Гэгээнд нуугдсан гэр бүлийн хүчирхийлэл…

Гэгээнд нуугдсан гэр бүлийн хүчирхийлэл…

Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл ихэссэн. Ихэсэхээр барахгүй газар авсаныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн 40 настай эмэгтэй харуулав. Монголчуудад сүүлийн үед ихэд танил болоод буй  Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь бусдыгаа эрхшээлд байлгах зорилгоор  эрх мэдэл, хүч чадлын давуу байдлаараа далайлгаж, эрхшээлдээ оруулахыг хэлдэг” юм байна.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд хэн ч байж болно гэсэн үг.  Үүний бодит жишээ өндөр настай, өөрийгөө хамгаалах чадваргүй төрсөн эхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар дайран доромжилж дарамталсан тус үйлдэл юм. Гэр бүлийн хүчирхийлэл манай улсад албан ёсоор бүртгэгдэж ирсэн үе нь 1990 он гэнэ. Учир нь 1990 оноос гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хуулийн байгууллагад албан ёсоор бүртгэгдэж эхэлжээ.

 Гэр бүлийн орчин, хорих, түр саатуулах төв, боловсрол олгох бүх л орчин, ажлын байр, хамт олны хүрээнд хамгийн ихээр хүчирхийлэл үйлдэгддэг буюу дөрвөн төрөлд хувааж болно.

Гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл. Сүхбаатар дүүргийн иргэн 36 настай С. Нөхөр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Гэр бүл болоод 15 жил болж байгаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, харин нөхөр нь томоохон агентлагийн даргаар ажиллаж буй. Суусан цагаас эхлэн харддаг, хэл амаар доромжилдог байсан болохоор хоёр хүүхдээ гаргаад ажил хийх, нийгмийн харилцаанд орохоос бүрэн татгалзсан гэж болно. Гэртээ байхаар хардах нь болино, хэл ам хэрүл шуугиан тасарна гэж бодсон ч байдал өөрчлөгдөөгүй. Нөхөртөө зодуулсаны улмаас хоёр ч удаа зулбаж байсан. Нөхөр нь хардаж хэрүүл болох үеэрээ хазар, тамхины галаар төөнөх, цонхоор хаяна гэж сүрдүүлэх болж, өөрөөр хэлбэл хүчирхийллийн хүнд хэлбэр рүү шилжсэн. Хамгийн сүүлд хамрыг нь хугалж, хөмсгийг нь сэтлэн 13 настай төрсөн охиноо хэл амаараа доромжилж, зодсон. Мөн гэрлэлтээ цуцлуулж, салгабал байгаа газар нь очиж ална, хүүхдүүдээ тамална гэж удаа дараа сүрдүүлэх болсон учир хуулийн байгууллагад хандсанаар холбогдох хуулийн дагуу эрхээ хамгаалуулсан. Энэ бол бодит жишээ. Ийм жишээтэй адилхан хувь тавилантай олон эмэгтэй өнөөдөр Монголын нийгэмд “бүтэн гэр бүл” харагдах гэж хичээж, харин хичээсэн эмэгтэй эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж амьдарч байна.

Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнээ орон байр, хоол хүнс, хувцас хунар бусад эд хөрөнгө буюу хэрэгслүүдээс санаатайгаар салгах, тэдгээрт хохирогч хуулиар тогтоосон эрхтэй, өөрийн амьжиргааны эх үүсвэрт хяналт тавих, түүнээс хүртэх байдлыг хязгаарлах зэргээр гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл илэрдэг байна. Харин гэрлэлт цуцлагдсан тохиолдолд хүүхдэд олгогдох тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тэтгэлэг төлөгчийн орлогын хэмжээнээс үл хамааран амжиргааны баталгаажих доод түвшинг харгалзахаар тогтоосон нь хүүхдийн наад захын хэрэгцээг хангахгүйгээр барахгүй хүчирхийллийг тэвчин амьдрах, эсвэл хүүхдийнхээ хэрэгцээг хязгаарласан цөөн хэдэн төгрөгийн тэтгэлгээс өөр зүйлгүйгээр гэрлэлтээ цуцлуулах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийхээс аргагүйд хүргэдэг. Нөгөө талаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хангалтгүй байгаа нь эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэлгийнхээ хойноос хөөцөлдөж, гэрлэлт цуцлагдсан хойно ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нэг нөхцөл болж байгааг дурдах ёстой.

Гэр бүл дэх бие махбодийн хүчирхийлэл. 20 настай охин хоёр сар гаруй хамтран амьдрагчийнхаа гарт харамсалтайгаар тамлуулж байсаар эцэст нь амиа алдсан гашуун түүх 2014 онд болж байсан. Хайртай гэдэг үгэнд итгэж, хардаж байгаа нь намайг хайрласаных хэмээн итгэж явсан хөөрхий бүсгүй харгис хэрцгий этгээдийн гарт амиа алдахын өмнө эмнэлгийн тусламж авсан ч бүгд хожимдсон байсныг тухайн үеийн мэдээллийн бүхий л хэрэгслээр гаргаж байсан. Гэр орноосоо хол амьдардаг балчир охин хардаж тамлах нөхрийнхөө аяглал үйлдлийг гэрийнхэндээ хэлж санааг нь зовоохгүй хэмээн тэссээр амиа алдсан гашуун түүх…

Гэр бүлийн нэгэн гишүүн, нөгөө гишүүнээ зодох, хохирогчийг үхэлд хүргэж болох буюу үхэлд хүргэсэн бие махбодийн гэмтэл санаатай учруулсан, бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хохироосон, нэр төр, алдар хүндийг нь гутаасан, өөрийн биеийн хүч, чадал, аливаа зэвсгийг ашиглан эмэгтэйн бие махбодид гэмтэл учруулах, гэмтээх үйлдэл нь Гэр бүл дэхь бие махбодийн хүчирхийлэл юм. Хүчирхийлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлуудтай, тухайлбал архидалт, ядуурал зэрэг үзэгдлүүдтэй харилцан хамааралтай байна. Архидалт нь хүчирхийллийг дэвэргэхэд хүргэж байгаа гол нөлөөлөгч хүчин зүйлийн нэг юм. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байгаа нь гэр бүл дэхь бие махбодийн хүчилхийллийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болдог.

Гэр бүл дэх сэтгэл зүйн хүчирхийлэл. Гэр бүлийн нэг гишүүний үйлдэлтэй холбогдон гэр бүлийн нөгөө гишүүний сэтгэл зүйд нөлөөлсөн үгээр гутаан доромжлох, заналхийлэх, мөрдөн мөшгих, айлган сүрдүүлэх замаар өөртөө итгэх итгэлгүй болгох, өөрийгөө хамгаалах чадваргүй болгох, эмэгтэйг тусгаарлах, доромжлох, ичээх, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь хохирол учруулж болох буюу учруулсан хүчирхийлэл. Учир нь бие махбодийн дарангуйллаас гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй бүх эмэгтэйчүүд сэтгэл санааны хохирол эдэлдэг. Эхнэр болон найз бүсгүй, охиноо амийг нь хөнөөхөөр буюу хүнд гэмтэл учруулахаар заналхийлэх, хэрцгий харьцсаны улмаас эхнэрийгээ амь насаа хорлоход хүргэсэн гэмт хэрэг ч гардаг нь үүний баталгаа юм.

Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэл, байнгын дарамтад байх явдал эцэстээ эмэгтэйчүүдийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг. Энэ талаар эмэгтэйчүүдийн хорих ангид хийсэн судалгаа тодорхой харуулдаг. Тус хориход ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн 5 эмэгтэй тутмын 3 нь хамтран амьдрагчийн хүчирхийлэл, дарамтыг тэвчих аргагүй байдалд хүрсэний улмаас хүн амины гэмт хэргийг үйлдэгч этгээд болж, 15-аас дээш жилийн хорих ял эдэлж байдаг.

 Гэр бүл дэх бэлгийн хүчирхийлэл. Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ бэлгийн халдашгүй байдалд хууль бусаар халдах, түүнчлэн гэх бүл дэх насанд хүрээгүй гишүүний эсрэг бэлгийн шинж чанартай үйлдлийг хэлнэ. Нөхөр болон хамтран амьдрагчийн харилцааны явцад эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн олон хэлбэрийг гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хамтрагчийн хүчирхийлэл хэмээн нэрлэж тогтсон байна. Бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амьдралын бүх үе шатанд тохиолдож, гэр бүлийн хосууд, ойр дотны хүмүүс, төрөл төрөгсөд, танил найз нөхдийн хооронд, танихгүй хүмүүсийн зүгээс зэрэг маш өргөн харилцааны хүрээнд үйлдэгддэг бэлгийн харилцаанд албадах, эмэгтэйн зөвшөөрөлгүй, саналыг нь үл харгалзан харилцаанд оруулах, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг албадан бэлгийн харьцаанд оруулах, оруулахыг завдсан, дарамт учруулсан, согтууруулах ундаа, бусад мансууруулах бодисын нөлөөгөөр дээрх үйлдлийг хийсэн байхыг ойлгоно хэмээн хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, дорд үздэг нийгмийн хандлагаас үүдэлтэй үйлдэгддэг эрх мэдлийн гэмт хэрэг, хувь хүний аюулгүй, халдашгүй чөлөөт байдлын эсрэг үйлдэл юм. Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь хэн ч байж болох ч ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд, охид өртдөгөөрөө аюултай. Энэ гэмт хэргийн хохирол ганцхан бие махбодын  эсрэг дайралт биш, сэтгэл санаа, эрүүл мэндийн бүрэн бүтэн байдал, өөртөө итгэх итгэл, нэр төр, сэтгэл санаа, бие махбодын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг гэдгээрээ онцлогтой. Хүчин болон бэлгийн халдлага нь эрх мэдлийн гэмт хэрэг бөгөөд хохирогчийг эрхшээлдээ оруулах сэдэлтээр, эрх мэдэл, хяналтыг мэдрэх зорилгоор үйлдэгддэгч манай улсын хууль тогтоомжид хүсэл тачаалын гэмт хэрэг гэж үзэх агуулгаар хуульд тусгагдсан байдаг.

Хамгийн аймшигтай нь бэлгийн дур хүсэл нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэх шалтаг, тайлбар нь болдог байна. Хүчинг зөвхөн хурьцал гэж тооцдог. Хүчиндэх гэмт хэргийн бүрдэл нь хурьцал эхэлмэгц төгсгөл болно. Хүчингийн хэрэг ихэвчлэн итгэл эвдэх, хуурах, эрх мэдэл болон эдийн засгийн хувьд эрхшээлдээ оруулах аргаар үйлдэгддэгийг үл харгалзан зөвхөн хүч хэрэглэх, эсхүл хэрэглэхээр заналхийлэх үйлдлийг хүчинд тооцдог нь харамсалтай.

Сэтгүүлч С.Саянаа

Leave a Reply

Your email address will not be published.

Ерөнхий сайдын 4.5 тэрбум төгрөгийн төсөвт тэтгэлгийн сонгон шалгаруулалт журмынхаа 60 хувийг зөрчсөн

Ерөнхий сайдын 4.5 тэрбум төгрөгийн төсөвт тэтгэлгийн сонгон шалгаруулалт журмынхаа 60 хувийг зөрчсөн

Боловсролын зээлийн санд энэ жил гадаад, дотоодын их сургуульд суралцах оюутнуудад буцалтгүй тусламж, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгохоор 79.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл үүн дээр...