Хөөсөрсөн улс төр, хөлгүй попролтын золиос хөтөл

Эрх мэдлийн шуналд гавлагдсан хувийн хэвшил хэзээ ч ашигтай ажилладаггүйн жишиг, ашигтай ажиллаж эхлэнгүүт нь төрийн нэрээр булааж аваад хэсэг зуурхан хоосон пиараар тэнгэрт тултал хөөргөдөж байгааг нэг л мэдэхэд үнэнд гүйцэгдэж, хашааны буланд шороонд дарагдаж хэвтдэг хатуу тавилангийн ээлжээ хүлээж байдаг нь нэн харамсалтай.

Хэсэгхэн шуналтай нөхдийн шуналын тусгалд жамаараа явж байсан үйлдвэрүүд өртөөд зогсохгүй, хагас суйлсан ханцуйнд орж замхардаг болсон нь нууц биш. Саяар биш тэрбумаар биш наядаар ашиг ярьдаг хүмүүс  Монголын төрийн албанд улс төрийн хамгаалалт татаастай “хурган дарга” нар болсон төдийгүй, унталгын өрөөнийхөө сейфэнд 10 тэрбумыг өлхөн мартчихдаг болсон нь эгээ л “…төлөгний үс төлжсөн”-ийг харуулсан хэрэг буй биз.

Ийм нэгэн дуулианууд өнгөрсөн хоногуудад сошиалын шуургыг сэвж, гэнэ алдсан олон хүн хөл мэдэн гүйлдэж, хэл мэдэн хэлхээгээ угсарч сандралдсан өнөө цагт улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа томоохон татвар төлөгч, дотоодын хөрөнгө оруулагчдын нурууг ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР хэмээн эрх мэдэлтнүүдийн шуналын гав холгож, хэмхчих нь хэрээс хэтэрсээр…

Ингэхэд энэ улсын хөгжлийг зөв замд оруулах ЗОРИЛГО хаана саатаж, зорилгод хүрэх чиглэл хаана мурийх болов. Улсын эдийн засгийг нуруундаа үүрсэн татвар төлөгчид гадуурхагддаг нь бараг энгийн зүйл болчихсон энэ нийгэмд төрийн “ивээлд очсон” цементийн үйлдвэр хэзээ улсынхаа хөгжилд нэмэр болж эхлэх юм бэ.

2022 оны 12 дугаар сарын 22-нд Л.Наранбаатар, хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Хөтөл ХХК, Хөтөл цемент шохой ТӨХК тусдаа компани. Хөтөл ХХК бол Безмент гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компани. Хөгжлийн банкны 61 сая ам.долларын зээл өнөөдрийн байдлаар 340 орчим тэрбум төгрөг болж байна. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг төрийн өмчит компаниас нэхэж байна.

Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг Цемент шохойн үйлдвэр төлөхгүй. Тэгээд ч сахал Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкнаас авсан зээлээ манай үйлдвэрт зарцуулаагүй. Цемент шохойн үйлдвэрээр дамжуулж, цааш нь өөр зүйлд зарцуулсан байх магадлалтай байна. Хөгжлийн банкны зээл дээр манай орлогыг нэмээд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан гэж би харж байгаа.  Хөтөл цемент шохой ТӨХК Хөгжлийн банкинд ямар ч өр байхгүй. Харин ч сахал Д.Эрдэнэбилэгийн төөрөгдүүлсэн Хөтөл ХХК-иараа 375 тэрбум төгрөгийн хохирлыг Цемент шохой ТӨХК-д учруулсан…” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл үнэн хэрэгтээ, нойтон аргын технологитой үйлдвэрийг Концессын гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшлийн компани сэргээж, хугацаа алдаж нэмээд санхүү хөрөнгө дэмий зарцуулахаас зайлсхийж хуурай аргын технологи бүхий өөр үйлдвэрийг дэргэд нь байгуулсан нь өнөөдөр ч бодитоор ажиллаж буй юм билээ. Түүгээр зогсохгүй, авто болон төмөр зам, эрчим хүчний дэд станцын зэргээр 30-аад обьект барин ашиглаж байгаа нь Л.Наранбаатарын “ад үзэн” шуугиан дэгдээж буй банкнаас авсан зээлээр хийсэн бүтээн байгуулалт болохыг эх сурвалж өгүүлж буй. Мэдээж ямар ч банк гаргасан зээлийнхээ үр дүнг эргэж хянах нь ойлгомжтой. Энэ утгаараа гаргасан зээлийнхээ хүрээнд хийсэн ажил, бүтээлийн үр дүнд хяналт тавьж, хариуцлага нэхэн жил бүр хянаж, шалгаж  ажиллаж буйгаа Хөгжлийн банкныхан өгүүлж буй.

Энэ бүхнийг өгүүлэх зуур нэгэн зүйлийг сануулахад, 2022 оны есдүгээр сарын эхээр Зам тээврийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажилтай танилцаж ирэнгүүтээ шөнө дөлөөр “Хөтөлийн цемент шохой үйлдвэр цемент нийлүүлэхгүй тасалдсанаар замын ажил саатах гол шалтгаан болоод байна” гэсэн утга бүхий жиргээг цахимд үлдээж, багагүй шуугиан тарьж байв. Шинэхэн сайдын жиргээний хариуг “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан даруйхан барьж, “Дарханы замд 235 вагон буюу 15.500 тонн цемент нийлүүлсэн” хэмээн бичсэн нь хувийн өмчийг төрд хураан авч, төрийн ачааг төр үүрэх ёстой хэмээн даналзаж байсан Ерөнхий сайдыгаа чамгүй чимхсэн хэрэг болсон юм.

 “Хөтөл цемент шохой” үйлдвэрийг хувийн хэвшлээс хураасан эзэн нь Л.Оюун-Эрдэнийн толгойлсон одоогийн Засгийн газар. Гэтэл энэ Засгийн газрын нэг гишүүн сайд төрд авсан өмч төсөөлсөнөөс муу ажиллаж байгааг шулуухан хэлсэн нь таван жилийн турш бүтээн байгуулалт нэртэй бөөн төвөг чирэгдэл болж, олон хүний амь нас эрүүл мэндийн нөхөж баршгүй гамшгийг учруулсан Дарханы замын “там”-ыг дуусгах биш сунжруулж, тэр дундаа бүүр чирэгдүүлж лай болсон эзэн нь өнөө л төрд авсан цементийн үйлдвэрт томилогдож очсон шоучин этгээд байсан нь эмгэнэлтэй ч үнэн түүх. Очсон цагаасаа ашигтай ажилласан хэмээн шоудсан нөхрийн ажил ам нь зөрсөн үйлдэл байсныг шинэхэн сайд шулуухан хэлж, хэлэхээр барахгүй нидэрч орхисон нь энэ байв.  Уг нь ямар ч улсад тэр дундаа хөгжиж буй оронд улсынхаа эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил ашигтай ажиллах тусам төр хол байж боломжийг бүрдүүлж энэ хэрээр улсын хөгжилд нэмэр болох учиртай. Харамсалтай нь ямар ч асуудал ялангуяа “ашиг” хэмээх үг ороод л ирвэл төрийн төмөр бугуйл хүзүүнд нь лавхан углагдаж, эрх мэдэл, ямба эдэлсэн хэсэг бүлэг этгээдүүд уулгалан дайрч, угт нь тултал булааж авдаг нь жам болтлоо жишиг болсон гаж үзэгдлийн хол биш жишээ нь Хөтөлийн цементийн үйлдвэр. Харин энэ үйлдвэр өнөөдөр поп даргын шоуны талбар, хөөсөрсөн сурталчилгааны нөгөө тал болчихоод байгаа нь нууцгүй үнэн болчихож…

+ There are no comments

Add yours