Завхан аймгийн Отгон сум нийт газар нутгийнхаа 35 орчим хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох боломжийг хязгаарлажээ.
Отгон суманд 2009 онд Цахир, Сурангийн орд, Улаанбогоч, 2015 онд Шийрийн орд гэсэн хайгуулын лицензүүд тус тус олгогдсон байсан юм. Ингээд 2016 онд Сурангийн орд, Улаанбогочны орд, 2018 онд Шийрийн ордуудын лицензийг тус тус цуцлуулсан. Харин Цахир нэртэй 3 хайгуулын лицензийг “Монгол майнинг энд эксполорэйшн” ХХК нь эзэмшиж байсан ба 2019 оны 5 дугаар сарын 13-нд хайгуулын нэг лиценз нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон.
“Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын ХV-014806, XV-021364, ашиглалтын MV-021363 тоот тусгай зөвшөөрлүүд нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн.
Нэр бүхий 7 булгийн энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул Ашигт малтмал, газрын тосны газар, кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр цуцлагдсан байна.
Дээрх ашигт малтмалын лицензүүдийг цуцлуулах ажлыг хуулийн дагуу, иргэдийн санал хүсэлтийн хүрээнд нэлээд хөөцөлдсөний үр дүнд цуцлуулсан юм. Ингээд манай сум нийт газар нутгийнхаа 35 орчим хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох боломжийг хязгаарлалаа.
Тухайлбал 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18 тоот тогтоолоор Завхан голын эх орчмын 68749 га газар нутгийг, 2020 оны 1 сарын 24-ний өдрийн 44 тоот тогтоолоор Бор хавцал орчмын 142810 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.
Ер нь байгаль хамгаалах хамгийн дээд хэлбэр нь газар нутгийг тусгай хамгаалалтад авах юм. Газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг газрын нэр хэлээд л батлагдчихдаг амар ажил биш. Тухайн газар бүрд нь очиж хэмжилт хийнэ, тусгай хамгаалалтад авах үндэслэлийг нь боловсруулна гээд нүсэр ажил ордог юм байна.
Тусгай хамгаалалтад авсан, хамгаалаагүй зөнгөөр нь орхисон газар хоёрын хооронд асар их зөрүү харагддаг. Тэр нь жил ирэх тусам мэдрэгдэнэ, нүдэн дээр л харагдана.
Хамгаалагдсан газруудын байгаль хэрхэн унаган төрхөөрөө хадгалагдаж, ургамал амьтан нь хэр их өсөж тоо толгой нь нэмэгддэг гэдгийг нутгийн иргэд маш сайн мэднэ. Тусгай хамгаалалтад аваагүй газар нутагт ашигт малтмалын лиценз ихээр олгогдсон, бэлчээр нутаг нь цөлжиж хуурайшсан байдалтай л болно шүү дээ.
Манайхан газрыг тусгай хамгаалалтад аваад л хүн, малын алийг нь ч оруулахгүй хашчихна гэж ойлгодог. Ерөөсөө хамгаална гэдэг тодорхой хэмжээний газар нутгийг зохистой ашиглах л юм.
Хамгийн хатуу тусгай хамгаалалттай газарт үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, огтлох, ургамал түүх, амьтан агнах, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.
Мөн аялал жуулчлалын салбар нь байгалийн цогцолборт газрууд, дархан газрууд болон бусад бүх тусгай хамгаалалттай газруудыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж, иргэд нь үр шимийг нь хүртэж л байгаа.
Харин ундны усны бүх эх үүсвэрийг тусгай хамгаалалттай газар нутагт хамгаалдаг бөгөөд гагцхүү уул уурхай, аж ахуйн зориулалттай үйл ажиллагааг л хориглодог. Бид газар нутгаа зөв сайхнаар нь авч үлдвэл эцсийн эцэст үр хойчид минь л үлдэнэ шүү дээ. Тийм учраас эх байгальдаа ээлтэй хандаж, газар нутгаа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хэлмээр байна гэж Завхан аймгийн Отгон сумын ЗДТГ-ын дарга С.Энх-Оргил мэдээлэв.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Х.Цэгмидзаяа:
-Отгон сум нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх дурсгал, аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг юм. Олон тооны нуур, цөөрөм, гол нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд Буянт гол, Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын зэрэг олон голын эх ундаргын үүсвэр болдог газар юм.
Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Уулын бүсийн ирвэс, чоно, шилүүс, нохой зээх, аргаль, янгир, мануул мөн улаан номын эмзэг бүлэгт орсон монгол хадран, давжаа сугас, шивэр хадран зэрэг гурван зүйлийн загас бий. Харин тал хээрийн идлэг шонхор зэрэг өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрддэг. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибирь алтанхундага, ягаан цээнэ, ацан ажгана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг онгон дагшин нутаг юм. Тиймээс энэ нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах нь зайлшгүй шаардлагатай юм.
Харин улсын тусгай хамгаалалтад дархан цаазат газрын ангиллаар 25000 га буюу Отгонтэнгэр, харин улсын тусгай хамгаалалтад дархан цаазат газрын ангиллаар 25000 га буюу Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар, нөөц газрын ангиллаар 140.000 га талбайг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Ингэснээр нийт газар нутгийнхаа 50 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх, байгалийн баялгийг зохистой ашиглах нөхцөл бүрдэж байна.

Отгонтэнгэр хайрхны орчим
More Stories
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...
Батлан хамгаалах салбарын зарим алба хаагчдад орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд 20 сая төгрөг олголоо
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачлагаар Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд...