрийн тусгай алба. Энэ утгаараа, мэргэшсэн, тусгай нарийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Мэргэжлийн хүмүүсээ хүндэтгэх ажилдаг байх ёстой. Тэр утгаараа мэргэжлийн хүмүүст айх айдас байхгүй. Арын хаалгаар шургалсан ажлаа мэдэхгүй, дарга нарын шахаасаар орсон тийм хүмүүс байгаа бол энэ дээр боловсон хүчний асуудал яригдана.

С.ЧИНЗОРИГ: НАДАД ХҮН АЖЛААС НЬ ХАЛАХАД ЗОРИУЛАХ ЦАГ БАЙХГҮЙ

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хийх эхний ажил юу байх бол. Салбарынхаа хүний нөөцийн асуудалд хэрхэн хандаж байгаа вэ. Халаа сэлгээ хийх үү?
-Миний хувьд Засгийн газрын хуралдаанаар 2017, 2018 оны гурван талт улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах, цалин нэмэх ямар арга байна гэдгийг нийслэлийн байгууллага, үйлдвэрчний байгууллагуудтайгаа хэлэлцэхээс ажлаа эхэлнэ. Тиймээс надад баг бүрдүүлэх асуудлыг эхний ээлжинд ярих боломж, цаг хугацаа, алга. Төрийн албан хаагч багш, эмч нар цалин нэм гэсэн шаардлага тавьж, хугацаагүй ажил хаялт хийх гэж байхад надад яамандаа боловсон хүчний хөдөлгөөн хийх цаг хугацаа байхгүй гэсэн үг.

Ц. НЯМДОРЖ: ЗАРЧМААСАА ХАЗАЙСАН БОЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙНЭ

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийх эхний ажил юу байх бол. Салбарынхаа хүний нөөцийн асуудалд хэрхэн хандаж байгаа вэ. Халаа сэлгээ хийх үү?
-Салбарын сайдын хувьд ажлаа эхлүүлээд явж байгааг харсан байх. Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн байгаа. Эхнээсээ өгсөн үүргийнхээ хариуцлагыг нэхэж эхэлсэн. Хүний нөөцийн хувьд, хууль журмын дагуу ажлаа хийж байгаа хэнийг ч халах, солихыг зорилгоо болгохгүй. Харин хууль номоос гадуур ажилласан яриа чих дэлсээд байх юм бол засна аа засна. Бас олон жил миний доор ажиллаж байсан зарим хүмүүсийн бие, сэтгэл нь өөр болж, янз янзын байдлаар төрийн хэрэгт оролцсон зарчмаас хазайсан юм дуулдаад байгаа. Тэр хэрвээ үнэн бол бага зэргийн хөдөлгөөн хийнэ ээ.

Сэтгүүлч С.Нямбаяр

1 Comment

Add yours

+ Leave a Comment