“Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын усан хангамжийн чиглэлээр сурах оюутнуудыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байна”

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, “Улаанбаатар хотод 360 гаруй геодизийн цэг, тэмдэг байсан. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийгдсэн барилга, замын бүтээн байгуулалтаас шалтгаалан үүний 50 хувь нь устаж үгүй болсон. Энэ нь хот төлөвлөлтийн ирээдүйд маш сөрөг нөлөөтэй. Барилгын компаниуд газрын урууд байшин, барилга барьсаар ус зайлуулах хоолойнууд маань авто зам болон хувирсан байх жишээтэй.

Хоёрдугаарт, Нийтийн аж ахуйн салбар социализмын үед цогц байсан. 90 оноос хойш энэ салбар доголдож, орон сууцны айлууд цонхоороо яндан гаргаад түлдэг байлаа. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас арвынх нь дулааны станц хувьд байгаа. Харин цэвэр, усны бүх сүлжээ улсын “Чандмань” нэртэй нэг байгууллагад бий.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн ажил хийгдэж байгаа. Барилгын явц 47 хувьтай байна. Цемент нийлүүлэх урт хугацааны гэрээг хийсэн тул хүндрэл гараагүй. Одоо бидэнд үүсэх хүндрэлтэй асуудал гэвэл энэ төсөлд 800 гаруй чингэлэг орж ирэх ёстой. БНХАУ-тай зохицуулалт хийхээр ажиллаж байна. Мөн чингэлэгт багтахгүй том төхөөрөмжүүд бий. Төлөвлөгөөнөөс 10 хувийн хоцрогдолтой явна.

Бүтээн байгуулалтаас гадна боловсон хүчнийг сургаж бэлтгэх асуудал тулгамдаад байгаа. Төв цэвэрлэх байгууламж болон хаягдал усыг боловсруулах нарийн технологитой үйлдвэрүүд ашиглалтад орно. Гэтэл тэнд ажиллах ихэнх боловсон хүчин ЗХУ-д боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг. Шинээр боловсон хүчин сургахгүй бол шинэ технологийг ажиллуулах хүн үгүй бол хэцүү. Тиймээс цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын усан хангамжийн чиглэлээр сурах оюутнуудыг төрөөс бодлогоор дэмжиж бэлтгэхгүй бол байшин болсон ч дотор ажиллах хүчний хомсдолд орох вий гэдэг эрсдэлийг тооцоолж, одооноос анхаарч байна” гэлээ.

+ There are no comments

Add yours