Ч.Номин: Хаашаа аялах вэ гэхэд л толгойд нь орж ирэх орнуудын нэг нь Монгол байх төлөвлөгөө гаргаж байна

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Соёлын сайд Ч.Номин Монгол Улсыг олон улсад сурталчлах төлөвлөгөөний тухай танилцуулав.

Тэрбээр, “Ерөнхий сайдын ахалсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, хоёрдугаарт Монгол Улсыг соёлын аялал жуулчлалын хувьд гаргаж ирэх эвент, арга хэмжээ юу байх вэ гэдэг хоёр ажил дээр голчлон ажиллаж байгаа. Монгол Улс нэгдсэн байдлаар өөрсдийгөө олон улсад коммуникацийн төлөвлөгөөтэйгөөр танилцуулж, сурталчилсан тохиолдол ховор байсан.

Тэгэхээр Монголд зочлох жилийг 2022-2025 оны хооронд бий болгохоор зарлаж байгаатай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан танилцуулах коммуникацийн төлөвлөгөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд Монголыг илэрхийлэх түлхүүр үг, цаашлаад ямар өнгө төрхөөр илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлсон. Энэхүү тодорхойлолтыг хийхдээ мэргэжлийн холбоодын талыг оруулсан. Монголд Зочлох жилтэй уялдуулан “Welcome to Mongolia” гэх илэрхийллийн хүрээнд дүр төрхийг уялдуулан гаргасан.

Монгол Улсыг төлөөлөх гол бүтээгдэхүүн нь аялал жуулчлал байна. Залуу, энерги сайтай улс гэдэг утгаар өнгө төрхийг тодорхойлж гаргаж ирсэн.

Мөн олон улсад байхгүй соёлын өв дээр суурилсан түлхүүр элементүүдийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна. Хаашаа аялах вэ гээд компьютероо асаахад толгойд нь орж ирэх орнуудын нэг нь Монгол байх коммуникацийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours