Цалин хөлс нэмэгдүүлэх ГУРВАН ТАЛТ нэмэлт хэлэлцээ эхэллээ

Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр байгуулахаар өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард суулаа. Энэхүү хэлэлцээрийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм.

Гэвч уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор МҮЭХ-ноос нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг удаа дараа ирүүлсэн байна.

Мөн Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын ажилчид, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа юм.

Тиймээс нийгэмд тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ удаагийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг хийхээр болжээ.

Өнөөдрийн хэлэлцээрийн Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, МҮЭ-ийн төлөөллийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос оролцох бүрэлдэхүүнийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар тэргүүлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг“Багш,эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсаж цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь энэ хэлэлцээрийн гол зорилго юм.

Ер нь Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоог өөрчлөх байр суурьтай байгаа. Үнэнийг хэлэхэд, одоогийн мөрдөж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоо нь 1995 онд төрийн албаны тухай хуулийг анх батлахад тогтсон. Тэр хэвээрээ явж байгаа гэж ойлгож болно.

Тийм учраас Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг тэдний ажлын ачаалал, ур чадвараас нь шалтгаалж ялгамжтай авдаг болох тогтолцоо руу орох цаг нь болсон гэж үзэж байгаа. Энэ чиглэлийн зарим ажил хийгдэж эхэлсэн.

Мөн хувийн хэвшлийнхэнд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх дорвитой арга хэмжээ авахыг Засгийн газар төлөвлөж байна. Ингээд гурван тал улсын хэлэлцээр эхэлснийг мэдэгдье” гэв.

МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Хувийн хэвшлийнхэн эмч, багш нарын тавьж байгаа шаардлагыг цаг үеэ дагасан зөв зүйтэй шаардлага гэж үзэж байгаа. Шаардлагын хүрээнд хэрэв төр засагт боломж, нөөц нь байгаа бол хувийн хэвшилдээ хүндрэл учруулахгүйгээр шийдэхийг бид бүрэн дэмжиж байгаа.

Бид улс оронд нийгмийн тайван байдлыг хангахын төлөө ухаалгаар ажиллана гэж энэхүү хэлэлцээрт орж байна. Бидний гаргах шийдвэр, зөвшилцөл үр дүнтэй, шаардлага тавьж буй эмч, багш нарт өгөөжтэй, хувийн хэвшлээ дэмжсэн, тэтгэсэн байгаасай гэж хүсэж байна.

Тухайлбал өнөөдөр 48,000 эмч ажилчид төрийн болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа. Үүний цаана 21,000 хүнтэй 1,200 хувийн эмнэлэг байдаг. Хувийн эмнэлгүүдэд эмч нарын цалинг нэмэх боломж тун хязгаарлагдмал. Тиймээс асуудлыг бид 2 талаас нь авч үзэх ёстой” хэмээн ярилаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Энэ удаагийн хэлэлцээр нэлээн хүндхэн нөхцөлд болох байх. МҮЭХ болон төлөөллийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд дэндүү хүлээцтэй, ухаалаг хандаж ирлээ. Жагсаал цуглаан бол нийгмийн тогтвортой байдлыг хангаж байгаа нэг хэлбэр юм.Өнөөдрийн байдлаар багш, эмч нарын тэмцэл сануулах хэлбэрээр явагдаж байгаа. Мөн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талуудад боломж олгож буй том арга.

МҮЭХ өнөөдөр аргагүй эрхэнд энэхүү хэлэлцээрийг хийх саналыг тавьж урьсан. Харин Засгийн газар өнгөрсөн хугацаанд дэндүү удаан, санаачилга муутай байлаа. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөртэй нийлээд 3 хонож байна. Энэ хугацаанд тэд энэхүү хэлэлцээрийг эхлүүлэх шийдвэрийг 2 хоногийн дотор гаргаж болдог гэдгийг харуулж чадлаа.

Энэ удаагийн хэлэлцээрээс үр дүн гарна гэдэгт би итгэлтэй байна. Гаргах ёстой гэж бодож байна” гэлээ.

+ There are no comments

Add yours