МОХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлжээ

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хийсэн мэдэгдэл Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа зарчимтай нийцэхгүй байгааг харлаа. Тиймээс өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг чөлөөлөх тушаал гаргасан.

Төрийг төлөөлж аливаа шатанд ажиллаж байгаа этгээд ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийг зөрчих эрхгүй. Ж.Соронзон захирлын өчигдрийн мэдэгдэл бидний зориод байгаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг үзэл санааны эсрэг байсан. Тиймээс түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна. Сэтгүүлч, захирал нарын маргаан бол тусдаа асуудал.

Харин ажлаас чөлөөлж байгаа шалтгаан нь Үндсэн хууль дахь иргэний үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотой. Ж.Соронзон захирал ялгаварлан гадуурхалтыг олон нийтэд бодитоор харууллаа. Мөн арга барилын хоцрогдлыг бодитоор харуулсан. Төр иргэдтэйгээ 21-р зууны арга барилаар харилцаж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой юм. Үүний эсрэг үйлдэл гаргасан учраас хариуцлага тооцож байна. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монгол хүүхдүүдийг сургадаг сургууль учраас Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж үйл ажиллагаагаа явуулах ёстой” гэлээ.  

+ There are no comments

Add yours