Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд өнөөдөр нүүрсний хулгайн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр нүүрсний дөрвөн төрлийн хулгай байгааг дурдаж, үүсээд буй нөхцөл байдал, шаардлагатай мэдээллийг авахаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Хариултыг энэ сард багтан УИХ-ын чуулганы танхимд нээлттэйгээр өгөхийг мөн шаардсан байна. Түүнчлэн УИХ-ын Хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулахаар санаачилж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нүүрсний үндсэн дөрвөн төрлийн хулгай байна.
Нэгдүгээрт, офтек гэрээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын 20 хувь нь офтек гэрээгээр хийгджээ. Энэ нь нүүсний уурхайн ам нөхцөлөөр буюу зах зээлийн үнээс 10-20 хувь хямд нөхцөлөөр гэрээ байгуулаад, компаниудад өгдөг. Тэдгээр нь цаашаа Хятадын худалдан авагч нарт өсгөж зардаг.
Ирэх жилийн төсөвт 36 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан. Хэрэв энэ бүх нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа гаргадаг байсан бол зах зээлийн үнээс 10 хувь хямд гэвэл 360 сая ам.доллар, 20 хувь гэж үзвэл 720 сая ам.долларын алдагдал үүсэхээр байгаа.
Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6.4 сая тонны нүүрсний хулгай буюу Монголын гаалийнхан мэдэхгүй, БНХАУ-д бүртгэлтэй нүүрсний асуудал бий.
2013 онд хоёр улсын Засгийн газар ажлын хэсэг гаргаад тоогоо тулгахад 430 мянган тонн нүүрс алдагдсанбайна. Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ингэж болдог юм байна гэсэн хандлагаар явсаар 6.4 сая тонн нүүрсний асуудал үүссэн. Энэ нь хамгийн багадаа 6.4 тэрбум ам.долларын хулгай хийгдсэн гэсэн үг.
Гуравдугаарт, нүүрсний тээврийн бизнес. Олон улсад онгоцоор нэг цаг нисэхэд 100 ам.доллар, гурван цаг нисэхэд 300 ам.доллар байдаг. Гэтэл манайх ердөө 30 км замд нэг тонн нүүрсийг 400 ам.доллар тээвэрлэсэн гэдэг нь бодитой байна. Бид тээврийн зардлыг бууруулж, аль болох илүү нүүрс зараад зөрүү орлогыг нь улсын төсөвт оруулна гэсэн агуулгаар төмөр зам тавьж байгаа. Хэрэв онгоцны үнээр нүүрс зөөдгийг хязгаарлахгүй бол энэ зах зээлд хожигдоно.
Монголын нүүрс Хятад руу, Хятадаас Европ руу гарахдаа тонн тутам нь 400-500 ам.доллароор зарагдаад байна гэх мэдээлэл надад ирсэн. Үүнийг бид өөрсдөө хийж чадаагүй нь төмөр замаа бариагүйтэй холбоотой.
Эрх мэдэлтэй дарга, УИХ-ын гишүүн байсан нөхөд тээвэр хийж, ашгаа тэндээсээ авч байгаа. Худалдан авагч Хятадын талын ард ч гэсэн манай эрх мэдэлтнүүд байгаа гэдэгт би итгэж байгаа. Үүнийг зогсоож шийдвэрлэхгүй бол экспортын орлого байхгүй болно.
“Их-20”-ын уулзалтаар Австрали, Хятадын харилцаа сэргэх байдалдаа орлоо. Сүүлийн гурван жилд Хятад Австралиас нэг тонн ч нүүрс аваагүй. Харин одоо Австралиас нүүрс ороод эхэлбэл бидний ирэх жилийн өөдрөг төсөөлөл газарт буурна. Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөөн улам ширүүссэн. Бидэнд ирэх жил 36 сая тонн нүүрс нийлүүлэх боломж байхгүй.
Дөрөвдүгээрт, төмөр замын хулгай. “Эрдэнэс Тавантолгойн”-н эх үүсвэрээр санхүүжилтийг хямд нүүрсээр авч, түүнийг нууцлаад, төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийш, урагш. Гэтэл урагшаа тавьж буй төмөр замын санхүүжилт нь зүүн тийш тавьснаасаа 3-4 дахин өндөр байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Хулгайн дараа хариуцлагын маш олон асуудал яригдана. Ерөнхийлөгч байсан, УИХ-ын дарга, дэд дарга байсан хүмүүс, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд байсан гээд маш олон хүн холбогдсон байгаа. Үүнд хатуу байр суурьтай байх ёстой” гэлээ.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
