Таслан сэргийлэх арга хэмжээ авах таван тохиолдол…

2017 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөгдөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  УИХ-аар хэлэлцэн батлаад хэд хонож буй. Тус хуульд  батлагдсанаар гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдах юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана. Ингэснээр энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ гэсэн үг юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална. Гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ хэмээн заажээ.

Харин таслан сэргийлэх арга хэмжээг таван тохиолдолд авах юм байна. Үүнд, хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах, барьцаа авах, цагдан хорих зэрэг багтана. Таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөн байцаалтын явцад хувийн баталгаа гаргах,барьцаа авах тохиолдолд прокурор, мөрдөгч авах юм байна. Харин тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах, цагдан хорих тохиолдолд шүүхийн зөвшөөрлөөр авахаар тусгажээ.

 Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах боломжтой. Яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй юм байна. Харин хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах, хорлон сүйтгэх, төрлөөр устгах зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг шүүх зургаан сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болох аж.

 Сүүлийн үед хоригдсон иргэдийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид хууль бусаар цагдан хорьж байна гэх асуудлыг их тавих болсон. Тиймээс дараах тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авахгүй байхаар тусгажээ. Тодруулбал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглосон байна.

 Мөн өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно хэмээн тусгасан байна.

Энэхүү хуулийн давуу тал нь иргэд шүүхийн шийдвэрт эргэлзэж байвал гомдол гаргах эрхтэй юм байна. Тухайлбал, шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гурав хоногийн дотор гомдол гаргаж болно. Гомдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэнэ.Шүүх гомдлыг хянан шийдвэрлээд гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, гомдлыг хангахгүй орхих хоёрын аль нэг шийдвэрийг гаргана.Гомдол гаргагч шүүхэд хүрэлцэн ирээгүй нь шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй хэмээн заасан байна.

 Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг баримтад тооцохгүй болжээ. Учир нь манай улсад хэрэг тулган, хэрэг хүлээлгэх, хэрэг тохох зэрэг үйлдэл маш их гарч хүний эрхийг зөрчиж байгааг ихээхэн шүүмжилдэг. Тиймдээ ч энэ хуулийн 16.12 дугаар зүйлд “Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх” гэсэн заалтыг тусгажээ. Тодруулбал, эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн үг.

 Харин мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ. Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэх юм байна.

 Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна. Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хоригложээ.

 Гэмт хэрэг холбогдсон өсвөр насны хүүхдийг цагдан хорьвол зургаан цагийн дотор мэдэгдэхээр тусгасан нь энэ хуулийн бас нэг онцолмоор зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй. Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно хэмээн заажээ.

Ингэснээр өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг байлцуулж болох аж. Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг дуудахдаа түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчаар дамжуулан дуудна.

Хэрвээ албадан ирүүлсэн, баривчилсан, цагдан хорьсон бол түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид нь зургаан цагийн дотор мэдэгдэнэ.Баривчлагдсан өсвөр насны сэжигтэн, цагдан хоригдсон өсвөр насны яллагдагчийг баривчлагдсан 18 насанд хүрсэн хүн, цагдан хоригдсон 18 насанд хүрсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс тусад нь байлгана хэмээн заасан байна.

Энэхүү хуулиар сэтгэцийн өвчтэй хүн гэмт хэрэгт холбогдвол сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгох юм байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг.

 Хэрвээ прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргана. Сэжигтэн гэх нэр томъёо хэвээрээ байх бөгөөд мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна. Мөн сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас татгалзвал, түүнд тогтоолыг уншиж энэ талаар тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулж, сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно хэмээн заажээ.

Энэхүү хуулийн хамгийн ахиц дэвшилтэй нь хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаахгүй байх юм гэж хуульчид ам сайтай байна. Тодруулбал, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ. Мөн шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулах шийдвэр гаргаж болох аж. Шүүх хуралдааныг завсарлуулах тухай шийдвэрт завсарлах хугацааг зааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны товыг тогтоож, талууд, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэхээр тусгажээ.

Сэтгүүлч С.Баяр

+ There are no comments

Add yours