Төрийн тэргүүний “зочилсон” үйлдвэрүүд нь дампуурч, эзэд нь шоронд ордог юуны давхцал вэ?

Томоохон хувийн хэвшлүүдийн ажил нь зүгширч эхлэхээр төрийн оролцоо нэмэгдэж, эздэд нь шорон эсвэл… гэдэг сонголт гарч ирдэг гаж зуршил газар авав. Магадгүй өнөөдөр эс ч маргааш ч хэнд ч тохиолдож мэдэх энэ байдал газар авсаар эдүгээ шоронд хоригдож үзээгүй үндэсний үйлдвэрлэл эрхлэгч байхгүй болохдоо тулж. Гэхдээ энд нэг сонин зүйл анзаарагддаг юм.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж очиж ажил байдалтай нь танилцсан Монголын томоохон үйлдвэрүүд түүнийг очсоноос хойш үүд хаалгаа барьж, үйлдвэрийн эзэд шоронгийн хаалга татдаг нэг тийм цаг хугацааны давхцал бий болсон байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК” ХХК-ийн Евроблокны үйлдвэртэй танилцлаа. 2015.10.15


Тухайлбал, 2018 оны зургадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдахад, 2018 оны аравдугаар сарын 15-нд МАК-ийн үйлдвэрүүдтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараа бологчдын хамтаар очиж сүр бараатай уулзаж, сүртэй сүртэй мэдээлэл хийж, Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэр байна хэмээн талархсан талаар Ерөнхий сайдыг дагаж очсон хэвлэлийнхэн онцлон цохож тэмдэглэсэн сурвалжилга нийтлэл бичсэн байдаг юм.


Мөн 2020 оны есдүгээр сарын 17-нд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, 2020 оны есдүгээр сарын 21-нд Дарханы арьс ширний цогцолборт тэрбээр бас очсон.

9 сарын 17-ны өдөр Хөтөлийн “Цемент Шохой” ХК-аар зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцав. 2020.09.21

Мэдээж баг хамт олноороо сүртэй очсон тэрбээр үйл ажиллагаатай нь танилцлаа, Хүнд үйлдвэрүүдийн эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна хэмээн асуудал хариусан салбарын сайдад үүрэг өгч, улс эх орон маань үйлдвэрүүдээ түшиглэж хөгжинө, одоо бид алзахгүй сайхан хөгжихөөр болчихож хэмээн өнөө л цаасан малгайгаа үйлдвэрийн эздэд лавхан шиг өмсүүлж орхиод буцсан тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 13-нд Төрийн тэргүүний хувьд авлигатай тэмцэх бүх үйл хэрэгт манлайлан оролцоно хэмээн Авлигын эсрэг үндэсний чуулган дээр ам бардам өгүүлж байв.
Өөрөөр хэлбэл МАК, Хөтөл, Дарханы арьс ширний цогцолбор, Дорноговийн газрын тосны үйлдвэрүүд өнөөдөр бүгд хүнд байдалд орсон байна. Энэ бүгд өмнө нь төрийн оролцоогүй байхад хүчин чадлаараа ажиллаж Монголын хөгжилд түшиц болж байсан бол өнөөдөр хэл ам хэрүүл зарганы бай болж, хөөрхий эзэд нь түрүүчээсээ шоронгоос суллагдаж, сүүлчээсээ шоронгийн түр саатуулах өрөөнд хоног өнгөрөөж, үйлдвэрийн ажилчдад өгөх цалинг, татвараа өмгөөлөгчид зориулан шүүр сам шиг хуулийн цоорхой бүхнийг шүүрдэн өөрсдийн буруугаа хайж бэдэрч байна гэхэд хэтрүүлсэн болохгүй нь.
Үндэсний үйлдвэрлэгч бүхнээ нухчин дарсан төрийн нэртэй “махны машин”-ы сэнсэнд хэрчүүлж байгаа эздэд энэ улсад бүтээн байгуулалт хийж эх орноо хөгжүүлье гэсэн хүсэл мөрөөдлийг “улс төр” гэсэн хүйтэн хатуу үгээр мохоож хөл дээрээ зогссон үйлдвэрийг хэдхэн эрх дархтай нөхдүүд төрийн нэрээр бамбай хийн булааж аваад байхад үйлйдвэр байгуулан гарч ирэх дараагийн үе үлдэх билүү, эрхэм эрх баригчид аа, Ерөнхийлөгч өө. Та гишгэсэн мөр бүхнээ эргээд хар даа. Таны Ерөнхий сайдаас Ерөнхийлөгч хүртлээ очсон үйлдвэр бүхэн дампуурч, эзэд нь шоронд орох ёстой юм бол саарал ордоноосоо гарах хэрэг байгаа юм уу?
Үүнийг бичигч би хэнийг ч гүтгээгүй болно. Энэ ч утгаараа нийтлэлийн эхэнд У.Хүрэлсүхийн үндэсний томоохон үйлдвэрүүдэд зочилсон он сар өдрийг бичсэн байгаа. Харин өнөөдөр энэ үйлдвэрүүдийн нөхцөл байдал ямар байгааг захын хэвлэл мэдээллийн цахим санг шүүрдэхэд л тодорхой бий. Төрийн тэргүүний айлчлалын дараа тэр нэгэн давхцалын бас нэгэн гэрч болсон хамгийн сүүлийн үйлдвэрлэгч эзэн бол Дарханы арьс, ширний цогцолборын захирал Д.Энхбаяр гэдэг залуу байна. Төр хувийн хэвшлээ дэмжихгүй байгааг бодитоор чангахан дуугарч эхэлсэн түүнийг АТГ-аас өөр зүйлээр тодруулга авна хэмээн дуудаж аваачаад шууд хорьж, тусгаарласан байдаг.
Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод удаагүй байгаа эрх баригч нам, МАН-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, төр нь ямар нэгэн хууль журам, дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог, энэ байдлаас болж бизнесийнхэн бүх ачаалаа үүрэхэд хүрдэг. Энэ бол 21 дүгээр зууны Монгол Улсын хөгжлийн хэлбэр биш. Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн хүнд суртал, саад тотгорыг багасгахад уриа лоозон биш бодит ажил болгох цаг болсон талаар хэлсэн үгэндээ онцолдог болоод бас хэсэг хугацаа боллоо. Ингэхэд эрх баригчдаа, эрх мэдэл та бүхний гарт 100 хувь байхад ярих биш хийж хийх хийхдээ хэлж байгаа шигээ хийх цаг болоод байна. Хэдий болтол шорон гяндан руу хэн нэгнийг чихэх болохоор чавхны чулуу шиг хурдалж, чих баясгаж сэтгэл сэргээсэн яриагаа ажил болгохдоо яст мэлхийн хурдаар майжигнасаар байх юм бэ. Яагаад яриа, бодит байдлын зөрүүг гаргаж, бүтээж хийж байгаа нэгнээ хорин цагдаж хууль хяналтаар боомилж сөхрөөх биш хийх орчинг нь өөрсдөд нь үлдээж хариуцлагаар шахаж бүтээмжээр үүргэжүүлж болохгүй гэж, яагаад тэр вэ???
Үргэлжлэл бий…
Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours