Улс төрд хавчигдсан үндэсний компаниуд сөхөрч эхлэв

Улс төрд хавчигдсан үндэсний компаниуд сөхөрч эхлэв

Монгол Улсын төрийн эрх МАН-ын ухаантнуудын гарт эрчилдэх энэ цаг хугацаанд валютын ханшийн савлагаа тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний барааны үнэ хаданд гарч, амьжиргаагаа алдсан иргэдийг тоолж барахгүйд хүрэв, бодит амьдрал дээр. Гэтэл намаас угжигддаг төрийн албан хаагчид нийгмийг дорд үзэж дарга нарт тал зассан судалгаагаар ам таглаж, арай ядаж оршин тогтож байсан хувийн хэвшлүүдийг төр төмөр нүүрээ харуулах болсноор дампуурлаа зарлан чимээгүйхэн алга болсоор бараг л хэвийн үзэгдэл болов. Харин нэгэн аймгийн сарын төсвөөр нэг л оройн цэнгүүний зардлаа хийж тансагладаг улс төрийн намын суганд хавчуулагдаж төрд гарч ирсэн ноход зовлонд зоолсон ноход шиг л хэл амаа долоон дарга нарт шарваж, тэртэй тэргүй арай хийн өдөр хоногийг өнгөрөөж байсан үндэсний цөөн компаниудыг дэнжгэнэж байсан дээсэн дөрөөнөөс нь мулт татан унагааж, дэвсэлж эхлэв.

Харин яг энэ үед, Монголын ирээдүйд өгөөжөө өгөх учиртай томоохон төсөл хөтөлбөр зогсонги байдалд орсон цаг үед Монгол Улсын Засгийн газрыг монголчууд “сахал” хочоор нь андахаа байсан Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” компани олон улсын шүүхэд дуудав. Хамгийн хоржоонтой нь нь яг энэ мэдээлэл цацагдахтай зэрэгцэн Д.Эрдэнэбилэгийг хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, түр саатуулсан байснаа сулласан юм. Түүнийг суллагдахтай зэрэгцэн Олон улсын шүүхэд Монголын Улсын Засгийн газар ялах уу, Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Кью Эс Си компани ялж заргаа авах уу гэдэг асуулт бүхий л хэвлэлийнхний анхаарлыг татаж, төрөл бүхийн таамаглал гарч эхлэв. Болж буй үйл явдлыг харж байхад яг өнөөдөр үүсээд байгаа нөхцөлд анализ хийхэд энэ удаагийн заргад Кью Эс Си компани ялах магадлал маш өндөр. Энэ нь Монгол Улсын Засгийн газар хуулийн процессын алдааг хэдэнтээ гаргасныг нотлох баримт нь холбогдох хуулиудад тодхон буйг мэдээж өмгөөлөгч нар нь анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй нь лавтай. Үүний хамгийн энгийн жишээ нь төр өөрийн өмчөө бусдад ямар нэг гэрээ, тохироогоор шилжүүлсэн байлаа ч буцааж авахад хүрсэн нөхцөлд хариуцагч талд заавал “сонсох ажиллагаа” явуулах учиртай юм байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ нөхцөлд хэт хайнга хандсан нь өмнөх дарга нар нь буруу шийдвэр гаргаж гэсэн байр сууриас хандаж ямар ч сааталгүй ажиллаж байсан хувийн хэвшилд тогтвортой ажиллаж байсан үйлдвэрийг төр буцааж авлаа гээд хаалга үүдийг нь цоожилчхов. Энэ арга хэмжээ авагдахад ямар ч нөхцөлд нэн тэргүүнд хийгдэх “сонсох ажиллагаа” явуулах төр нүдэн балай чихэн дүлий хандаж, үйл ажиллагааг зогсоож, эрхийг нь шууд булааж аван түдгэлзүүлснээс болж нийгэмд хямрал нүүрлэхэд хүрэв.

Иймээс Кью Эс Си компани Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгч асуудлыг шүүхээр хэлэлцэх хугацаанд үүссэн алдангийг төрөөс нэхэмжлэх нь гарцаагүй. Ингэхэд төрийн нэрийг барьсан энэ асуудлын хүрээнд үүссэн хохирлыг хэн, хэний мөнгөөр хэрхэн төлөх юм бол? Энэ бага хэрэг гэж үзэж байгаа бол төмрийн хүдрийн экспорт буурснаас болж төсөвт орж ирэх мөнгөний урсгал зогсонги нөхцөлд орж, нийгэмд үүсэх сөрөг нөлөө, эдийн засгийн савлагаа… гэх мэт олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм. Төр, хувийн хэвшлийн түншлэл энэ оноор өөрөөр хэлбэл эрх баригч намын 100 жилийн ойгоор ТЭГЛЭЖ хувийн хэвшлийнхэн төрд итгэх итгэлээ дахин нэг ТЭГЛЭХ нь хэнд хэрэгтэй вэ.

Ингэж асуух болсон учир нь Кью Эс Си компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 12-р сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.доллар буюу 133 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байдаг. Энэ зээлийг уул уурхайн бүтээгдэхүүн гаргахад ашигласан нийт зардлын 14 хувь гэж тэд тайлбарлаж буй. Нэгэнт зээл авсан учир гэрээнд заагдсан хуваарь ёсоор тухай бүрт төлсөөр 2018 оныг хүрэхэд 88 тэрбумыг барагдуулчихсан байдаг. Энэ хугацаанд 2016 оны эдийн засгийн хямрал, 2020, 2021 оны цар тахлын хүнд үед ч тэд зээлээ төлж байсан гэсэн үг. Бизнес эрхлэгчдэд Монгол Улс бүү хэл дэлхий дахин хаалгаа барьсан энэ хугацаанд эргэн төлөлт, алдагдлыг чадлаараа төлж байсан ч Монгол Улсын Засгийн газраас 191.2 тэрбумыг нэхэмжлэн Кью Си Эс компанийн дансыг битүүмжилсэн нь шүүхээс эд хөрөнгө хураах тогтоол гараагүй байхад Засгийн газар дур мэдэн концессын гэрээг цуцалж, компанийн эд хөрөнгийг хураасан байдаг. Нэгэн зүйлийг тодруулахад, 191.2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүү нь 80 тэрбум төгрөг. Мөн төгрөгийн худалдан авалттай аж үйлдвэрийн төсөлд богино хугацааны валютын зээл олгосон болохоор зээл олгосон цаг мөчөөс эхлээд хүү тоологдож эхэлсэн байж таарна.

Монгол Улсыг хөгжилд хүргэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэй Хөгжлийн банк улсаа хөгжүүлэх бус, томоохон бизнес эрхлэгч, татвар төлөгчдийнхөө хоолойд хутга тулгасан, ам барих бодлого барьж байсны илрэл энэ юм. Эрдэнэтийн үйлдвэрийн 49 хувь, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн хувьчлал зэргээр төрийн нэр барьсан улс төрчдийн бүлэглэл хувийн хэвшлийг дээрэмдэж авдаг дадсан аргаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү дайрч концессын гэрээг цуцалсан нь энэ. Эрх баригч намд Хөгжлийн банк зөвхөн шалтаг болсон бөгөөд удаан хугацаанд үргэлжилсэн цар тахлын хатуу хөл хорио, валютын ханшийн савлагаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн эрс өсөлт огт хамааралгүй байв. Тиймээс “концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр бүгдийг нугачин дарсан хэрэг.
Томоохон татвар төлөгч, үндэсний бизнесменүүд, хувийн хэвшлийнхнээ дарангуйлан булаах бүлэглэлд улс эх орны ирээдүй, эдийн засгийн төлөв байдал, төсөв бүрдүүлэлт огт хамаагүй. Тэд зөвхөн өөрсдийн эрх мэдлийг ашиглаж төрийн нэрээр бүлэглэлийн санхүүжилтийг зузаатгах нь чухал. Яг л халамжаар нийт массыг тайтгаруулж, мунхруулаад хөшигний ард өөрсдөө аймгийн төсвийн үнэтэй цэнгүүн зохион байгуулж, ганцхан орой цэнгэн жаргадаг муйхарлал, мунхаглал шиг.

Төрийн нэр дор шүүхийн шийдвэрийг ч үл харгалзан Засгийн газрын тогтоол гээч хэзээ ч хүчингүй болгож чадах хуудас цаасаар үндэсний хөрөнгөтнүүдээ яллаж, үйлдвэрлэгч орон болохыг хүссэн иргэдээ нухчин дарсан Монгол Улс уг нь хууль дүрэмтэй орон хэдий ч ах дүүсийн сүлжээ, амь шиг үнэтэй эрх ашигт хүлэгдсэн бүлэглэлд сөхөрч байгаа нь ийнхүү олон нийтэд илчлэгдэв. Тэд ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, татварын орлого бүрдүүлж, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж мэдэхгүй учир үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч, татвар төлөгчид ҮНДЭСНИЙ цөөхөн компаниудыг цөлмөж зэлийг нь хурааж байхдаа зүрх нь шаналахгүй байх нь аргагүй юм.

Сэтгүүлч Д.Пүрэв

Leave a Reply

Your email address will not be published.