Ичих нүүргүй их худалчуудад эрх мэдэл нь хүнддээд байна, одоо боллоо!!!!

Ич, Ерөнхий сайдаа, ич Их хурлын дарга аа, ич Ерөнхийлөгчөө. Та бүхэнд төрийн бүх эрх мэдэл, төрийн тусгай албад байна. Гэтэл албан тушаалаа ашиглаж, улсаа тоносон авлигач, хулгайчидтай тэмцэхэд ард түмний оролцоо хэрэгтэй байна гээд матрын нулимс унагаахаас ич!!!!!!

Одоогоос хоёр жилийн өмнө 2020 оны Улсын их хурлын сонгуульд МАН давуу эрхтэй олонхи болж ялалт байгуулсан. Та бүхний найруулсан жүжиг, улс төрийн амлалт байгуулсан Засгийн газар, Улсын их хурал харин өнөөдрийн энэ нөхцөл байдлыг бий болгочихлоо. Сонгуулийн, намын мөрийн хөтөлбөр, амлалтын нь талаар та бүхнээс өнөөдөр хэн асууж, хэзээ хариуцлага нэхэж болох юм бэ?

Хоёрхон жилийн өмнө гэрийг нь өргөж гүйхэд бэлэн явж сонгуулсан ард түмний чинь амьдрал өнөөдөр ямар түвшинд очоод байна. Монголын эдийн засаг, нийгмийн байдал яаж байна. Ядуурал ажилгүйдэл, утаа түгжрэл, ажилгүйдэл, архидалт газар авч, ажил хийх дургүй нэн ядуу бүлэг бий болж, соёлт нийгэмд гуу ганганы мухарт хагас жил найруулсан спиртээр өдөр хоногийг өнгөрөөж, уруудсаар улнаас дорд түвшинд амьдрах гэж зүдэрч байна. Үүнд хэн, хэзээ хариуцлага хүлээх юм бэ???

Үнэндээ, энэ улсад улс төрчдөөс хариуцллага нэхэхэд гэм буруутан болох энүүхэнд. 2018-2020 онд хариуцлага ярьж шаардахаар “60 тэрбумтаны гар хөлийн үзүүр, суганы үс” гэсэн нэр зүүгээд нам дарчихдаг байв. Гэтэл эдүгээ албан тушаалтан, эрх мэдэлтнүүдээс  хариуцлага нэхэж, үүрэг шаардвал “үгийн зөрүүгүй” НҮҮРСЧИН гэдэг цол зүүгээд дэвсэлж орхидог болов. Гэтэл яг үнэндээ жинхэнэ “НҮҮРСЧИД” нь улс төрчид, албан тушаалтнуудтай хүзүү сээрээ холбож, хөл хэрээтэй гар холбоотой хутга тавихгүй мах идэж, хундага тавихгүй архи уусан, ёолк хэсэж, ярзайж чихэлдсэн цамцныхаа товч нь бүлтэрсэн цамцандаа багтаж ядан аахилж байна.

Нөгөө ихийг амалж, мундагийг ярьж байсан Засгийн газар, сайд нар, Их хурал, гишүүд өндөр албан тушаалтнууд нь таг чиг, нүдэн балай чихэн дүлийгээр барахгүй, үүрэг хариуцлага нэхсэн иргэдээ элдвээр хардаж, өвөр зуур нь тэмцэлдүүлэн хагаралдуулж суух. Арай дэндүү биш гэж үү. Өнөөдөр энэ улсад албан тушаалтан хэн ч байсан өөр үүрэг, хариуцлага хүлээхээ байсан байхад хэн хэзээ ярьж хариуцлага нэхэж болох юм бэ?

 Хулгайтай тэмцэх ёстой, ойлгомжтой. Гэхдээ хулгайтай тэмцэх, хулгайг хянах үүргээ ерөөсөө биелүүлж чадахгүй байж төрийн эрхийг барих хэрэг байна гэж үү. 2020 оны зун  “шүдгүй арслан”-г шүдтэй болгож өгсөн, Монголын ард түмэн. Хулгайтай тэмцэх бүх эрх мэдэл тэдэнд бий. Хяналт тавьж хариуцлага нэхэх байгууллага, хүн хүч нь бүгд тэдний эрх мэдэлд байна. Гэтэл сахил хүртээд шал дордов гэдэг шиг сүүлийн 10 жил л хулгай гэж ярилаа.

Сүүлийн хоёр сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг авсан. Төрийн эрхийг тасралтгүй зургаан жил барьсан МАНд  хулгайчдыг илрүүлэхэд эрх мэдэл нь хүрэхгүй байгаа мэт ярьж, хулгайгаа хянаж чадахгүй байгаагаа гайхаад учрыг нь ойлгохгүй юм.

Төрийн тусгай бүх албадад эрх баригч МАН-аас тавьсан хүмүүс, цэрэг дарга хийж байна. Сүүлийн дөрвөн жилд Оюун-Эрдэнэ гэгч хүнд төрийн бүхий л эрх мэдлийг атгаж байгаа атлаа “хулгайчийг илрүүлэхэд ард түмнээсээ тусламж хүсэж байна” хэмээн жүжиглэхээс ичээч. Төрийн хатуу чанд хяналт байдаг бүсэд хэн хулгай хийх юм бэ. Эрх мэдэлтнүүдийг томилсон нөхөд л хулгай хийх зоригтой байж хулгай хийж байгаа биш гэж үү. Гэтэл энэ бүхнийг мэдээгүй, хараагүй, илрүүлэхэд эрх мэдэл хүрэхгүй байна хэмээн гоншигнох байсан юм бол ичих нүүрээ элгэндээ наагаад энэ албанаасаа буугаад, явцгаа. Иргэд бухимдаж, үнэнийг шаардаж, шударга ажиллахыг шахаж эхлэнгүүт эрх мэдэлтнүүд энэ их хулгайг хэнээс боллоо гэж хэнд үүрүүлж өөрсдөө бултах гээд байгаа юм. Хяналт тавьж чадахгүй баахан хулгай гаргачихаад одоо хэнтэйгээ тэмцэх гээд байгаа юм бэ, Хүрэлсүх Ерөнхийлөгчөө, Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа, Занданшатар Их хурлын даргаа???

Энэ их эрх мэдлийг төвлөрүүлсэн та бүхэн хэнээс тусламж хүсээд байгаа юм бэ. Монголын улс төрчид гадаадын улс орнууд, тэр дундаа  Япон, Солонгос, Хятад, Энэтхэгээс  жишээ татаж туршлага судалсанаа гайхуулж ярьцгаадаг. Тэгсэн атлаа улс төрчид та бүхэн ядаж дээрх аль нэг улсад ийм хэрэг гарсан бол “хулгай гарсан нь үнэн, уучлаарай” гээд өнгөрч болохгүйг мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс мөн биз дээ. Наад зах нь огцорч цаад зах нь цаазаар авахуулдаг гадны орны туршлагыг захын Монгол хүн мэдээд байгаа шүү, ичээчээ!!!!

Ичих нүүргүй их худалчуудад эрх мэдэл нь хүнддээд байна, одоо боллоо. Та нар бүгдээрээ Монголын улс төрөөс явцгаа. Эхнэр хүүхэд, элдэв хамаатан садангаа авч явахаа мартав аа!!!!

+ There are no comments

Add yours