Залуусыг цэрэгт элсүүлэхийн тулд чөлөөт үсний засалтыг зөвшөөрөв

Японы арми залуусыг цэрэгт татахын тулд урт үстэй байхыг нь зөвшөөрдөг болжээ. Цэрэгт элсэх залуус улам ховордож буй үед Японы Батлан хамгаалах яам уг мэдэгдлийг гаргалаа.

Япон цэргүүд эрчүүд нь хуссан үстэй, эмэгтэйчүүд нь богино халимаг үстэй байх ёстой байдаг. Тэгвэл шинэ дүрмийн дагуу дөрөвдүгээр сараас эрэгтэй цэргүүд ард болон хажуу хэсгээрээ богино, урд хэсгээрээ урт үстэй байх боломжтой болов. Эмэгтэй цэргүүдийн хувьд халимаг үснээс арай урт, гэхдээ боосон үед мөр давахааргүй, дуулга өмсөхөд саад болохооргүй урт үстэй байх боломжтой болсон.

Үсний засалтыг чөлөөт болгох тухай нэгдүгээр сараас анх хэлэлцэж эхэлжээ. Тухайн үед батлан хамгаалахын мэргэжилтнүүд уулзахад, сайд Минору Кихара “Манай улсын армид хүн хүчний хомсдол нүүрлээд байна. Хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөөн эрчимжиж байгааг бид ойлгож байна” гэжээ.

Японы арми дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энх тайванч үзэлтэй үндсэн хуулийн дагуу зөвхөн хамгаалалтын шинж чанартай байсан. Гэвч Хятад улс улам цэрэгжиж, Хойд Солонгос пуужин, цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх болсонтой холбоотойгоор армийн элсэлтийг нэмэгдүүлэх саналыг гаргасан нь энэ юм. Мөн энэ хүрээнд ойрын таван жилд батлан хамгаалахын зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээ мэдэгджээ.

Үсний засалтаас гадна шивээстэй залуусыг армид элсүүлэхийг зөвшөөрөх тухай яригдаж байна. Якузагийн бүлэглэлтэй холбоотойгоор тус улсад шивээс нь эмзэг сэдэв байсаар ирсэн. Шивээстэй хүн бүр дээрэмчин биш тул энэ хориг нь элсэлтэд саад болж байгааг албаныхан баталжээ.

+ There are no comments

Add yours