Төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртлаар гаргасан гомдол дийлэнх хувийг эзэлжээ

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссор Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газраас 1800-1969 тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн талаар мэдээлэл өгнө үү?

-Нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Гомдол, мэдээллийн агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байна.

-Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн зонхилох хэсгийг эзэлж байгаа салбар, байгууллага байгаа байх. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг харьцангуй олон ирүүлсэн байна.  Тухайлбал, Нийслэлийн 12-р сургууль, 14-р сургууль, 52-р сургууль, 6-р сургууль, 71-р сургууль, 56-р цэцэрлэг, 80-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар ирүүлсэн бол Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хорооны өрхийн эмнэлэгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй ирсэн байгаа. Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours