Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв.
Тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарна гэж үзэж байна.
Тогтоолын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Гурван жилийн хугацаанд:
- Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр,
- Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр,
- Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөсөн байна.
Манай улс жилд дунджаар 49.8 мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй.
Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг.
Ноос, ноолуураа дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэн, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Арьс, ширний салбарын хувьд жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь хаяж байна.

Дотоодын үйлдвэрүүд 2023 онд 3.3 сая ширхэг арьс, ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс, ширэнд гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэгийг боловсруулж, 12.5 саяыг нь боловсруулж чадаагүй гэсэн тоо гарчээ.
Үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гадны худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоогүй, хууль, эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ бүрэн боловсруулж чадалгүй, боломжит орлогоо алдсаар байна.
Мөн үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилтан дутмаг, тогтвор суурьшилтай ажиллах нь ч бага байгаа юм.
Энэ бүхнийг цогцоор нь шийдэх зорилгоор Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
