БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ “V” хэлбэрээр эрс сэргээд буй.
2025 оны эхний хагаст уналттай байсан Монголын Уул уурхайн биржийн нүүрсний арилжаа долоодугаар сард огцом сэргэж, арилжааны хэмжээ болон үнийн дүн аль аль нь сүүлийн 14 сарын дээд цэгтээ хүрсэн байна. Макро эдийн засгийн таатай нөхцөлүүд болон БНХАУ-д нийлүүлэлт хумигдаж, эрэлт сайжирсан нь Монголын Хөрөнгийн Бирж дэх нүүрсний цахим арилжаа сэргэхэд дэмжлэг үзүүлжээ.
Үндэсний их баяр наадмын амралттай холбоотойгоор арилжааны өдрүүдийн тоо цөөрснийг үл харгалзан өнгөрсөн сард Монголын олборлогч компаниуд 447 удаагийн дуудлага худалдаагаар нийт 2.86 сая тонн нүүрс амжилттай арилжаалсан нь өмнөх сараасаа 940 хувиар өссөн дүн болсныг МХБ болон Sxcoal-ийн мэдээлэл харуулж байна. Энэ нь сарын дүнгээр 2025 оны хамгийн өндөр идэвхтэй сар болоод зогсохгүй эхний зургаан сарын арилжааны өсөн нэмэгдсэн дүнг 22 хувиар давжээ.

Өнгөрсөн сард явагдсан нийт дуудлага худалдааны 72.45 хувь нь амжилттай болсон нь энэ онд харагдаагүй сайн үзүүлэлт байлаа. Харьцуулбал зургаадугаар сард нийт дуудлага худалдааны 18.38 хувь, тавдугаар сард ердөө 3.03 хувь нь амжилттай болж байсан юм.
Тайлант хугацаанд арилжаалагдсан нүүрсний 84 хувийг коксжих нүүрс бүрдүүлснээс гадна 99 хувийг нь Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой гэсэн хоёр компанийн нүүрс бүрдүүлжээ. Тодруулбал Тавантолгой ХК долоодугаар сард 1.81 сая тонн коксжих нүүрс зарж тэргүүлсэн бол Эрдэнэс Тавантолгой ХК 1.02 сая тонн нүүрс борлуулсны 56 хувь нь коксжих нүүрс байжээ.
Үнийн таатай мөчлөг
Нийлүүлэлтийн илүүдэл, макро эдийн засгийн тодорхойгүй төлөвөөс шалтгаалан эхний хагас жилийн турш “сэхэл аваагүй” БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ “V” хэлбэрээр эрс сэргээд буй.
Тус улсын эрх баригчид ган, коксны үйлдвэрүүдийн хүчин чадлын илүүдлийг багасгах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “үнийн дайн”-ыг зогсоож, үндэслэлгүй үнэ тогтоох байдлыг арилгах арга хэмжээгээ эрчимжүүлж эхэлсэн нь нийлүүлэлт талд анхааруулгын дохио болж, арилжаалагчид нөөц бүрдүүлэхээр яарснаар кокс болон коксжих нүүрсний фьючерс үнэ огцом өссөн байна. Сар хүрэхгүй хугацааны дотор Хятадын зах зээлд металлургийн коксны үнэ тонн тутамдаа дунджаар 250-275 юаниар өссөнийг Sxcoal онцолж байна.
Долоодугаар сард Ганцмод боомтод Монголын коксжих нүүрс тонн нь 86.23 ам.долларын дундаж үнээр зарагдсан нь өмнөх сараасаа 11 хувиар өссөн дүн аж. Оны эхний хагасын байдлаар Монгол Улсын БНХАУ-д экспортолсон коксжих нүүрс 24.75 сая тонноор хэмжигдэж, өмнөх оны мөн үеэс 16.21 хувиар доогуур байсан юм. Харин бусад төрлийн нүүрсийг оруулж тооцвол нийт 37.22 сая тонныг экспортолжээ.
Ийнхүү өнгөрсөн сард Монголын нүүрсний экспортыг макро эдийн засгийн таатай нөхцөл ивээсэн ч бүтцийн шинжтэй сорилтууд байсаар байгааг Sxcoal онцолжээ. Хэдий боомт, төмөр замын бүтээн байгуулалтаар экспортын биет хэмжээг нэмэх боломжтой болсон ч Хятад доторх нийлүүлэлтийн сүлжээ бүхнийг шийдэх юм.

Коксны болон гангийн үйлдвэрүүдийн худалдан авалт бодитойгоор сэргэж, боомтууд дээрх овоорол дорвитой буурч байж Монголын нүүрсний экспорт урьдын идэвхтэй түвшиндээ эргэн очих боломж нээгдэнэ. Харин богино хугацаандаа гэвэл есдүгээр сар, аравдугаар сард уламжлал ёсоор Хятадын нүүрсний хэрэглээ оргилдоо хүрдэг тул оны хоёрдугаар хагаст нүүрсний зах зээл эхний хагасаас хамаагүй дээр байх төлөвтэй гэж Sxcoal үзэж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
