Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээллээ.
Шалгалтын үеэр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодотгол хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зөрчлүүд болон үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй, химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зориулалтын газар хаяагүй, бүртгэлгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Нийт 43 аж ахуйн нэгжид шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага хүргүүлж, 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар тус газраас мэдээллээ.
НМХГ арьс шир боловсруулдаг аж ахуйн нэгжүүдийн ойр орчмын 340 газраас дээж авч шинжлэхэд:
- 114 цэг хүлцэх агууламжаас хэтэрсэн,
- 57 цэгт хортой агууламжаас хэтэрсэн,
- 33 цэгт аюултай агууламжаас хэтэрсэн гэх дүгнэлт гарсан байна.
Хортой ба аюултай агууламжаас хэтэрсэн цэгүүдийн эзлэх хувь нийт талбайн 26.4 хувийг эзэлж байгаа аж. Үүнийг Мэргэжлийн байгууллагаар шалгуулж ямар хэмжээний хөрсийг хэр гүн бохирдсоныг хөрөнгө гаргаж яаралтай нарийн тогтоолгох шаардлагатай гэж Д.Бат-Өлзий мэдэгдлээ.
Аюултай хог хаягдлын тухай шинээр батлагдсан хуульд тухайн аж ахуйн нэгж өөрөө тус хаягдлыг аюултай хог хаягдлын цэг дээр хаях ёстой гэж тусгасан байдаг.
Мөн Зөрчлийн тухай хуулинд нөхөн төлбөрийг тооцно гэж заасан ч төлбөр тооцох аргачлал хараахан батлагдаагүй байгаа юм байна. Энэ аргачлал батлагдвал тухайн аж ахуйн нэгж хэр хэмжээний ус, хөрсийг бохирдуулсныг тооцож, нөхөн төлбөр гаргах боломжтой болно гэж байлаа. Зөрчил илэрсэн ААН-үүдэд НМХГ өөрсдийн чадах хүрээндээ шаардлага хүргүүлж, 10 сая төгрөгөөр л торгоод байна.
+ There are no comments
Add yours