“Эгийн голын УЦС-тай холбоотой асуудлыг эвийн замаар шийдэх саналыг ОХУ-ын талд тавьсан”

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 13А маягтыг цахимаар олгох шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргажээ.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Өвчтөн илгээх эмнэлгийн хуудсаар өнгөрсөн онд 317,736 иргэнд үйлчилжээ.

Анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон нийслэлийн иргэд e-Mongolia системд нэвтрэн орж өөрийгөө ДАН системээр таниулан 13А маягтыг татаж аваад аль ч эмнэлэгт үзүүлдэг болж байна. 13А маягт e-Mongolia системд албан ёсоор байршлаа.

13А маягтын хүчинтэй хугацаа 30 хоног. Энэ хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлж болно” гэв.

Төрийн үйлчилгээний ХУРДАН цэгүүдээс ч авч болно. Нийслэлийн хэмжээнд 14 цэг бий.

Эрүүл мэндийн мэдээлэл эмзэг мэдээлэлд хамаарагддаг. Дүрс оношилгооны болон эрүүл мэндийн бусад түүхүүдийг системд бүртгэх нь хуулиар тохиромжгүй. Иргэд 13А маягтыг орхисноос болж эмнэлэгт үзүүлж чадалгүй нутаг руугаа буцдаг байсан чирэгдэл арилж байгааг тодотголоо.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газраас 2022 оны аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БЭТ-ийн зургаан сарын үйл ажиллагааны тайланг сонсож, Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа.

Хуульд зааснаар Бүрэн эрхт төлөөлөгч томилох хугацааг сунгах бол УИХ-д өргөн мэдүүлдэг зохицуулалттай. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсийг уурхайн амны үнээр борлуулж байсан бол хоёрдугаар сараас эхлэн хилийн үнээр борлуулж эхэлсэн нь Засгийн газрын 362-р тогтоолыг хангаж буй томоохон өөрчлөлт, дэвшил юм.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг голлон ярилцсан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын авто зам болон замын байгууламжийг барьж байгуулахад шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх. Өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгийн төсвөөр хотын нэн яаралтай барих замын  байгууламж, холбоос замын ажлуудыг эхлүүлсэн. Заримыг шинээр эхлүүлэх шаардлагатай ч энэ оны төсөвт суулгаж чадаагүй. Шаардлагатай 187 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэр боломжийг судалж танилцуулах үүргийг Сангийн сайдад өгсөн.
Энэ эх үүсвэрийг шийдсэнээр шинээр зам барихаас илүү ачааллыг хуваалцаж, түгжрэлийг бууруулах боломжтой хэсгүүдэд холбоос замууд барих юм. 

Хоёрдугаарт, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнтэй хамтарч хэрэгжүүлэх үүрэг өгсөн “Улаанбаатар хотын тээврийн эрэлтэд нийцсэн автозамын сүлжээг бий болгож түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн замыг барьж байгуулах” төсөл юм. 

Шинэ зам барихаас илүү түгжрэлийг бууруулах замын холбоосуудыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “Сэлбэ сэргэлт” гэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотыг гол гол замуудын хөдөлгөөнийг сайжруулна. Дамбадаржаагаар ТЭЦ-4 хүртэл Сэлбэ, голын хоёр эргийн дагуу 24 км зам, 13 том гүүр, 25 холбоос гүүр хийнэ. 

Мөн явган болон дугуйн зам барина. Зураг төслийг зургаадугаар сард, бүтээн байгуулалтыг долоодугаар сараас эхэлнэ. 
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд дорвитой ажиллахаар Засгийн газар тогтсон. Энэ хүрээнд “Сэлбэ сэргэлт” гэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Улаанбаатар хотын гол гол замуудын хөдөлгөөнийг сайжруулна. Манай хот хөндлөн нэг замтай. Дамбадаржаагаас ТЭЦ-4 хүртэл Сэлбэ, Дунд голын хоёр эргийн дагуу нэг талдаа 22 км, нийт 44 км зам барих юм. Үүгээр BRT автобус болон автомашинууд зорчино. Мөн 13 том гүүр, зам шилжих 25 холбоос гүүр, явган болон дугуйн зам барина. Зураг төслийг зургаадугаар сард хийж, бүтээн байгуулалтыг долоодугаар сараас эхэлж, 2024 онд бүрэн ашиглалтад оруулна.

Энэ төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурах тооцоолол байна. Ирэх жил замын хөдөлгөөнийг 50 хувиар бууруулах зорилт тавьсан гэв. 

Сайд Ж.Сүхбаатар, Замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын иргэн, ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг 3500 гаруй ААН-үүдэд хүргүүлснээс 3200 нь хүлээн авснаа мэдэгдсэн. Оны сүүлчээр зөвлөмж хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан ААН-үүдийг үнэлж дүгнэнэ. Зөвлөмжид:

  • Олон хүнтэй ААН-үүд ажилтнуудынхаа гэрт ойр байрлах салбартаа шилжүүлэн ажиллуулах
  • Хөдөлмөрийн хуульд байдаг ажлын уян хатан цагийн зохицуулалтыг нэвтрүүлэх
  • Ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр зайнаас ажиллах боломжоор хангах  
  • Төр хувийн хэвшлийн ААН-үүд үйлчилгээний төрөл, борлуулалтын сувгаа аль болох цахим хэлбэрт шилжүүлэх
  • ААН-үүд автомашины зогсоол, орц гарцаа аль болох үйлчлүүлэгчдэд зориулан чөлөөлөх
  • Худалдаа үйлчилгээний байгууллагууд бараа татах, хүргэлт түгээлтийн ажлаа ачаалал багатай цагууд буюу 10-15 цаг, 21-7 цагт зохион байгуулах
  • ААН-үүд гаднах зогсоолдоо унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтрийн аюулгүй байдлыг хангасан зогсоол байгуулах
  • Хувийн машинаар зорчих бус ажилчдын автобусаар үйлчлэх боломжийг санхүүгийн боломждоо нийцүүлэн нэмэгдүүлэх зэрэг зөвлөмж гаргажээ. Замын түгжрэлийг бууруулахад иргэн, ААН бүхэн гар бие оролцохыг уриалж байгаа юм.

Улаанбаатарт сар тутам 2000-3000 машин шинээр хөдөлгөөнд орж байна. Их тойруу, бага тойруу зэрэг томоохон хэмжээний зохицуулалтыг хийнэ. Бусад улс орнуудын жишээг харахад ч тэр, түгжрэлийн эсрэг арга хэмжээ зарим тохиолдолд нийт иргэдийнхээ гуравны хоёрын эсэргүүцэлтэй тулгардаг. Мэргэжлийн хүмүүс судалгааны үндсэн дээр хөдөлгөөн зохицуулалтын шийдлүүд гаргадаг. Олон хүн шүүмжилсэн учир буруу гэж үзэж болохгүй. Олонхийн саналаар шийдэж түгжрэлийг бууруулна гэж байхгүй гэдгийг ойлгомоор байгаа юм гэв. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Тогтоолын төслийг өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд өргөн барьсан. Энэ тогтоолоор дөрвөн шийдвэр гарсан.

Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюу Толгой төслийн  эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна.

Тус төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэл хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгалаа.

Төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Тавантолгой цахилгаан станц төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.

ОХУ-ын талаас Эгийн голын УЦС-тай холбоотой асуудлаар ЮНЕСКО-д гомдол гаргасан байгаа. Ирэх зургаадугаар сард Санкт-Петербургийн эдийн засгийн форум болно. ОХУ-ын Засгийн газраас намайг тус форумд оролцохыг урьсан. Эгийн голын УЦС-тай холбоотой асуудлыг эвийн замаар шийдээд ойлголцох саналуудыг ОХУ-ын талд тавьсан. Уулзалтаар үр дүн гарах болов уу гэж найдаж байна” гэлээ. 

+ There are no comments

Add yours