Солонгос эмчийн эмнэлгийг залилсан Монгол эмч нар хэн байв?

Монгол Улсын нэрийн өмнөөс… Нийслэлийн прокурорын газраас Сартуул овогт Дэлгэрийн Мөнхбатад холбогдуулан Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Боржигон овогт Дашнямын Баасанжавт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт, үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003940… дугаартай хэргийг 2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв… Ийм нэгэн хэргийн мэдээллийн мөрөөр энэхүү сурвалжилгаа эхлүүлэв.

Эхлүүлэх болсон шалтгаан нь цагаан нөмрөгт, хүний хайлан болсон эмч нарт хамаарал бүхий хэрэг байсан учир. Эмч хэмээх алдрыг хүртэж, энэ хэрээр хүний итгэлийг олдог мэргэжилтнүүд маань их мөнгөнөөс болж гадаадын иргэнээр эмнэлэг босгуулж аваад эргээд мөргөсөн хэргийн талаар нэгэн эх сурвалж холбогдож мэдээлэл өгөх зуураа өөрийн чинь бичсэний араас өөр хүмүүс ч ажиллах учир гайгүй учрыг нь гаргаад өгөөч хэмээн учирлан гуйсан юм. Сүүлийн үед их мөнгө л бол нүдээ ухаж өгөөд нүглээ мартчихдаг монголчууд олширсон энэ цагт ядаж эмч нар нь ийм хэрэгт холбогдоогүй байлгүй дээ хэмээн бодсоор хэргийн араас орсон надад “2009-2016 онд жил бүр 7-8 сард 7 хоногийн хугацаанд 50-60 эмчийг Монголын эрүүл мэндийн систем тааруу аймгуудад илгээж үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ, засал хийдэг байсан сайн дурын ажил маань зогссон. Манайхныг ирэх байх гээд хүлээж байдаг Сайншанд, Эрдэнэт, Мөрөн, Хэнтий, Дундговь, Дорнод, Өвөрхангай аймгийн иргэд маань хэцүүдлээ. Манай баг 10,900 хүнд үнэгүй үзлэг эмчилгээ хийж, 698 хүнд үнэгүй мэс засал хийсэн. Бас Казахстан, Иран, Малайз, Хятад, Индонези, Орос зэрэг долоон орны 89 иргэнд үе мөч гэмтэл сувилахуй, мэдрэлийн үзлэг эмчилгээ, мэс заслыг үнэ төлбөргүйгээр сайн дураараа хийж ажиллаж байсан. Энэ бүх ажил маань зогсчихсон нь маш харамсалтай байна аа…” хэмээсэн Солонгос эмчийн үг сэтгэл хүндрүүлчхэв. Итгэл сэтгэл эд хөрөнгөө алдчихсан атлаа “бусдын эрүүл мэндийн төлөө санаа тавин харамсах солонгос эмч… маш их итгэлийг нь авчхаад муухай зан гаргаад муриад алга болсон монгол эмч… аймаар ялгаатай байгаа юм шүү, нээрээ….

Солонгос эмчийг мэхэлж эд хөрөнгийг нь дээрэмдсэн этгээдүүд хэн байв?

БНСУ-ын иргэн, БНСУ-ын Намьянжү хотын Хьюндай эмнэлгийн дарга Ким Бү Соб 2013 онд Монголд үе мөчний эмнэлэг байгуулахаар шийдэж, Монголын ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Мөнхбаттай хамтран MBS Med ХХК-ийг байгуулсан байдаг. Монгол талаас уг эмнэлгийг төлөөлөх Д.Мөнхбат нь хэдийгээр яамны хэлтсийн дарга гэсэн том албан тушаалтай ч тухайн эмнэлэгт хөрөнгө оруулах чадваргүй байсан тул Солонгосын талаас эмнэлэг байгуулах ажлыг эхлүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортолж эхлэхийн тулд Д.Мөнхбаттай 2013 оны 10-р сараас эхлэн хувийн гэрээ байгуулан, түүнийг сард 2000 ам.доллароор цалинжуулж эхэлжээ.

Хоёр жилийн дараа буюу 2015 оны нэгдүгээр сард Монголд гэмтэл, үе мөч, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээний төрлөөр эмнэлгийн зөвшөөрөл гурван жилийн хугацаатай гарч, мөн Солонгос эмч нарыг гурван жилийн хугацаанд ажиллах зөвшөөрөл ч олгогдсон байдаг. Мөн тус эмнэлгийн байрыг гуравдагч этгээдээс түрээслэх гэрээг Монгол талын захирал Д.Мөнхбат зохицуулж, ингээд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэмтэл, үе мөч, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээний Намьянжү хотын Хьюндай эмнэлгийн салбар Монголд нээгджээ.

МОНГОЛ ХЬЮНДАЙ ЭМНЭЛЭГ БУЮУ “MBS MED” ХХК

2017 он. Хоёр жилийн хугацаанд ажил жигдэрч, бүгд дор бүрнээ завгүй ажиллаж байсан үед мөн оны тавдугаар сараас Д.Мөнхбат эмнэлгийнхээ ажилтнуудыг гадуурхан солонгос эмч нарын визний сунгалт, Монголд эмчилгээ эрхлэх үйл ажиллагаанд илт саад учруулж, сүүлдээ “MBS Med” ХХК-ийг эзэмших эрхийг хуурамчаар үйлдэж өөртөө бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэж зүтгэх болж, зарга үүсгэсэн байдаг. Түүнчлэн 2016 оны гуравдугаар сард байгууллагын хувьцааг худалдаалах нууц гэрээ байгуулан гарын үсгээ зурсан байсан нь илрэв… энэ мэтээр асуудал хөвөрч эхэлсэн учир Д.Мөнхбатыг захирлын албан тушаалаас чөлөөлж, С.Батчимэгийг төлөөлөх захирлаар бүртгүүлэх шийдвэрийг Солонгос захирал Ким Бү Соб гаргаж, холбогдох хуулийн дагуу хөөцөлдөн бүртгэлжүүлсэн байна. Мөн Д.Мөнхбат 2016 оны 12 сард “MBS Med” ХХК-ийн дансанд 2.851.294.515 төгрөг буюу Монголын гаалийн импортын үнийн дүн нь 3.004.890.203 төгрөг байсан хэмээн бүртгүүлсэн байдаг. Гэтэл БНСУ-ын гаальд тэмдэглэгдсэн баримтад нь 2.382.202.586 вон буюу тухайн үеийн ханшаар таван тэрбум орчим төгрөг байжээ. Энэ мэт асуудал нь сөхөгдөнгүүт Д.Мөнхбат Солонгос захирал Ким Бү Собыг залилан хийсэн сэжигтэн гэж зарга үүсгэн Монголын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж.

Харин энэ хэргийг Монголын хууль хяналтын байгууллага шалгаад 2019 оны 9 дүгээр сард хэрэгсэхгүй болгосон ч асуудал дууссангүй. 2017 оны 9 дүгээр сард Д.Мөнхбат MBS Med ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг залилан ашиглан өөрийн эзэмшлийн “MGD Med” гэх эмнэлэг байгуулан Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гаргуулав. Эмнэлгийнхээ нэр дээр компани байгуулан хувьцааны эрхийг М.Гэрэлсайхан болон хамтрагч Д.Баасанжавтаа хувааж шилжүүлж өгсөн байна. Тэр бүү хэл компаниараа дамжуулан Худалдаа хөгжлийн банкнаас 4.930.000.000 төгрөгийн зээл авч эмнэлгийн барилгыг худалдан авчээ. Өөрөөр хэлбэл Солонгос захирал Ким Бү Собд MBS Med ХХК-ийн буюу эмнэлгийнх нь байрлаж байсан барилгыг түрээсэлж байсан гэчхээд уг солонгос эмнэлгийн техник төхөөрөмжийг ашиглан бас нэгэн эмнэлэг байгуулан, байгуулсан эмнэлэг дээрээ компани байгуулан түүнийгээ барьцаалан банкнаас зээл авах… залиланг гардаж үйлдсэн Д.Мөнхбатын хамгийн ойрын хамтрагч нь Д.Баасанжав гэгч нөхөр байв.

“МОНГОЛ ХЬЮНДАЙ” ЭМНЭЛЭГ “MBG MED” БОЛСОН НЬ

Ингэж тэдний булхай илэрсэн учир “MBS Med” ХХК буюу Солонгос захирал Ким Бү Соб Монголын хууль хяналтын байгууллагад ханджээ… 2020 оны нэгдүгээр сард Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт холбогдуулан гаргасан гомдлыг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөн оны долоодугаар сард прокурор хянан шалгаад шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Д.Мөнхбатын үйлдсэн залилангийн гэмт хэрэгт 12 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 758.837.854 төгрөгтэй тэнцэх үнийн дүнг нэхэмжлэгч Солонгос захирал Ким Бү Собд төлж хохирол барагдуулахаар, ингэхдээ Д.Баасанжав нь дээрх хөрөнгийг яг хууль бус гэдгийг мэдээгүй учир гэм буруугүйд тооцож дүгнэлтийг анхан шатны шүүхээс гаргасан байна. Харин гадаад хүн гэдгийг нь ашиглан компанид оруулсан хөрөнгө оруулалт болон эд хөрөнгийг булаан авч, тус хөрөнгийг шууд ашиглан өөр компани байгуулан, банкнаас их хэмжээний зээл авч ашиг олсон нь мөнгө угаасан хэрэг, мөн хувийн эзэмшлийн хамгаалалт, баримтад тулгуурласан гомдолыг хэлэлцэхгүйгээр Монгол Улсын хууль хяналтын байгууллага Монголд иргэнийхээ талд улайм цайм илтэд үйлчилж, бусдыг хохироох үйлдэл гаргаж байгаад гомдсон Солонгос захирал Ким Бү Соб давж заалдахаар болжээ…

Үргэлжлэл бий…

+ There are no comments

Add yours