Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, дэд даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажилладаг бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн харьяа байгууллагуудаас гадна “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл”-ийн төлөөллүүд багтдаг байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн салбар зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралддаг бөгөөд энэ оны сүүлийн хурлаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Салбар зөвлөлийн гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн зүгээс тулгамдаж буй асуудлаа хэлж, санал дэвшүүлсэн. Тодруулбал, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, шинээр оруулж ирэх автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх шаардлагыг хангасан байх, дүүргүүд дэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг саналыг голчлон дэвшүүлж байна. Мөн явган хүний замын хүртээмжийг сайжруулан, хөтөч хавтан, орц гарцын налуу зэрэг стандартыг хангах, өргөтгөх, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах зэрэг санал хэллээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, стандарт мөрдүүлэх ажлыг ирэх оны төсөвт тусгасан” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хүргэхээр хэд хэдэн ажлыг хийж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах автобусны техникийн үзүүлэлтэд “хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих нэмэлт тоноглолтой байх” гэсэн шаардлагыг 2015 оноос хойших худалдан авалтад тогтмол тавьж буй. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард зарласан автобусны нээлттэй тендерт уг тодорхойлолтыг оруулжээ. Өдгөө нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1020 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн 40.8% нь буюу 417 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой карт гаргасан ба UB Smart bus аппликейшн дээр хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой автобусыг тусгайлан тэмдэглэж, ялгаатай харагдах боломжоор хангасан. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны зогсоолын мэдээллийг дуу хоолойгоор урьдчилан зарладаг бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны буудлын мэдээллийг LED дэлгэцээр урсган харуулдаг юм.

Түүнчлэн, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэл, яриа заслын “Эрдэм-мөрөн” төвтэй гэрээ байгуулж, төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 63 хүүхдэд оношилгоо хийн, хэл яриа заслын хичээлд хамруулсан юм. Мөн Гэрлэх ёслолын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй есөн иргэний гэр бүл батлуулах ёслолын ажиллагааг зохион байгуулжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулж, байнгын ажлын байранд 232, түр ажлын байранд 87, тохируулгатай ажлын байранд 18 иргэнийг зуучилсан юм.

More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
