“Далд эдийн засаг ил болсноор төсвийн орлого 1.1 их наядаар давлаа”

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье.

Одоо бид холбогдох хууль тогтоомжоор төлөөллийн төв байгууллагад олон нийтийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх түүхэн хариуцлагын өмнө байна.

Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд төвлөрч, суурь реформуудыг зоригтой шийдвэрлэхэд илүү цаг зарцуулж, ажил хэрэгч хандах шаардлагатай байна.


“Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгох, системийн авлигыг бүхэлд нь халах “5 Ш” цогц ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай эхний үр дүнгүүд гарч байна. Нэг үгээр хэлбэл, авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч эхэллээ.

2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарлаа.

Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт бол хоосон тоо биш юм. Нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.

Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа.

Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг бид мартаж болохгүй.

Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдсэнээр Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна.

“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэг үг бий. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг Та бид хэзээ ч мартаж, бас давтаж болохгүй ээ!

МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Гагцхүү бид тууштай, сонор сэрэмжтэй, хэрсүү хандаж, эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлэх учиртай. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийж байна.

Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг. Энэхүү үр дүн бол ард иргэд, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, шударга төрийн албан хаагчид Та бүхний хамтын амжилт гэдгийг онцлон тэмдэглэж байна.

”11-11 төв”-д ирсэн санал болон Улсын Их Хурлын гишүүд тойрогт ажилласан үр дүн, суурь судалгаанд үндэслэн ийнхүү давж биелж буй 1.7 их наяд төгрөгийг дараах зүйлд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

+ There are no comments

Add yours