Сүүлийн үед түгшүүр, жигшил төрүүлсэн мэдээ, мэдээлэл тасрахаа болилоо. Бага насны охидыг хүчирхийлсэн, завдсан гэмт үйлдлүүдэд иргэд эмзэглэж байгаа хэдий ч төр, засаг, хууль хяналтын байгууллагынхан нүдэн балай, чихэн дүлий таг чиг суусаар.
“Дуугүй байх нь хүлээн зөвшөөрч байгаагийн шинж” ч гэдэг. Яагаад хэлгүй мэт байна вэ.
-Эцсийн үнэнийг шүүх тогтоогоогүй байхад… гэсэн бэлэн байдаг утгагүй тайлбар хэлэхээсээ ч ичдэггүй улс шүү дээ.
Нэгэнт олны сэтгэлийг сэртхийлгэсэн мэдээ, мэдээлэл цацагдсан бол түүний бодит байдлыг хуулийн дагуу мэдээлж, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг нь аль ч хуулийн байгууллагад байдаг. Гэвч “… шинжээчийн дүгнэлт гараагүй”, “… нотлох баримт хангалтгүй” гэх мэтчилэн шалтгаан биш, шалтаг тоочдог.
Гэмт үйлдэл, гэмт хэргийг эхнээсээ үнэн бодитоор мэдээлдэггүй нь хуулийнханд тус болохоосоо ус болох нь их. Мэдээллийг нууж, цаг хугацаа авах тусам тэр гэмт хэрэг, гэмт үйлдэл бүдгэрч, замхрах, замхруулах боломжийг олгодог гэх хардлага олны дунд байдаг. Энэ хардлага ч үнэний хувь ихтэй. Нууцлаад, дараад ирэхээрээ л хэрэг биш болдгийг харуулсан, нотолсон олон баримт хэлж чадна.
Таван настай охин хүчирхийлүүлсэн тухай шуугианыг шинжилгээний мөнгө нэхсэн асуудал болгоод намжаачихлаа. Гэмт үйлдлийн эзний бузар үйлдэл хийгээд түүнд ногдуулах шийтгэлийн талаар хэн ам ангайсан юм бэ.Тэрхүү гэмт этгээд хэн гэгч вэ гэдгийг олон нийтэд таниулахаас айгаад байгаа юм уу.
Тээж төрүүлсэн ээж нь яагаад тэр хөөрхөн амьтныг авахгүй гэсэн юм бэ… Энэ олон асуултын хариуг нэхэхийн учир нь сонирхуулах, мууд дурласандаа биш. Олон нийтэд дохио, сургамж өгөх үүднээс үнэн зөв мэдээллийг тухай бүр өгвөл сэрэмжлүүлэг болох учиртай.
Үхтэл үр харам байдаг болохоор монгол эхчүүдийн төлөөлөл л сошиалаар өөрийн бодлоо хэлж, халаглахаас өөр хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалтан ам нээсэнгүй. Ам нээлгэх гээд байгаагийн учир нь Үндсэн хуулинд заасны дагуу “Эрүүл… аюулгүй орчинд амьдрах” баталгааг хэрхэн хангаж, ажиллахыг сонсмоор байна. Бас “Амьд явах” баталгаа байгаа эсэхдээ итгэж ядсан ирээдүй хойч үеийнхэндээ Монгол төр үнэн үгээ хэлэх учиртай.
Хэрэв сонгууль дөхчихсөн юм уу эсвэл аль нэгэн албан тушаал, сэтэр нүдэнд нь харагдаад нойр нь хүрэхээ больчихсон цаг үед хүчирхийллийн энэ гэмт үйлдлүүд гарсан бол улс төрөөр нүүрээ тахлах дур сонирхолтой хүмүүс яаж гүйж яваа бол. Зарим нь стратегийн өмгөөлөл хийнэ байна гээд телевизийнхэн болоод үзэгчдийг залхтал гүйж байгаа. Зарим нь гадаадаас экспертиз дуудна, би мөнгө хөрөнгийг гаргана гээд цээжээ дэлдээд зогсч байгаа. Уучлаарай, энэ бол доромжлол юм уу үнэнээс зөрсөн төсөөлөл биш шүү. Сонгогч, олны тархийг угааж, санал авахын тулд юу ч хийхээсээ буцахаа больчихсон дүр зураг чинь ингэж харагдаад байна. Санал авах гээд гүйж байгаа шигээ сонгогчдын буюу энгийн иргэдийн төлөө дуугараач, ажиллаач гэдгийг л хатуухан хэлэх гэсэн юм.
Хүчирхийллийн тухай хуультай болсон нь сайн ч цоорхой болсон уу, зориуд цоолсон уу, амьдралд хэр нийцэж байгааг нь харуулаад өгчихлөө.
Хууль тогтоогчид, хууль сахиулан хэрэгжүүлэгчид минь хүчирхийллийг дарж, устгаж өгөөч. Хөөрхий охидод айх аюулгүй, эрүүл, амьд явах баталгаа байна уу.
Р.Батболд
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...