БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ “V” хэлбэрээр эрс сэргээд буй.
2025 оны эхний хагаст уналттай байсан Монголын Уул уурхайн биржийн нүүрсний арилжаа долоодугаар сард огцом сэргэж, арилжааны хэмжээ болон үнийн дүн аль аль нь сүүлийн 14 сарын дээд цэгтээ хүрсэн байна. Макро эдийн засгийн таатай нөхцөлүүд болон БНХАУ-д нийлүүлэлт хумигдаж, эрэлт сайжирсан нь Монголын Хөрөнгийн Бирж дэх нүүрсний цахим арилжаа сэргэхэд дэмжлэг үзүүлжээ.
Үндэсний их баяр наадмын амралттай холбоотойгоор арилжааны өдрүүдийн тоо цөөрснийг үл харгалзан өнгөрсөн сард Монголын олборлогч компаниуд 447 удаагийн дуудлага худалдаагаар нийт 2.86 сая тонн нүүрс амжилттай арилжаалсан нь өмнөх сараасаа 940 хувиар өссөн дүн болсныг МХБ болон Sxcoal-ийн мэдээлэл харуулж байна. Энэ нь сарын дүнгээр 2025 оны хамгийн өндөр идэвхтэй сар болоод зогсохгүй эхний зургаан сарын арилжааны өсөн нэмэгдсэн дүнг 22 хувиар давжээ.

Өнгөрсөн сард явагдсан нийт дуудлага худалдааны 72.45 хувь нь амжилттай болсон нь энэ онд харагдаагүй сайн үзүүлэлт байлаа. Харьцуулбал зургаадугаар сард нийт дуудлага худалдааны 18.38 хувь, тавдугаар сард ердөө 3.03 хувь нь амжилттай болж байсан юм.
Тайлант хугацаанд арилжаалагдсан нүүрсний 84 хувийг коксжих нүүрс бүрдүүлснээс гадна 99 хувийг нь Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой гэсэн хоёр компанийн нүүрс бүрдүүлжээ. Тодруулбал Тавантолгой ХК долоодугаар сард 1.81 сая тонн коксжих нүүрс зарж тэргүүлсэн бол Эрдэнэс Тавантолгой ХК 1.02 сая тонн нүүрс борлуулсны 56 хувь нь коксжих нүүрс байжээ.
Үнийн таатай мөчлөг
Нийлүүлэлтийн илүүдэл, макро эдийн засгийн тодорхойгүй төлөвөөс шалтгаалан эхний хагас жилийн турш “сэхэл аваагүй” БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ “V” хэлбэрээр эрс сэргээд буй.
Тус улсын эрх баригчид ган, коксны үйлдвэрүүдийн хүчин чадлын илүүдлийг багасгах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “үнийн дайн”-ыг зогсоож, үндэслэлгүй үнэ тогтоох байдлыг арилгах арга хэмжээгээ эрчимжүүлж эхэлсэн нь нийлүүлэлт талд анхааруулгын дохио болж, арилжаалагчид нөөц бүрдүүлэхээр яарснаар кокс болон коксжих нүүрсний фьючерс үнэ огцом өссөн байна. Сар хүрэхгүй хугацааны дотор Хятадын зах зээлд металлургийн коксны үнэ тонн тутамдаа дунджаар 250-275 юаниар өссөнийг Sxcoal онцолж байна.
Долоодугаар сард Ганцмод боомтод Монголын коксжих нүүрс тонн нь 86.23 ам.долларын дундаж үнээр зарагдсан нь өмнөх сараасаа 11 хувиар өссөн дүн аж. Оны эхний хагасын байдлаар Монгол Улсын БНХАУ-д экспортолсон коксжих нүүрс 24.75 сая тонноор хэмжигдэж, өмнөх оны мөн үеэс 16.21 хувиар доогуур байсан юм. Харин бусад төрлийн нүүрсийг оруулж тооцвол нийт 37.22 сая тонныг экспортолжээ.
Ийнхүү өнгөрсөн сард Монголын нүүрсний экспортыг макро эдийн засгийн таатай нөхцөл ивээсэн ч бүтцийн шинжтэй сорилтууд байсаар байгааг Sxcoal онцолжээ. Хэдий боомт, төмөр замын бүтээн байгуулалтаар экспортын биет хэмжээг нэмэх боломжтой болсон ч Хятад доторх нийлүүлэлтийн сүлжээ бүхнийг шийдэх юм.

Коксны болон гангийн үйлдвэрүүдийн худалдан авалт бодитойгоор сэргэж, боомтууд дээрх овоорол дорвитой буурч байж Монголын нүүрсний экспорт урьдын идэвхтэй түвшиндээ эргэн очих боломж нээгдэнэ. Харин богино хугацаандаа гэвэл есдүгээр сар, аравдугаар сард уламжлал ёсоор Хятадын нүүрсний хэрэглээ оргилдоо хүрдэг тул оны хоёрдугаар хагаст нүүрсний зах зээл эхний хагасаас хамаагүй дээр байх төлөвтэй гэж Sxcoal үзэж байна.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
