Говьсүмбэр аймагт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдсэн Эрүүл мэндийг дэмжих төв, Хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаа.
Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаа, Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн ажлын явцтай танилцсан бөгөөд үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.


 
Говьсүмбэр аймаг нь 3 сумтай 18 мянган хүн амтай бөгөөд үүн дээр дөрвөн аймгийн 12 сумын иргэд тус аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг.  Нэгдсэн эмнэлгийн хувьд жилд нийтдээ 40 гаруй мянган иргэд  үйлчлүүлэх боломжтой бөгөөд  2021 оны тавдугаар сард 100 ортой эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулан ажиллаж байна.
 
” 2021 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 2,585 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүнээс тоног төхөөрөмж 585,4 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Мөн гадаадын зээл тусламжаар 2 тэрбум төгрөгийн 35 нэр төрлийн 194 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна. 
 2022 оны хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал,  Сүмбэр сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаас гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хуучин эмнэлгийн байрыг шинээр засварлан нийт 1.8 тэрбум төгрөгөөр “Эрүүл мэндийн дэмжих төв”, 585 сая төгрөгөөр Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр гэх мэт аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг харахад таатай байна.  Иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилгоор 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгний санхүүжилтээр нийт 20 аймаг,  5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг олон улсын стандартад нийцүүлэн засварлаж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай  1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттэй бөгөөд  уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан” гэдгийг хэлэв. 

Эмнэлгийн нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ “2021 оны гуравдугаар сараас эхлэн  гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилсний үр дүнд 2022 онд нийт эмч ажилчдын цалинг 20 хувь, шатлал зэргийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн. Мөн 2022 оны наймдугаар сард эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд нийт ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмлээ. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон хуримтлалаар эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны урьдчилгааны дэмжлэг олгохоор журмаа гарган ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч аймгийн ЗДТГ-тай хамтран эмч нарт байрны түрээсийн мөнгө олгох зэрэг ажлуудыг хийж байна.


2022 оны наймдугаар сарын нэмэгдлээс хойш бүх суутгалаа хасаад эмч нар 1.9 сая, сувилагч нар 1.6 сая мянган төгрөг,  туслах ажилчид 860-900 мянгын цалинг гар дээр авч байна.
Мөн 2022 оны томоохон бүтээн байгуулалтын нэг Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болж байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Нэгдсэн эмнэлэг, аймгийн сумууд болон зэргэлдээ байгаа бусад аймгийн 12 сумуудыг хүчилтөрөгчөөр хангах боломжтой боллоо. Өмнө нь Улаанбаатар хотоос шаардлагатай хүчилтөрөгчийг зөөж тээвэрлэдэг байсан. Жишээ нь 2021 онд 500 баллоныг зөөж тээвэрлэж байсан. Үүнд нийт 70 гаруй сая төгрөгийг зарцуулсан. Одоо энэ зардал хэмнэгдэх боломжтой болсон. 
Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн зөөврийн бус ханын суурин системээр авах боломж бүрдэж хүчилтөрөгчийн төгсгөлийг эмнэлгийн А,Б блокт байрлуулахаас гадна, эрчимт мэс заслын болон сэрээх тасгуудад нийт 15 төгсгөлийг байрлуулахаар ажиллаж байна. Цааш өргөтгөн 80-120 төгсгөл хийх боломж бүхий өндөр хүчин чадлын үйлдвэртэй болох гэж байна” гэдгийг онцлов. 

Нэгдсэн эмнэлэг жилдээ 450 мэс заслыг хийж гүйцэтгэдэг бөгөөд хүчилтөрөгчийг мэс заслын тасагт хэрэглэхээс гадна  эрчимт эмчилгээ, дотрын тасаг болон  амьсгалын эмгэгтэй иргэд, ковид-19 халдвар авсан иргэдэд ихээр хэрэглэж байна. 

“Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, шинжилгээнд  2,500 хүн хамрагдсан байна”
 
Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Алтанцэцэг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг ажлын хэсгээс эрчимжүүлэх төлөвлөгөөг нэмэлтээр боловсруулан  ажиллаж байна. Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нарийн судалгаа гаргаж, үүний дагуу  товлолт насны багцаар нь  иргэдийн нэрээр дуудаж үзлэгт оруулж байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт  2,500 хүн хамрагдсан байгаа. Харин 0-17 насны хүүхдийн үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна.”

+ There are no comments

Add yours