Театрын хашаанд сүндэрлэх Соёмбот өргөөг тойрсон будилаан

Үргэлжлэл-2

Түүх ингэж эхэлжээ. Улсын Драмын Эрдмийн Театрын захирал Д.Цэрэнсамбуу бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн агаад тус театрын дэд захирлаар 10, ерөнхий захирлаар 20-иод жил ажилласан, театрын 90 жилийн ойгоор Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан, Увс нуур бөхийн дэвжээний захирал гэсэн сонгуульт ажилтай нийгмийн идэвх ихтэй нэгэн. Өөрийгөө “ажилдаа дуртай, театрын зарц” хэмээн ихэд бахдангуй тодорхойлдог Д.Цэрэнсамбуу дарга монголын өв соёл агуулсан театрын газраас Өвөрхангай аймгийн уугуул УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин гэгчийн төрсөн дүү Р.Бадамдоржийн 2007 оны гуравдугаар сарын 27-нд хүү Бадамдоржийн Билгүүний хамтаар байгуулсан “Индустр” ХХК-д “тасалж өгснөөр” Драмын театрын хашаан дотор гурван давхан зогсоолтой, 32 давхар орон сууц баригдсан нь Соёмбот өргөө таур юм.

Хүмүүс Драмын театрыг зөвхөн хүрэн байшингаар л төсөөлдөг. Тийм ч учраас өмнө уг театрын эзэмшилд байсан ч өнөөдөр огт хамааралгүй болсон үнэ ихтэй өчнөөн газарт нь Эм Си Эс, Алтай констракшны оффис, Айриш баар хэмээх цэнгээний газар байрладгийг тэр бүр анзаардаггүй. Түүх, соёл, уламжлалт болон орчин үеийн урлагийн хөгжлөөр бахархдаг монголчуудын Монгол Улсын анхны барилгын тоонд зүй ёсоор Өндөр хоршоо, Улсын Драмын Эрдмийн Театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Байгалийн музей зэрэг 100 гаруй жилийн түүхтэй барилгууд багтдаг.

Гэтэл эдгээр барилгуудыг нурааж оронд нь орчин үеийн шинэхэн барилгууд барих тухай 2013 онд БСШУЯ-ны зүгээс санал гаргаж, “Соёл урлагийн зарим байгууллагын материаллаг баазыг шинэчлэх дунд хугацааны төлөвлөгөө” гэгчийн дагуу хийгдэж байгаа гэсэн тодотголтой. Ийм нэгэн төлөвлөгөөний дагуу Улсын Драмын Эрдмийн Театрыг “нураадаггүй юмаа гэхэд өргөтгөхгүй бол болохгүй байна” гэсэн асуудал босч ирсэн нь 2014 он. Ингэснээр Улсын Драмын эрдмийн театрын өргөтгөл гэх нэрийдлээр “орон сууц эсвэл оффисын зориулалтаар ашиглаглах эсэх нь тодорхойгүй” барилга баригдаж эхлэсэн байдаг. Анх 17 давхар барилга баригдана гэгдэж байсан ч төд удалгүй 22 давхар, бүрэн баригдаж дуусахад 32 давхар болчихсон уг барилгын гүйцэтгэгч нь “Индустр” гэж хязгаарлагдмал хариуцлагатай компани байв.

Уг барилгын карказын ажлыг хийж дууссаны дараа тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд “ажлын явц”-тай танилцсан байдаг. Энэ үеэр 22 давхар барилга барих зураг төсөлтэй байсан ч нэмж дөрвөн давхрыг барьсан нь тодорхой болж, “өндөр барилгын норм дүрэм, машины зогсоол, ногоон байгууламж зэргийг тооцоололгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэж эхэлсэн” нь илэрч, үйл ажиллагааг нь зогсоосон ч эрх мэдэл, албан тушаалын НӨМӨР-т өндөр хамгаалалтын ард уг барилгын ажил зогсох бүү хэл улам шаргуу өрнөсөн шалтгаан нь ил харагдах нөлөө бүхий УИХ-ын гишүүн, далд нуугдсан нөлөө бүхий цагдаагийн дарга нартай холбоотой байсныг эх сурвалж өгүүлж байсан юм.
Энэ барилгыг баригдах явцад “өндөр барилгын норм дүрэм, машины зогсоол, ногоон байгууламж зэргийг тооцоололгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэсэн” шалтгаанаар хоёр ч удаа үйл ажиллагааг нь түр зогсоож байсан ч орон даяар хөл хориотой үед хүртэл битүү хамгаалалт гарган ажилласаар анх зөвшөөрөл авсан 17 давхар биш 22 давхар барилга бариад, дөрвөн давхрыг нэмж 26 болгосны дараа зургаан давхар нэмэгдэж нийт 32 давхар “СОЁМБОТ ӨРГӨӨ ТАУР” боссон нь энэ буюу.


“Улсын Драмын Эрдмийн Театрын өргөтгөл нэрээр театрын хашаан дотор буюу улсын өмчийн газар дээр өндөр барилга баригдаж эхлэхэд чадлаараа эсэргүүцэж байсан ч хүч хүрээгүй юм. Энэ барилгын нэр нь “Соёмбот өргөө” гэдэг. Барилгын захиалагч нь “Индустр” ХХК, гүйцэтгэгч нь мөнөөх л “Индустр” ХХК гэж байгаа. УИХ-ын гишүүн Р.Бадамдамдины төрсөн дүү Р.Бадамдорж хүү Билгүүнийхээ хамтаар эзэмшдэг компани юм гэсэн. Гурван давхар гражтай, 32 давхар энэхүү барилгыг Драмын театрын өргөтгөл гэж хэн ч харахааргүй байгаа биз дээ. Одоо энэ байранд айлууд орсон байгаа. Ийм байхад л өргөтгөл гээд хүмүүс зүтгээд байдаг юм. Драмын театрын өргөтгөл барина, дотор нь мини театр босно… гэж их хуурсан даа театрын дарга Д.Цэрэнсамбуу нарын хүмүүс. Улаан цайм айлууд ороод м2 нь 6.5 саяас эхэлж зарагдсаар одоо бүүр есөн сая хүрчихсэн байхад Драмын театрын удирдлагууд театрынхаа газрыг бусдад алдчихаад ийм тайван байгаагийн цаана юу нуугдаж байна вэ? гэдэг үнэхээр сонин. гаа учир нүүрээ ил гаргаж, нэрээ бичүүлэн мэдээлэл өгөх боломжгүйгээ учирласан. Түүнчлэн 32 давхар барилгынхаа хажууд залгаж гурван давхар зогсоол барихдаа хажуу талын орон сууцны газрын нийтийн эзэмшлийн талбай руу халдаж орсон ч иргэд дийлээгүй гэхээр ямар том хүмүүс, ямар их эрх мэдэл уг барилгыг бариулсан нь ойлгомжтой.

Төрийн өмчийн газрыг дур мэдэн “тоногчид”
Энэ ганцхан Драмын театрын газар биш. Учир нь “драмын” гэж нэрлэгдэх энэ газарт УБЭТ, УАДБЭЧ, Хүүхэлдэйн театр гэсэн гурван байгууллага байдаг юм байна. Тиймээс анх Драмын театрын өргөтгөл баригдана хэмээн барилгын ажил эхлэхэд тус гурван байгууллагын уран бүтээлчид “одоо л нэг чихэлдэхгүй орон зайд ажиллах нь” хэмээн битүүхэн баярлаж байсан гэнэ. Гэтэл мөнгө, эрх мэдэлдээ бярдаж эрдсэн увайгүй үйлдэл давтагдаж, олон жилийн өмнө Эм Си Эс групп Драмын театрын хашаанд өөрсдийнхөө дураар оффисоо бариад зогсохгүй, Гранд айриш паабын барилга ч боссон. Үүгээр зогсохгүй, Алтай констракшн оффис барина гээд Хүүхэлдэйн театрын хажуу талын газрыг авчихсан байж таарч. Тиймээс уран бүтээлчид нэгдэн тэмцэл өрнүүлсэн ч их мөнгө, эрх мэдлийн өмнө хүч мөхөсдөж байж.
Харамсалтай нь энэ түүх үргэлжилсээр эдүгээ Монгол Улсын Драмын эрдмийн театр хэмээн сайхан ордны эргэн тойронд авьяасандаа баригдаж, алга ташилтад хоргодсон цөөхөн хэдэн жүжигчдэд ч алхах, гишгэх сул талбай үлдээлгүй 32 давхар барилга барьчихсан нь энэ. Авдаг хэдэн төгрөгтөө сэтгэл ханасан авлигыг хараагүй мэт хөлөөр сул хөглөрөх шороон замд тэмтчих цөөхөн хэдэн жүжигчид, уран бүтээлчид нь сүүтгэнэсэн Монгол Улсын Драмын театр 90 жилийнхээ түүхэн мөчид 30 жилийн 20 жилд нь дарга, 10 жилд нь орлогч даргаар ажилласан Увс аймгийн уугуул Улаанбаатарын суугуул Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх нөхрийн гарт ийнхүү хумигдан шуналтай хойд эцгийн гар царайчилсан ядруухан хүү шиг царай даран чахарсан шал, хуучирсан ханын цаастайгаа угтаж байгаа нь даанч харамсмаар…


Харин шуналтай даргын эрх мэдэл дагаж зарагдсан байж болох энэ газарт баригдсан барилга 1000 м2 буюу 32 давхар. Мэдээж, оффисын зориулалтаар ашиглаж, зарагдана гэж тооцоолоход маш их мөнгө яригдана. Учир нь зэргэлдээ байрлах Алтай констракшны оффисын хэрэглээнд зарах өрөөний үнэ м2 нь 3.750 ам.доллар. харин дөнгөж сая баригдаж дуусч байгаа, доороо гурван давхар зогсоолтой Соёмбот өргөө барилгын хувьд м2 хэчнээн хямд байлаа гэхэд 10 саяас буухгүй гэсэн. Учир нь энэ барилгын орон сууцны м2-ын үнэ нь 6.5 саяас 9.2 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм…


Барилга дээр театрын ажилтан нас барсан шалтгаан юу байв?
Энэ хэрэг 2020 оны гуравдугаар сарын 18-нд Соёмбот өргөө барилга баригдах явцад гарсан байдаг. Драмын театрын тайзны гэрэлтүүлэгчээр ажилладаг 50 настай Э-г тухайн өдөр ажлаас нь дуудаж ажиллуулсан бөгөөд тэгэхдээ хажуугийн барилгын лифт суулгахад туслалцуулсан байдаг.
Харамсалтай нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс осол гарч, барилгад суулгаж байсан лифтний худаг руу Э унаж амиа алдсан байдаг. Гэтэл 2020 оны гуравдугаар сарын 18 бол Монгол орон даяар ковидын тархалтын улмаас хөл хорио тогтоосон үе юм. 2020 оны хоёрдугаар сарын 13-нд орон даяар хатуу хөл хорио тогтоосон учир шаардлагатай буюу зайлшгүй ажиллах салбарынхныг цөөн тоогоор ажиллахыг зөвшөөрөөд бусад нөхцлийг хязгаарласан үе. Гэтэл ийм хөл хориотой байхад гэртээ амарч байх ёстой хүнийг өөр ажлын байранд дуудаж ажиллуулсан эрх мэдэлтэн хэн байв?

Төрийн байгууллагад ажилладаг хэн ч байсан тухайн байгууллагын дээд шатны удирдлагад шууд харьяалагдаж, шаардсан шаардлагыг ямар нэгэн тайлбаргүйгээр гүйцэтгэдэг. Ийм л зарчмыг ягштал барьсан Э хэмээх иргэн тухайн өдөр ажиллах ёсгүй атлаа ажиллаж, хийх шаардлагагүй ажлыг хийснээр амиа алдсан нь энэ. Гэтэл энэ харамсалтай хэргийн талаар өнөөдрийг хүртэл хэн ч сөхөхгүй байгаа нь тухайн хэрэгт хамааралтай эрх мэдэлтнүүд “маш сайн” чармайж ажилласных болохыг нэрээ нууцалсан эх сурвалж мөн өгүүлсэн юм.

Дашрамд дурдахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан үйлдвэрийн ослын тоон судалгаанд 2018-2020 оны хугацаанд үйлдвэрийн осол нийтдээ 942 бүртгэгдсэнээс барилгын салбарт 98 осол бүртгэгдсэн нь нийт ослын 10 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн ослын дийлэнх нь барилга угсралтын салбарт гарсан бөгөөд ажлын байрны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас унаж нас барах тохиолдол хамгийн их бүртгэгддэг байна. Түүнчлэн удирдлагын тогтолцооноос хамаарсан осол 28,5 хувьтай байгаагаас цахилгаан шат суурилагдах нүхний түр хаалтыг стандартын шаардлагад нийцүүлэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүйн улмаас ажилтан осолд өртөх байдал цөөнгүй гарсаныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаанд тодорхой дурдсан байв. Үргэлжлэл бий…


Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours