“Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна”

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгч иргэдийг дуудаж байцаах нэрээр өрөөнийхөө үүдэнд хэдэн цаг, өдрөөр суулгадаг байдал эргэн ирэх гэж байна. Энэ хүрээнд хүний эрхийг хумих хуулийн төслийн талаарх иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна. 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт ба хүний эрх” сэдвийн хүрээнд Ардчилсан Намын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат илтгэл танилцууллаа. 

Тэрбээр “Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслийг сайжруулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий. Нэмэлт өөрчлөлтийг зүй ёсны асуудал гэж харах боловч өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой асуудал гарч ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол их чухал.

Уг хуулиар хуулийн байгууллага хүний эрх чөлөөнд халдах эрхийг өгдөг. Өөрөөр хэлбэл цагдаа, тагнуулын мөрдөгч нар энэ хуулиар хүн барьж хорих, нэгжлэг хийх эрхийг олж авдаг. 

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн зүйлийг хүлээж байсан. Тухайн хүн ямар хэрэгт яллагдаж, юунд буруутгагдаж байгаагаа мэдэхгүй хуулийн байгууллагын битүү мөрдлөг дор явдаг. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангах ёстой гэж заасан байтал хуурч аваачаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн мөртлөө яллагдагчаар татах тогтоолоо танилцуулж, барьж хорьдог. Яллагдагчаар татах бол сэжигтэн гэж танилцуулж байгаад байцаалт авах ёстой. Үүнийг засаагүй.

Тухайн хуулийн өөрчлөлтөөр хуулийн байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг л шийдэж байна. Ингэхээр хуулийн байгууллагуудад амар, иргэдэд хүндрэлтэй болж байна. 

Очоод уулзах ёстой мөрдөгчийг өрөөнд нь суулгахаар иргэн л очно гэсэн үг. Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Ингэвэл мөрдөгч хэн дуртайгаа дуудна. Эхнэрээ хүнтэй хардаж, тухайн хүний нэрийг хаа хамаагүй хэрэгт оруулаад дуудаж байсан тохиолдол бий. Ирэхгүй бол гавлаад хүчээр авчрах юм. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна. 

Хэн нэгнийг албадан ирүүлэх бол мөрдөгч үүнийгээ прокурорт танилцуулаад, үндэслэлтэй байна гэж үзвэл прокурор дуудах хуудас бичиж, шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгдөг. Ингэснээр цагдаагийн үүдэнд зогсож байсан хүний тоо байхгүй болсон. 

Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг анхааралтай авч үзэж байна” гэсэн юм. 

Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-2-т гэмт хэрэг үйлдсэн аргыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Энэ тохиолдолд ямар ч аргаар хүний эрхийн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй тул анхаарч ажиллах нь зүйтэй.

Гэм буруугийн хурал дээрээс буцааж явуулж байгаа нь буруу. Ингэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж буй ач холбогдлыг бууруулж байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангамаар байна” гэлээ. 

+ There are no comments

Add yours