Хамаарал бүхий компаниараа 2.4 тэрбумын санхүүжилттэй НЭГ сарын ажил авсан Т.Сайнжаргал гэгч хэн бэ

Нүүрсний хулгайчдын “залгамж халаа” болсон Т.Сайнжаргал хуулийн байгууллагын хурц хараанаас мултарч үлдэх үү? Ингэж асуух болсон нь учиртай. Долоон зуун мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй Н.Удаанжаргалыг АТГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж шалгаж эхлэхтэй зэрэгцэн гадаад руу “эмчилгээнд явлаа” хэмээгээд хилээр гарч зугтаад багагүй хугацаа өнгөрөв. Түүний зугтахтай зэрэгцэн Монголд НҮҮРСНИЙ хулгайн бүлэглэлийн мэдээлэл ил тод болж, хэвлэлийнхэн ч шуурхай мэдээллийг хөөцөлдөж, хууль хяналтынхан ч хэргийн явцыг ил тод болгосноор өнөөдрийн байдлаар нэр бүхий гурван их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эргүүлэн татах асуудал хууль хяналтын байгууллагаас тавигдаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн зарим гишүүд өөрсдийн хүсэлтээр гэсэн тодотголтойгоор улс төрөөс ичгүүртэйгээр хөөгдөхөөс сэрэмжилж арга хэмжээ авч эхлэв.

 Тэгвэл тэр том сүлжээний нэг хэсэг болсон атлаа өнөө хэр чимээгүй яваад байгаа нэгэн төрлийн “хачиг” лугаа этгээд үлдээд байгааг мөрч.мн сайт өнөөдөр хөндөж байна. Энэ бол  Эрдэнэс Тавантолгой Төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын хуримтлуулсан мөнгийг “угаадаг” байж болзошгүй хэмээн хардагдаж буй “Зүүнбаян төмөр зам”-ын дэд захирал Т.Сайнжаргал гэгч юм. Түүнийг онцолсон шалтгаан нь Т.Сайнжаргал гэгч энэ этгээд НҮҮРСНИЙ хулгайн асуудал эхэлмэгц үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд Солонгос руу явсан үйлдэл. Н.Удаанжаргал Т.Сайнжаргал хоёрын хувьд МАН-ын НАЗХ-ны гишүүнчлэлээр холбогдохоос гадна төрийн өмчит компанид нэг местийг хувааж хэрэглэж байснаар нь хэр дотно болохыг харж болно.

 Т.Сайнжаргал нь 2021 оны гуравдугаар сард Зүүнбаян Төмөр зам төрийн өмчит компанийн дэд захирлаар томилогдохоос долоон хоногийн өмнө хувь эзэмшиж байсан “Ширхэнцэг хараа” компаниас татгалзахын зэрэгцээ тус компанийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлтөөр төмөр замын суурь дэд бүтэц угсрах, доод бүтэц барих \далан хоолой\  болгосон байдаг. Ингэснээр Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал гэх МАН нөмрөгтэй хоёр нөхрийн хоршил эхэлж, эрх мэдлээ ашиглан төвлөрүүлсэн хөрөнгөө барилгын салбарт шингээж, мөнгө угаасан байж болзошгүй гэдэг хардлагыг бий болгож эхэлсэн. Учир нь Зүүнбаян Төмөр замын дэд бөгөөд Удирдлагын газрын дарга Т.Сайнжаргал “Ширхэнцэг хараа” ХХК-ийнхаа нэр дээр 2020 оны тавдугаар сард Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай нэг сарын хугацаатай 2.4 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээ хийсэн байдаг. Харамсалтай нь энэхүү “Ширхэнцэг хараа” ХХК нь цаасан дээр бүртгэлтэй компани учраас уг том ажлыг хийхэд туслан гүйцэтгэгчээр өөр компани оруулж ирэн ажиллуулсан ч төлбөрийн ажлаа дуусгаагүй учир гүйцэтгэгч компанийнхан мөнгөө нэхэж Т.Сайнжаргалын ажил дээр очиж зодоон нүдээндээ тулснаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Т.Сайнжаргалд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан нь 2021 оны 12 дугаар сарын 02-нд байв.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга гэгч Зүүнбаян Төмөр зам Төрийн өмчит ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Сайнжаргалтай үгэн хуйвалдаж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн  Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны багц-7-гийн гурван блок болох нийт 9.4 га газраас 2.2 га газрыг эрх мэдэл албан тушаалаа ашиглан завшсан. Ингэхдээ эрхэлж байгаа албан тушаалаа ашиглан иргэдийг дарамталж газрыг нь тастаж авсан гэдэг мэдээллийг дахин төлөвлөлтөд орж байртай болно хэмээн хүлээж байгаа Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэдийн төлөөлөл ирүүлсэн байдаг.

Иргэн Н.Түмэнжаргал Т.Сайнжаргалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж АТГ-т шалгуулах ёстой хэмээн хандаж. Мөн АТГ-аас гадна Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг шалгаж эхэлсэн байдаг. Тэгэхлээр албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулсан 2.4 тэрбумын санхүүжилттэй нэгхэн сарын ажлыг хэрхэн авсан шалтгаанаа тайлбарлах шаардлага үүссэн гэсэн үг. Монголчууд Нүүрсний хулгайчдын “залгамж халаа” болсон хариуцсан албанд тушаалдаа тэнцэхгүй нам болон бусад нөхцөлөөр крандуулсан нөхдөд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн хүлээж буй.

Хууль хяналтын байгууллага ч энэ чиглэлд илүү анхаарч хүч хаян ажиллаж буй. Мэдээж хуультай оронд хуульгүй амьдарч байсан хэн ч хэзээ нэгэн цагт хуулийн буулганд орж хууль зөрчиж хураасан бүхнээ хураалгах ёстой. Үүнийг харин Т.Сайнжаргал болон бусад хүмүүс хэр ойлгож байгаа бол гэдэг сонин байна?

+ There are no comments

Add yours