Соёмбот өргөө таурын ард нуугдсан хууль хяналтын томчууд хэн бэ?

Үргэлжлэл-4

Төрийн өмчит байгууллагын газрын будилаан хэрхэн өрнөдөг, төрийн өмчийн байгууллагад хамаарах газрыг бага багаар тасалсаар байшинг нь үлдээгээд тоночихдог шунал ямар их байгааг бид өмнө нь гурван цувралаар та бүхэнд хүргээд байгаа. Уг асуудлыг бид 2022 оны нэгдүгээр сараас хөндөж эхэлсэн бөгөөд асуудлын гол нь хаана байв, яагаад хотын төвд төрийн өмчит байгууллагын хашаанд ийм том бүтээн байгуулалт болж байхад төрийн болон улс төрийн эрх мэдэлтнүүд таг байв. Уг асуудлыг хотын болон улсын газрын албад, мэргэжлийн хяналт, хууль хяналтын байгууллага анхаарахгүй байгаа шалтгаан юу болох… гэх мэтээр олон асуултын хариултыг хайж, олон хүнтэй уулзаж, олон байгууллагад очиж явсаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас бүрдүүлсэн баримтдаа тулгуурлан сурвалжилга, нийтлэлээ цувралаар уншигчдадаа хүргээд байгаа билээ.

Цувралын өмнө дугааруудыг доорх http://murch.mn/2022/04/20/92727919/, http://murch.mn/2022/04/22/12213248678887659/  линк рүү дарж ороод сэргээж уншиж болно. 

Энэ удаагийн цувралаа бид Драмын театрын газрын дийлэнхийг эзэлж Соёмбот өргөө таур хэмээх дүнхийсэн 32 давхар орон сууцыг хэрхэн яаж, ямар хүмүүс барьсан хийгээд уг барилгыг барьсан барилгын компанийн ард хууль хүчний байгууллагуудын нөлөөлөл болсон нэр бүхий ямар ямар эрх мэдэл албан тушаалтнууд хэрхэн нуугдаж байгааг сөхөж буй.

Хүн бүхний сайн мэдэх Драмын эрдмийн театр хэмээх даруухан улаан байшингийн эргэн тойрны газар 1997, 1998 оноос л бусдын анхаарал шуналыг татсаар тэр бүртээ таслагдан багассаар өнөөдөр бүр гадна шатнаасаа цааш газаргүй шахам болоод буй нь дэндүү үнэн юм. Уг нь 50.000 м2 газрыг Дуу бүжгийн эрдмийн чуулга, Драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр гэсэн гурван томоохон байгууллагад хамаарагддаг байсан ч 2007 оноос энэхүү хотын төвийн А бүсэд хамаарах газарт эрх мэдэлтнүүдийн анхаарал татагдаж, танагдсаар 12.800 м2 газар болсон байдаг. Гэтэл одоо энэ талбай хумигдсаар эцэс сүүлдээ театр хэмээн улаан байшингийн гадна шатнаас бусад газар нь “нийслэлийн өмч” бөгөөд 100 жилийн түүхтэй энэхүү байгууллагуудад огт хамаагүй болчихсон байгааг юу гэхэв?

Үүдэн хоймроос ч ойрхон зайд үлгэрийн мэт ордон барьчихсан түүнийг Соёмбот өргөө таур хэмээн нэрлэж, захиалагчдадаа давхар давхраар нь худалдаалсан хэмээн занхайх энэ том барилгын суурь газар нь төрийн өмчид бүртгэлтэй байсан нь саяхан. Гэтэл 2007 оноос л энэхүү хотын төвийн А бүсэд хамаарах газарт эрх мэдэлтнүүдийн анхаарал татагдаж, “театрын нэр дээр байгаа уг газарт 5000 айлын орон сууц барих санаачилга” хэмээн гарч байсныг тухайн үеийн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарын гарын үсэг бүхий “хэлэлцээр”-т тэмдэглэгдэн үлдсэн байх юм.

Уг хэлэлцээрт, “Боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагуудын байршиж буй орчмын газрыг дайчлан уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж болох юм” гэсэн санаа зурагдсанаар тухайн үед Монгол Улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга А.Цэдэн-Иш Драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбууд “Санал хүсэлтийн тухай” хэмээн бичиг явуулж байжээ. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 тоот захирамжаар 12.800 м2 газрыг Үндэсний дуу бүжгийн чуулга, Драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр хамтран эзэмшиж үйл ажиллагаа явуулдгаас гадна уг байгууллагын талбайд орон сууцны барилга барих боломжтой учир байгууллагын ажилчдад зориулан гурван байгууллагын ажилчдыг ижил тэнцүү нөхцөлөөр орон сууцтай болох боломжийг хангах. Ингэхдээ Засгийн газраас баталсан 40.000 айлын орон сууц хөтөлбөрт хамруулан орон сууц барих асуудлыг шийдвэрлэхээр болсон гэнэ. Тэр бүү хэл энэ захирамж гарсны дараа гэрээний дагуу бондын зээлээр санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөх боломжтойг ч бас мэдэгдэж.

Ингэж л одоогоос 15 жилийн өмнө гарсан шийдвэр нь хотын А бүсэд хамаардаг цаашид маш өндөр үнээр үнэлэгдэх магадлалтай энэ газар эрх мэдэлтэй хүмүүсийн анхаарлын төвд орж ирсэн байдаг. Соёмбот өргөө таур барилгын анхны зураг нь 17 давхар барилгдахар хийгдэж байж.

Ингэхдээ Драмын театртай хүзүүвчээр холбогдож 320 хүний суудалтай өргөтгөлийг уг Соёмбот өргөө таурт байрлахаар зургийг нь гаргаж, театрын уран бүтээлчдээс 32 айлыг орон сууцжуулахаар тохиролцож. Ингээд Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу,  барилга угсралтын Индустр ХХК-тай 2007 оны наймдугаар сарын 23-нд хамтран ажиллах санамж бичгийг байгуулахаар “театрын өргөтгөл барихад дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг тухайн үеийн БСШУ-ны сайд Ө.Энхтүвшинд мөн оны 10 дугаар сарын 29-нд албан тоотоор хүргүүлж. Харин БСШУ-ны сайд “зарчмын хувьд дэмжиж” буйгаа 2007 оны 11 дүгээр сарын 16-нд эргүүлж албан тоотоор мэдэгдсэнээр 2008 оны нэгдүгээр сарын 23-нд Төрийн өмчийн газрын дарга Д.Сугарт “зөвшөөрөл хүсэх тухай” албан бичгийг хүргүүлж.

Харин 2008 оны дөрөвдүгээр сарын 16-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт “театрын өргөтгөл барихад дэмжлэг хүсэх тухай” албан тоот явуулсан байдаг. Ингээд таван өдрийн дараа  буюу дөрөвдүгээр сарын 25-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгтэд “ санхүүжилтийг төрийн оролцоогүй шийдвэрлэсэн байхад газрын асуудлыг шийдвэрлүүлье” гэсэн албан тоот хүргүүлж. Энэ бүх шат дамжлагын дараа 2008 оны есдүгээр сарын 8-нд Индустр ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан аж. Ингэснээр 2009 оны тавдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг даргын 254 тоот захирамжаар Улсын драмын эрдмийн театрын өргөтгөл, орон сууцны барилгын зориулалтаар 0.17 га газрыг Индустр ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргаж, барилга барина хэмээн за зү болсон компани нь драмын театрын даргад хоёр хэсэгт газарт нийт 32 айлд тус бүр хоёр өрөөгөөр тооцон байр өгөөд барилгын ажлаа эхлүүлж…

Гэтэл 2013 оноос уг барилгын ажил хөдлөхөө байсаар сүүлдээ таг зогссон шалтгаан нь өнөө л ашиг арвин аливаа бизнесийн ард эрх мэдэлтэн гарч ирээд тэгнээд хэвтчихдэг “монгол зан”-д баригдсаных бололтой. Хамгийн гайхалтай нь Индустр ХХК нь жирийн нэгэн барилгачид нийлээд байгуулчихсан юм биш. Их хурлын гишүүн Р.Бадамдамдин гэж баян нөхрийн төрсөн дүү Р.Бадамдоржийнх юм. Тухайн үеийн УИХ-ын баян гишүүдийн нэг Р.Бадамдамдин 5.198.800.000 төгрөгийн хөрөнгөтэй хэмээн АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Гавьяат нэгдэлчин Рагчаа гуайн хүү гэдгээр нь нутгийнхан нь түүнийг анддаггүй бөгөөд сайн эцгийн нэр хүндээр Өвөрхангай аймгийн 22 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон ч тойргоосоо цааш танигдаагүй, УИХ-д нөлөөгүй гишүүдийн нэг. Нөгөө талаараа чуулганы хуралдаанд байхаасаа байхгүй нь их тэрбээр үг хэлж, хуулийн төсөл санаачлах үйл хэрэгт гар бие оролцдоггүй, суудлын бөглөөс болдог хэмээн хатуу шүүмжлүүлдэг бараандуу түүхтэй Р.Бадамдамдин гишүүнийг баян гэж онцолсон нь АТГ-т  өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээрээ жилийн орлого 7 сая 545 мянга, эхнэр н.Цэрэннадмидынх нь орлого 58 сая төгрөг, “Эрдэнэбулган”, “Бөмбөгөр”, “Содон”, “Таван-Эрдэнэ” зэрэг дөрвөн аж ахуйн нэгжийнх нь хөрөнгө  5 тэрбум 15 сая төгрөг байдаг аж. Харин “Эрин транс” ХХК-ийн 12.362 ширхэг хувьцаа эзэмшдэг нь 123 сая 620 мянган төгрөгөөр үнэлэгдсэн бизнесийн хувьд тэрбээр гялалзаж яваа нэгэн. Тиймээс энэ газрын ирээдүйг маш тодорхой харж чадсан учир тухайн үед саяар, дараа нь тэрбумаар, ирээдүйд их наядаар үнэлэгдэх энэ байрлалд орон сууц барих зөвшөөрлийг төрсөн дүүгийнхээ компани дээр авч өгсөн нь жирийн зүйл биш байж таарсан юм.

Харин ингэж хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан барилгын ажлаа гэнэт л хэн ч мэдэхгүй цоо шинэ гэж хэлж болохоор захирлууд нь 1980-аад оны залуучуудад өгчихсөн нь үнэхээр анхаарал татсан юм. Тиймээс бид энэ талаар нэлээд нухацтай хөөцөлдөж үзсэнээр бараг найман жил таг зогссон барилга гэнэт л ажиллаж эхэлсэн нь, Өвөрхангай аймгийн уугуул УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин гэгчийн төрсөн дүү Р.Бадамдоржийн “Индустр” ХХК цаашид Соёмбот өргөө таурыг барихаа больж, ажлаа “Астра интернэшнл” ХХК гэх хэн хүн мэдэхгүй нөхдүүдэд шилжүүлээд өгчихсөн нь, “Астра интернэшнл”  компани ар сайтай ч хөдөлж, тэр ч утгаараа орон даяар хөл хорио тогтоосон цар тахлын үед ч ажлаа зогсоохгүй нүдсээр ашиглалтад оруулаад авсан нь, ингэхдээ анх 17 давхраар төлөвлөж барилгын зураг нь гарсан байтал ашиглалтад 32 давхар орон сууц, нэмээд гурван давхар задгай гражтай сүрлэг байшин барьчихсан нь, үнэндээ л хоншоортой загнах энэ компанийн захирал Б.Баясгалан гэх 30 гаруйхан настай залуугийн ард … “цаад эзэд” нь хэн болохыг судалж олж тогтоосон.

… Ингэхэд хэзээнээс монголын бизнесийн салбарт хууль хүчний томоохон албан тушаалтнууд нэг их гэмгүй дүрээр шургалж, ашигтай бүхнийг “ар хударгалж” байхаа болих юм бол? Тийм хүмүүс яагаад  хууль сахиулах байгууллагад насаараа ажиллаж, авах ёстой албан тушаал зүүж болох цол хэргэм бүхнийг зүүчихсэн атлаа бизнесийн салбар руу шударга бусаар шургалдаг юм бол?  Монгол Улсын Ерөнхий сайдтай “машид ойрхон” хэмээх бор шувууг ихэд хичээнгүй тараалгадаг тэр хүнд энэ хүртэл зүтгэсэн 30-аад жилд ийм их хөрөнгө хурааж чадсан эсэх нь эргэлзээтэй хэдий ч Улаанбаатарын А бүсэд мөнгөөр зодож босгосон 32 давхар таурт давхраар нь эзэмшиж амьдарч байгааг нь харахад хэтэвч нимгэн нэгэн биш гэдэг нь тодорхой. Тэр ч утгаараа хэзээ нэгэн цагт хэн нэгэн сэтгүүлч энэ бүхнийг гаргаж ирэх магадлалтай учир уг барилга барилгын компанид өөрийн нэрийн эхний үсгийг ч оруулаагүй хэдий ч хотын төвд сүндэрлэх тус барилгад бүтэн давхраар нь өөртөө эзэмшил бүс тогтоон амьдарч байгаа нь хүссэн ч эс хүссэн ч уг барилга түүнтэй салшгүй холбоотойг илтгэж буй юм.  Ямартай ч бид Соёмбот өргөө таурт хоёр удаа очиж “Астра интернэшнл” компанийн захирал Б.Баясгалан болон бусад хамаарал бүхий хүмүүстэй уулзаж мэдээлэл тодруулах гэж оролдсон боловч харуул манаачид нь хөөгдөхөөс өөр амжилтад хүрээгүй юм.

Дарга нар нь байхгүй атлаа хэдэн удаа ирээд байгааг машид сайн мэдэж байгаагаас харахад 32 давхар барилгын хаа сайгүй суулгасан камеруудаар орсон гарсан бүхнийг хянаж байдаг нь андашгүй байв. Мөн “таныг оруулсан” гэдэг шалтгаанаар манай харуул ажлаасаа халагдсан… хэмээх тайлбарыг өгөөд хашаа руу нь явган орохыг хүртэл хориглож байсан болохоор өөр шигээ жирийн амьдралтай нэгний өдрийн хоолноос нь салгахаас жийрхэж, компанийн ил, далд эзэдтэй уулзах гэж дахиж очихыг хүссэнгүй. Дашрамд дурдахад “Астра интернэшнл” компанийн захирал Б.Баясгалан УНК 0001 гэсэн бүрэн тоноглолтой Лексус 570 машиныг хөлөглөдөг бөгөөд энэ машин нь яг л цагдаагийн тусгай хэрэглээний техникүүд шиг тусгай дуут дохио \маяк\ хэрэглэдэг байх юм. Ингэхэд, барилгын компанийн захирал хэзээнээс цагдаагийн тусгай хэрэглээний дуут дохио ашигладаг болсныг эрх бүхий албан тушаалтнуудаас асуух сан.

Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours