“Дүн оноогоо хүлээн зөвшөөрөөгүй 300 орчим өргөдөл, гомдол ирсэн”

“Элсэлтийн ерөнхий шалгалт 2022”-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн дарга Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийж байна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат, “Нийтдээ 36 мянган шалгуулагч бүртгүүлсэн. Ирц 92 хувьтай байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хэмжээст оноо руу шилжүүлдэг. Дүн оноог дөрвөн үзүүлэлтээр гаргаж байгаа. Өмнөх 2019 онд 109 шалгуулагч 800 оноо авсан бол 2020 онд 182, 2021 онд 209, энэ онд 208 шалгуулагч 800 оноо авсан байна.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч хүрээгүй. Эдгээр шалгуулагчид цар тахлаас шалтгаалан танхимаар хичээллээгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй тул дахин боломж олгож наймдугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой 300 орчимд өргөдөл, гомдол ирээд байна. Үүний дийлэнх нь дүн оноогоо хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой байна. Энэ тохиолдолд тухайн шалгуулагчийг өөрийг нь байлгаж байгаад машинаар биш гараар тоолох ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Мөн харандаа, баллуурын асуудал хөндөгдсөн. Будсан зүйлээ баллуурдахад бага зэрэг толбо үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнийг тест уншигч машин унших вий гэдэг эргэлзээ байна. Машин харандааны будалтаас шалтгаалан таниагүй, алдаа заасан тохиолдол нэг ч гараагүй. Шалгалтын үеэр танхимд гар утсаа ашиглахыг завдсан, өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулахыг завдсан зөрчил гарсан. Ийм зөрчил гаргасан хүүхдүүдийн дүн оноог хүчингүй болгосон бол гар утастай холбоотой гурван зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.

+ There are no comments

Add yours