Улс төрчдийн ил ТЭМЦЭЛ шуналын далд ДЭВҮҮР

Нүүрс тойрсон дуулиан-2

Нүүрсийг тойрсон хулгай буюу “Нүүрсний хулгай” гэх ойлголт 2009 оноос хүчээ авч эхэлсэн байдаг. Энэ үеэс эрх мэдэл, албан тушаалтнууд үгсэн хуйвалдах замаар нүүрсний хулгайг эхлүүлсэн нь нүүрсний уурхай аман дээрээс хямд үнээр авч, хилээр гарган өөр үнээр зарах замаар дундаас нь ашиг олж хөлждөг байсан нь эдүгээ хүртэл үргэлжлэхдээ улам төгөлдөржсөөр мафи болтлоо хүрээгээ тэлж, “нүүрсний хулгай” хэмээх “хавтаст хэрэг”-ийг зузаатгах болжээ.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн “нүүрсний хулгай” хэмээх эдийн засгийн томоохон хэргийг илрүүлнэ, зарлана, тэдэнтэй тэмцэнэ гэдгээ үе үе зарлаад чимээ алдардаг болов. Учир нь тэдгээр нэрсийг яг зарлах дээрээ тулахад одоогийн  УИХ, Засгийн газраас нэлээд нь буюу 30 гаруй нь хутгалдчихсан байдаг. Тиймээс “нүүрсний хулгайчдыг шалгах хэрэгтэй, зарлах хэрэгтэй” гэж олон нийтээс дэмжлэг авах болохоороо олон камер эгнүүлж байгаад сүржин мэдээллийг даржин өгүүлэх болсоор багагүй хугацаа үдсэн. Ийм ч учраас өнгөрсөн өдрүүдэд залуучууд нэгдэн жагсаж, саарал ордонд тухалдаг эрх мэдэлтнүүдийг багагүй сандаргаад авав. “Нүүрсний хулгай” гэх сүржин эхлээд даржин дуусдаг энэ байдалд бухимдсан олныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэргийн асуудлыг зөөлрүүлж, “хэвлэлээр яваад байгаа тоо нь ташаа байна, тийм их нүүрс хулгайгаар гарах ямар ч боломжгүй” хэмээн мэдэгдэж даарин дээр нь давс үрчихсэнээс ялгаагүй болгочихов.

Хамгийн гол нь мэдээлэлгүй хүн ч бухимдахад хүргэсэн гол зүйл нь УИХ-аас Г.Ганболдоор ахлуулсан “Нүүрсний хулгайн” Түр хорооныхон юм. тус түр хорооны гишүүд нь илтэд сонирхлын зөрчилтэй нөхдүүд. Дүү нь Хангийн боомтод талбайтай, дүү нар Гашуунсухайтад нүүрс тээврийн машин олноор худалдаж авсан гишүүдийн асуудал ид яригдаж байхад Түр хорооны дарга Г.Ганболд Түр хорооныхоо хянан шалгагчаар Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг томилсон нь  гэмт хэрэгт нэр холбогдож намаасаа хөөгдсөн хүнд итгэж ийм хариуцлагатай албыг хариуцуулж байгаа нь өнөө л нутаг усаараа сүүжилддэг “муухай монгол зан”-гийн илрэл юм. Учир нь Сугар, Ганболд хоёр Өвөрхангай нутгийнхан юм.

Асуудал ингээд дуусаагүй юм. Үүссэн асуудлыг цэгцлэх гэж сольсон албаныхан нь Гашуунсухайт дахь гааль, Цагаанхад орчимд асуудалд холбогдсон  ичгүүр нь илрэв. Энэ бол  Гашуунсухайт дахь Гаалийн газарт удирдах албан тушаалтан Гаалийн ерөнхий газрын дарга асангийн ойрын хамаатан бүл дүү байж таарав. Ингээд зогсохгүй их хурлын гишүүн, сайд нарын нэрийг барьсан албан тушаалтнууд нэмэгдэж, эцэс сүүлдээ  гаалийн байцаагчид нь Гашуунсухайтад нүүрсний машин, ковш ил цагаан худалдан авч, ажиллуулж эхлэх нь тэр. Ийм увайгүй зүйл гэж байх уу.

Хилээр гарч байгаа нүүрстэй хамаарал бүхий хэргүүд хууль хяналтын байгууллагуудын харцнаас гадуур өнгөрсөнгүй. Гэсэн ч хууль хяналтынхан шалгасан ч хуудуутай зүйлс үлдсээр. Учир нь хил дамнасан бүлэглэл, авлигад амташсан албан тушаалтнуудын сүлжээ арай л дэндүү нягтаршиж, Ханги, Гашуунсухайт зэрэг боомтуудад хулгана зурам ч багтахгүй болтол шигдчихсэн нь харамсмаар. Албан тушаалаа ашиглагчид, авлигачдын сүлжээ далд ч биш бүр улаан цагаандаа гартлаа догширсон энэ цагт хууль хяналтынхан хэдэнтээ ажиллаж, асуудлын хүрээг хумих гэж хичээж байгаа ч үнэндээ хүч, эрх мэдэл нь дутаад байгаагаа ч нуусангүй.

Эрүүгийн цагдаагийн албанаас 2013 оноос өмнө гарсан хэрэгт 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад 2014 онд Нийслэлийн прокурорын газар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 2013-2018 онд Гаалийн ерөнхий газрын шалгалт, 2013-2017 онд нүүрсний экспортын худалдан авалтын боомтын мэдээтэй тулгаж 27 аж ахуй нэгжийн нэр дээр 351.3 мянган тонн нүүрс, Монгол Улсын 19 аж ахуй нэгжийн нэр дээр 590.9 мянган тонн нүүрс, нийтдээ 942.3 мянган тонн нүүрс илүү хэмжээтэй гаргасан байж болзошгүй гэж үзэж, хэрэг бүртгэлт хийж шалгаж байна хэмээсэн. Мөн хэрэг бүртгэлтийн явцад БНХАУ-ын гааль дээр бүртгэгдсэн Монгол машиныг тодруулахад хятадаас “манайх энэ мэдээллийг өгөх боломжгүй байна. Тухай үеийн программ хангамж ажиллахгүй байна” гэсэн хариу өгсөн. Нийтдээ дөрвөн удаа хандахад сүүлийн хоёрт нь ямар хариу нь ирүүлээгүй гэсэн бол 30 хоногийн хугацаанд 370 мянга тонн нүүрс гаалиар хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй гэсэн хэргээр холбогдох албан тушаалтнуудыг нь АТГ-т шилжүүлэн шалгаж байгаа гэх.

Харин АТГ-аас, 2011 онд нүүрс бүрдүүлэлтгүй нэвтрүүлсэн гэсэн нэг хэрэг шалгагдаж, 2014 оны нэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Манайд нүүрстэй хамааралтай 2013 оны хэрэг гэж байхгүй. Гаалийн ерөнхий газраас 2022 онд хилээр хууль бусаар нүүрс нэвтрүүлсэн хэрэгтэй холбогдуулаад ЦЕГ, АТГ-ын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг гарч 2022 оны дөрөвдүгээр сараас мөрдөн шалгах ажиллагаа явуулсанаар  найман хүнтэй, долоон машинаар 3000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлгүй нэвтрүүлсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай шийдвэрлэсэн. Мөн нүүрс болон С зөвшөөрөлтэй холбоотой есөн хэрэг,  нүүрс хууль бусаар, бүртгэлгүй нэвтрүүлсэн гэх 20 гаруй хэрэг ажиллагаанд байснаас  нэлээдгүйг нь хааж, хахууль авсан 3-4 хэргийг урд онуудад шийдвэрлэж байжээ.

Мөн нүүрс тээвэрлэгч 86 компани 2013-2017 онд 2527 машин 18 мянган удаа улсын хилээр хоосон гаргасан тухай мэдээлэл байдаг. Гэтэл 260 км замд хонон өнжин дугаарлах тэдгээр машинуудыг хоосон байж хий дугаарлаж хилээр гарна гэхээр нэг л итгэл үнэмшил төрөхгүй байгаа биз? Бидний ч анхаарлыг татсан учраас цааш мөшгин судалбал, гааль, хилийн цэргийн цахим системд хоосон гэж бүртгээд гаргадаг, эсвэл бүртгэхгүй гаргадаг асуудал 2013-2017 онд байж. Өөрөөр хэлбэл 5-8 жилийн өмнө энэ асуудал байсан учраас Эрүүгийн цагдаагийн албанд гурав, АТГ-т хоёр хэрэг шалгагдаж байгаа юм байна.

Орон нутгийн Тавантолгой ХК-аас 54 аж ахуй нэгж 6.257.610.92 тн нүүрс худалдан авч, компанийхаа нэрээр гаальд мэдүүлсэнтэй тулган үзэхэд гаальд 4.445.666.720.96тн нүүрс мэдүүлсэн байв. Харин 237.080.46 тн нүүрс гаргаагүй үлдэгдэлтэй байгаа нь худалдан авсанаас 591.586.48 тн нүүрс илүү гаргасан харагдаж байгаа юм. Тавантолгой ХК-иас нүүрс худалдаж аваад тус компаний нэр дээр  хятадын 55 компани экспорт хийсэн боловч үлдэгдэл нь 623.334.00 тн  харин  хятадын 24 компани худалдан авсанаасаа 2.11552.70 тн нүүрс илүү экспортолсон  байх юм…

Сэтгүүлч Х.Заяа

Үргэлжлэл бий

.

+ There are no comments

Add yours