Наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч эхэлнэ 

Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг өнөөдөр буюу 2022 оны 6-р сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлэл өглөө.

“Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна.

Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жилийн хувьд хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлог. www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг 6-р сарын 29-ний 08:00 цагаас эхлүүлж, долдугаар сарын 1-ний 17:00 цаг  хүртэл хүлээн авна.

Баяр наадмын үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог онцлогтой. Үйлчилгээ эрхлэхийн цаана хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй яригддаг учраас тэр. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлэхэд болох юм. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Дээр нь энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой” гэв.

+ There are no comments

Add yours