ШҮҮХ: Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хилээр гарахыг хориглов

Яллагдагч Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

1. Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

+ There are no comments

Add yours