Орон нутгийн эрх барих эрхийг орон нутагт нь үлдээ Л.Оюун-Эрдэнэ сайд аа

Eрөнхий сайд аа, Ховдын Засаг даргыг томилох асуудлыг нутгаа мэддэг гишүүнд нь үлдээчихвэл нэрэнд чинь цэвэр байх байлаа. Харамсалтай нь аливаа бүх зүйлийг хараандаа байлгаж, өөрөө шийдвэр гаргах гэж зүтгэдэг араншин чинь тойрон хүрээлэгчдийнхээ битүүмжлэлээс гарч чадахгүй судалгаа муутай хийсэн шийдвэр чинь нийт массын инээдийг хүргэж, нэр хүнд чинь унаад дууслаа.

Өнөөдөр энэ улсад тэр дундаа төрийн удирдах албанд нөлөөтэй татаастай намын тамга, даргын дардастай нэгэн биш нөлөөллөө хамгаалж, нутгийг хөгжүүлэх ажлын туршлагатай хүн хэрэгтэй. Ялангуяа өөрсдийн онцлог соёлыг бий болгосон орон нутагт үнэхээр хөгжлийг аваачиж бүтээн байгуулалтыг босгоё гэж бодож байгаа бол Харвардыг төгссөн eрөнхий сайдыг дагасан намтрыг бүтээсэн хүнийг биш зон нутгийн онцлогийг мэдэх, улс эх оронд хэрэгтэй төсөл хөтөлбөрийг дэмжээд ажиллуулж мэдэх оюуны болон бусад чадамжтай хүнийг олж томилох нь хамгийн чухал.

Хойд хязгаарт эзэн сууж, төрийн албыг төрлийн алба болгосон өмнөх Засаг даргад хариуцлага тооцож огцруулсан нь хошуу нутгаа хөгжүүлэхээс илүү үгсэн хуйвалдаж хэдхэн хүн бүлэглэл үүсгэдэг ужгирсан үйлдэлд нэг удаа ч болов том цэг тавьж чадав, сайн байна. Харин одоо орон нутгийн эрх барих эрхийг орон нутагт нь үлдээ, Л.Оюун-Эрдэнэ сайдаа. Учир нь бүс нутгийн хөгжлийг хэн нэгэн намын даргад таалагдсан этгээд товхинуулдаг юм биш. Харин орон нутгаа мэддэг, нутгийн болон улсын хөгжил, бүтээн байгуулалтад бодитоор оролцож ажиллаж чаддаг хүн Ховдыг удирдаж бас хамгийн ихээр хүлээгдэж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг хурдлуулж, цаашилбал хариуцлагатайгаар ажиллуулж ашиглалтад оруулж чадах хүн байх ёстой юм. Энэ сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан eрдөө л Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэл биш гэдгийг учир мэдэх бүхэн мэдэж байхад өмнөх алдаагаа давтах гээгүй юм бол Харвардын боловсролтой байсан ч хөдөөд бүү хэл хотод ч хэнзэддэг гэдгийг маш сайн мэдэх хүн Eрөнхий сайд та өөрөө. Тиймээс шинээр томилогдох Засаг дарга Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл ажлаас гадна хөндлөн хурдны замын ажлыг эхлүүлэх чухал үүрэг хүлээж ажиллах ёстой.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний сонголт Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд “гэнэтийн бэлэг” цаашаа байдлыг үүсгэж, төлөөлөгчдийг хоёр хуваагдахад хүргэв. МАН ил ардчилал ярьж далд дарангуйлал үүсгэж хатуу гишүүнчлэлээр тойргоо тогтоож, хэсэг бүлэг үүсгэхийг хатуу хориглодог бичигдээгүй дүрэмтэй. Энэ ч утгаараа нэгэнт намын дарга санал болгож байгаа томилолтыг анх удаа орон нутгийн шударга гишүүд эсэргүүцэж хонон өнжин гацааж 100 жилийн түүхэнд нэгэн тод цэгийг тавьж чадав. МАН дотор шударга гишүүд байна. Тэд өөрсдийн чадах зүйлдээ дарга нарын гарыг дүрүүлж, тархиа базуулахыг хүсэхгүй байна, энэ браво биш гэж үү? Нам, намын дарга хэмжээлшгүй эрхтэй учир хүсэж байвал биeлүүлж байх ёстой байтал хатуу гишүүд болох орон нутгийн төлөөлөгчид дунд намын даргын саналыг эсэргүүцээд зогсохгүй хурал завсарлуулж хэлэлцээр хийхийг хариуцлагатайгаар сануулаад үүдээ хаачихсан нь ёстой л улаан нүүрэн дундуур нь алгадсанаас ялгаагүй хэрэг болов. Ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж эсэргүүцсэн анхны тохиолдлыг хаа холын хязгаар нутаг Ховдын төлөөлөгчид гаргаж чадав. Тэд дарга дандаа зөв ярьдаггүйг ийнхүү өөрсдийн үйлдлээр нотолж, “дарга дэмжиж байгаа” гэдэг явцуу хүрээг зад татав.

Харин шазруун Eрөнхий сайд маань “санал болгосон бүсгүйг, тодруулбал шинэ Засаг даргыг хүлээн зөвшөөрөхгүй, улс орны эрх ашиг хөндөгдсөн томоохон төслүүдийг урагшлуулахад саад болвол Ховд руу чиглэх хөрөнгө оруулалтыг царцаах хүртэл арга хэмжээ авна” гэж ширүүхэн хэлсэн сураг сонсогдов. Ингэхэд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Ховд аймгийн Засаг даргын томилгоо онцгой анхаарлыг нь татаж буй нь шалтгаан юу байж болох вэ?

Үргэлжлэл бий …

1 Comment

Add yours

+ Leave a Comment