Захаа харлатал зүтгэсэн ч мөрдөгчөөс бултах гэмт хэрэг гэж үгүйг харуулав, браво

Тэнгэрийн доор хууль бий, талархал бүхэн ДАРХЛАА болог, баярлалаа хэмээн хэлмээр санагдах өдөр хоногууд өнгөрч байна. Авлига албан тушаалын хэрэг шалгахад илрүүлэхэд хамгийн хэцүү байдаг гэж олон жилийн өмнө Цагдаагийн мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн нэгэн хурандаа өгүүлж байж билээ. Цэмцгэр ганган тэр хурандаатай ярилцлага хийж дуусаад сул ярилцаж байхдаа шалгаж байгаа хүмүүстээ дорд үзэгдэхгүйн тулд брэнд биш ч маш цэвэрхэн, цэмцгэр хувцаслах нь хамгийн чухал байдаг. Хүмүүс айхтар жижигхэн зүйл дээр өө хайж, доош дарах гэж оролдоно. Ялангуяа эдийн засгийн гэмт хэрэгт ихэвчлэн их мөнгөтэй, өндөр албан тушаалтай хүмүүс холбогдоно. Тиймээс тэднээс ялгарахгүй түвшинд байж тэднийг шалгана. Үгүй ядаж өглөө бүхэн усанд орж, үсээ засуулж, хумсандаа хиргүй байх ёстой хэмээн өгүүлсэн тэр хурандаагийн үг одоо хэр надад сонсогддог шалтгаан нь миний мэдэх ЭДИЙН ЗАСГИЙН шинж тэмдэгтэй хэргүүд  улам төгөлдөржиж буйд байх шиг.

Бид том хэргийг томчууд хийдэг гэж боддог. Гэтэл том хэргийг томчууд дагасан “хүүхэд” ч хийж болохыг Төмөр замын хурган даргын гэрээс “олдсон” долоон тэрбум, Үндэсний статистикийн газрын даргын 250-хан мянган ам.долларын асуудал харуулав, өнгөрсөн өдрүүдэд. Гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг илрүүлэх, түүнийг нь тогтоох гэж мөрдөх шалгаж ажиллах цаг хугацаа их ордог, нарийн төвөгтэй, нууц, арга ухаан, техник хосолсон хэцүү ажил. Тэр дунд эрх мэдэл, албан тушаалтнууд холбогдсон хэргийг илрүүлэх, гэмт хэрэг мөн гэдгийг баталгаатай тогтоох. Ялангуяа эдийн засгийн гэмт хэрэг буюу зохион байгуулалттай, албан тушаалын гэмт хэрэг буюу цагаан захтны хийсэн гэмт хэргийг хөдөлбөргүй тогтоож, илрүүлнэ гэдэг маш хүнд.

Бараг л цаг хугацаа гадна дотнын нөлөөлөл ихтэй байдаг хуулийн торгон ирэн дээр алдвал өөрөө ч гэмт хэрэгтэн болчхож мэдэх нөхцөлд ажилладаг АТГ, Эдийн засгийн гэмт хэрэг шалгадаг цагдаагийнхан, прокурорынхныг ажлаа хийж байгаад талархдаг шигээ зөв зүйл дээр бахархан багтаж, бас өмөөрөх нь зүйд нийцэх буй за. Хамгийн хүнд нөхцөлд маш их зөрчлийг туулан, зориг гарган ажиллаж гэмт хэргийг илрүүлж байгаа хүмүүс бол хууль хяналтын гүйцэтгэх албаныхан. Цагаан захтнуудыг бид номоос, киноноос мэддэг бол тэд нүүрээрээ тулж, тархиа ажиллуулж, ур ухаанаа шавхаж байж нотлох баримтыг цуглуулж, хийсэн гэмт хэргийг нь хөдөлбөргүй баримтаар илрүүлдэг. Энэ л эр зоригийг, ур чадварыг бид хүндэлнэ.  

Өндөр албан тушаал, их эрх мэдэл, зуу биш сая биш тэрбум биш бүүр их наядаар яригдах их мөнгөний эсрэг тэд ажиллаж байна. Өнгөнд хууртаж, мөнгөнд сөхөрсөн олныг, тэр дундаа хэвлэл мэдээллийнхнийг худалдан авч, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш хандуулж асуудлыг өөр чигт шилжүүлэх зэргээр гэмт хэргээ нуун далдлах улмаар төөрөлдүүлэх оролдлого бүхий том бүлэглэлийн эсрэг үзэл бодол мэргэжлээрээ бамбай хийн сөрж ажилладаг хэсэгхэн хүмүүс бол хууль хяналтын гүйцэтгэх албаныхан. Тэд ингэж ажиллаж чадсан учир өнгөрсөн өдрүүдэд маш том тэсэлгээг нийгэмд хийсэн нь НҮҮРСНИЙ хэргийг илрүүлэв.

 Хоёрхон үгэнд багтах ч Монголын эдийн засгийг багагүй хөдөлгөж хөндсөн энэ аймшигтай гэмт хэргийг илрүүлнэ гэдэг маш урт цаг хугацаа, мэдлэг мэргэжил шаардсан байж таарна. Тиймээс энэ нийгэмд, төрд ажиллаж байгаа тэр дундаа яг торгон ирэн дээр ажиллаж байгаа байгууллага, ажилтнуудын ДАРХЛААг бид мэдэрч хүндлэх ёстой. Тэр мэдрэмж тэр хүндлэл өнөөдөр НҮҮРСний хулгайчдыг илрүүлсэн мэргэшсэн алба хаагчдад очих ТАЛАРХАЛ байх болно. Тиймээ, илрүүлж чадсан хэрэг бүхэнд тань, илрүүлэхээр ажиллаж байгаа цаг хугацаа болгонд тань, эвлэж ажиллаад ур чадвараа шалган эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаад тань эрхмээс эрхэм ТА БҮХЭНД бид талархаж байна. ТАЛАРХАЛ  бүхэн маань ДАРХЛАА  болж та бүхэн улам илүү ур чадвартай байж гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар битгий үлдээгээрэй, баярлалаа АТГ, баярлалаа, цагдаа нартаа. Та бүхэн хичээж ажиллаж чадлаа…

+ There are no comments

Add yours