Д.Ганбат: АН-ын бүлэг МАН-ын үүрэг даалгаврыг биелүүлдэг бүлэг биш

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат, “Зургаадугаар сараас эхлээд манай улс дэлхий нийтийн анхааралд байлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн айлчлалынхаа үр дүнг тэмдэглэсэн.

Ардчилсан нам удаа дараалан байр сууриа илэрхийлж байсан. Бид НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай орон билээ. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа эдийн засгийн хоригт орж болохгүйг байнга дурдаж байсан бөгөөд үүний үр дүн гарлаа гэж үзэж байна. Маш чухал айлчлалууд болж өнгөрлөө. Ван И сайдын айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг эцэслэн тохирсон. Мөн нүүрс гаргах асуудлыг ч хэлэлцлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлах үеэр бид эрчим хүчний хараат бус байдлаасаа салах асуудлыг хөндөж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хөдөлгөх асуудлыг НҮБ-д тавьсан.

Өнөөдөр бас улс оронд мэдээлэл өгөх байдал дутагдалтай байна. Тухайлбал “Сэлэнгэ 2022″ хээрийн сургуулилалтын талаар ярьж байна. Хэр хугацаатай ирээд, хэзээ буцахаа тодорхой болгож өгөх ёстой. Мөн Монгол Улсад хууль биелүүлэх асуудал үгүйлэгдэж байна. Нэг намын дотоод асуудалд оролцох зэрэг асуудал ихээр гарч байна. Ардчилсан намын зарим хүн МАН-тай нийлж бүлэг тараах асуудлаар хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Дэлхийн хаана ч байдаггүй зүйлийг манай улсад хийж гэж оролдож байна. Уг асуудлыг зохих хуулийн дагуу шийднэ. Ардчилсан намын бүлэг бол Ардчилсан намын бүлэг байх ёстой болохоос биш МАН-ын хоёр дахь бүлэг эсхүл гаднын улс орны үүрэг, даалгаврыг биелүүлдэг нэг, хоёр хүний бүлэг биш” гэлээ. 

+ There are no comments

Add yours