Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.10/ Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, Шүүхийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, Үндсэн хуулиар бий болсон шүүхийн сахилга, хариуцлагын шинэ тогтолцооны үр нөлөө, цаашид хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагууд нь эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд бие даан ажиллахын зэрэгцээ эрх зүйн орчныг хөгжүүлэхэд эргэх холбоотой, уялдаатай ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр төр, эрх зүйт ёсонд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаатай салшгүй холбоотойг тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон Шүүхийн сахилгын хороо нь энэхүү итгэлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэйг дурдав.

Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлт болон 2021 оны Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо шүүгчийн сахилгын хэрэг шийдвэрлэх ажиллагаа, процессын хэм хэмжээний тулгамдсан асуудлын талаар танилцуулж, процессын хэм хэмжээг хуульчлах асуудлаар саналаа уламжлав.
УИХ-ын дарга С.Бямбацогт батлагдаад 5 жил болсон байгаа Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу судалж, үнэлэх шаардлагатайг онцолж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид журмаар бус тухайлсан хуулиар зохицуулах асуудлаар судалгаа хийж, саналаа боловсруулж парламенттай хамтран ажиллахыг Шүүхийн сахилгын хороонд илэрхийлж, уг саналын дагуу холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Уулзалтад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг хангах, нэмэгдүүлэхэд дор бүрнээ хичээж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
