Д.Цэрэнсамбуу: Бүжгийн Сүхээд оргүй алдаагүй, харин ч ашигтай наймаа хийсэн Б.Жаргалсайхан: Үлдсэн жаахан газарт хоёр урсгалтай зам тавиулахгүйн төлөө тэмцэнэ дээ

Үргэлжлэл-3
Улаанбаатар хот дахь төрийн 107 байгууллага хотын А зэрэглэлийн бүсэд 97.7 га газар дээр нийтийн орон сууц барьсан байдаг. 2018 оны зургадугаар сард газрын үнэлгээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний жишгээр тооцоход дээрх 107 газрын суурь үнэлгээ нь 94 тэрбум төгрөг гэж буй. Харин эдгээр газрыг зах зээлийн үнэлгээгээр тооцвол их наяд хүрч буй. Их наяд гэдэг нь 400 сая ам.доллар гэсэн үг. Тиймээс хууль эрх зүй, эрэн сурвалжлах мэдээллийн төрөлжсөн сайт мөрч.мн уг асуудлын араас явж, үүссэн асуудлаар цувралаар хоёр нийтлэл хүргээд буй. Харин энэ удаа Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу болон тус театрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нартай уулзаж ярилцлаа.
Сэтгүүлч, Ямар асуудлыг тодруулж ярилцах хүсэлтэй байгаагаа өмнө нь утсаар мэдэгдсэн болохоор шууд ярилцлагадаа орох уу?
Д.Цэрэнсамбуу, Би нэг л зүйл хэлье. Та бүхэнд ямар мэдээлэл байгаа юм, тэрийгээ олон нийтэд хүргэх нь та бүгдийн асуудал. Нөгөө талаар энд бас үйл ажиллагаа явагдаж байна шүү дээ. Би харсан, пост мэдээнүүдийг чинь. Над руу уржигдар ярьсан шүү дээ өөрөө. Би орж гараад байгаа талаараа үнэнгээ л хэлсэн.
Сэтгүүлч, тиймээ би уржигдар ярьсан. Өглөөгүүр ирвэл ажил дээрээ байна аа гэсний дагуу ирлээ?
Д.Цэрэнсамбуу, Та бүхэн ямар мэдээлэлтэй байгаа юм, харилцан мэдээллээ солилцох хэрэгтэй. Бодит мэдээллийг хүргэх хэрэгтэй шүү дээ. Энд манай Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан сууж байна. Б.Жаргалсайханы хувьд таны асуугаад байгаа асуудлыг жүжигчнийхээ хувьд ч, энэ байгууллагын гишүүний хувьд эхнээс нь бүгдийг нь мэдэх хүн. Хамтдаа ярилцья. Бид нартай уулзаад үнэн зөв мэдээллийг аваасай гэж хүсэж байгаа юм шүү дээ, Ган-Ялалтаа.
Сэтгүүлч, тэгээд л би тантай уулзах гэж ирлээ?
Д.Цэрэнсамбуу,Тэгэхээр эхний ээлжинд сэтгүүлчийн хувьд чи мэдээллээ хуваалцья. Та нарт ямар мэдээлэл байгаа талаар бид мэдэхгүй шүү дээ. Ярилцаад ойлгож авсан нь дээр гэж бодож байна. Учир нь таны ярьж байгаа дотор буруу зөрүү юм байна. Аливаа юманд чинь соёл хэрэгтэй. Чи соёлын байгууллагад ороод ирчихсэн байна. Энд ямар ч нуугаад хаагаад байх юм алга, огт байхгүй. Тэртээ тэргүй энд 130-аад хүн ажиллаж байна. Жижүүр, харуулаас эхлээд үе үеийн хүмүүс бүгд мэдэж байгаа. Товч утгаараа энэ цагт үе, нийгэмд өөрийгөө зориулаад явж байгаа энэ ажилчиддаа бид хэрэгтэй юм хийсэн гэж ойлгож байгаа. Тэр утгаар нь ярихаар хүн ойлгоно. Ярихгүй бол ойлгохгүй шүү дээ.
Сэтгүүлч, хэрэгтэй юм хийгдсэн гэдэг нь Соёмбот өргөө таурыг театрын хашаанд барих зөвшөөрөл өгөөд Драмын театрын нэр дээр оногдсон хоёр давхар авсан гэж ойлгож болох уу?
Д.Цэрэнсамбуу, Үгүй, үгүй. Ийм шүү дээ. Бид бол нилээн эртний юм ярих хэрэгтэй болно. 2003, 2004 оноос эхлэлтэй, тухайн үед театрын залуу халаа орж ирж байсан, өөрөөр хэлбэл театрын хүнд ачааг нуруундаа үүрч явж байгаа залуу жүжигчид болох Болд-Эрдэнэ, Наранбаатар нар орж ирсэн үе. Гэтэл яг энэ үед төрийн өмчит театрын нөхцөл байдал маш хүнд байсан. Иймээс жүжигчдийн ихэнх нь амьжиргаа хөөж, цалин багатай театраас гарч, хошин урлаг руу явсан. Өлзийхүү, Одончимэг гээд л… Улсын нэг номерын театр байна даа хүмүүсээ авч үлдэх хэрэгтэй. Энэ бол урамшуулал, боломжийн нөхцөлийг хангах хэрэгтэй гэсэн үг. Яг энэ үед Засгийн газраас 40 мянган орон сууц гэсэн ажил эхлүүлсэн. Ингээд бидэнд боломж юу байна, газар байгаа билүү гэж бодсон. Ингэж бодсон учир нь Эм Си Эс компаниас болсон хэрэг. Уг нь эртний түүхийг нь ярьвал хүнсний 50 дугаар дэлгүүрээс нааш л Драмын театрын өмчлөлийн газар байгаа гэж яригддаг, бид тийм ойлголттой байсан. Гэтэл Эм Си Эс компани оффис барихаар болоод бид газраа хамгаалаад бөөн юм болсон. Энэ үед бидний хамгаалаад байгаа газар театрт хамааралгүй, Нийслэлийн Засаг дарга мэдэж захирамж гаргадаг болохыг мэдсэн, ойлгосон.


Сэтгүүлч, тэгэхээр Эм Си Эс оффисын барилгаа барьж байхад Драмын театрын хамаарал бүхий газар ямар хэмжээтэй байсан бэ. Хажуугийн Хүүхэлдэйн театр, Дуу бүжгийн эрдмийн театр өөрийн хамаарал бүхий газартай байсан байх. Эдгээр театруудын эзэмшлийн бүс нутгийн хамааралд багтах газрын хэмжээ хэдэн га байсан бол?
Д.Цэрэнсамбуу, бид нар өөрсдөө хашаа хатгаад татаад авчихгүй юу. Ер нь бол энэ чинь анх нилээн том талбайтай байсан шүү дээ. Тэр үеийнхийг би яг нарийн мэдэхгүй байна. Түрүүн би хэлсэн, эртний түүхийг нь яривал хүнсний 50 дугаар дэлгүүр хүрч байсан юм билээ. Барилга бариад л хасагдаад л байсан юм билээ, гэтэл бид хажуугийн хуулийн сургуулийн газрыг ч манайх гэж бодож байгаа шүү дээ. Эм Си Эс барилга барихаар болдог чинь хэдэн он билээ?
Б.Жаргалсайхан, 1997 онд байхаа.
Д.Цэрэнсамбуу, тэгээд л бид маргаан хийгээд л эхэлж байгаа байхгүй юу. Тэр үед Газрын хууль гарсан байсан эсэхийг санахгүй байна, эртний асуудал учир мартаад байна. Ямар ч байсан манай газар гэж бодож байсан бүсүүд байгууллагын өмч биш болоод ирсэн.
Сэтгүүлч, Яагаад?
Д.Цэрэнсамбуу, 2000 оны эхээр хотын захиргааны Тамгын дарга Болдсайхан хүн гэж байсан. Болдсайхан даргатай би маргалдсан юм, талбайн цэвэрлэгээний асуудал байсан санагдана. Гэтэл, “Цэрэнсамбуу, чи шатнаасаа цаашихыг л мэддэг юм, бусад нь хотын өмч” гэж хэлсэн. Ингээд хуулийг нь үзэхээр үнэхээр тийм байсан. Түүнээс хойш манай эргэн тойрны газрыг үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар захирамж гаргаж өгсөөр дуусчихаж байна шүү дээ.
Сэтгүүлч, өмнөх асуултаа дахин асууя. Соёмбот өргөөд газрөө ашиглах зөвшөөрөл өгөөд Драмын театрын нэр дээр хоёр давхарыг эзэмшихээр болсон гэдэг мэдээлэл байгаад байна шүү дээ, надад. Энэ талаар бодит мэдээллийг авах гэсэн юм л даа?
Д.Цэрэнсамбуу, Тийм зүйл байхгүй. Хүмүүс Драмын театр л гэж хардаг энэ байгууллага дотроо гурван том театр багтаасан жижигхээн газарт байна шүү дээ. Дуу бүжгийн чуулга, манай театрын жүжигчид тайзаа хувааж хэрэглэдэг болохоор багтахгүй, хэл ам гарна. Тайзаа булаацалдана. Зодоон нүдээндээ хүрнэ, нуулгүй хэлэхэд. Иймээс эдгээр байдлыг өөрчилье гээд зорилго тавьсан. Энэ бол театрын өргөтгөл барья. Дээр нь хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдье гэж зүтгэсэн. Ингээд 32 айлын орон сууц бүхий театрын өргөтгөл барихаар болж хамт олноороо үлдсэн жоохон газраа хамгаалж, дээшээ хүсэлт тавьж бид хөөцөлдсөн. Маш их удсан. Бараг 2011 онд захирамж гарсан санагдаж байна. Гэтэл асуудал үүссэн.
Сэтгүүлч, Театр хаус гээд бас нэгэн барилгын ажил яг энэ газар дээр гаргаж ирээд газраа булаалдаад эхэлсэн санагдаж байна. Хар сарнай хамтлагийн Амараа яваад байсан билүү?
Д.Цэрэнсамбуу, тийм, бүжгийн Сүхээ хүү Амараагийн хамтаар зургаан давхар орон сууц, тэгээд л Ц.Цэмид гуайн хөшөө бүхий театр барина гэсэн төсөл хийгээд хөөцөлдөж эхэлсэн байсан. Үүнээс болоод манай төсөл маш их гацсан. Учир нь Сүхээ маань МАН-д танил ихтэй, сонгууль энэ тэрд нь байнга явдаг болохоор гэх мэтээр дээгүүр танил ихтэй байсан болохоор гацаад байхгүй юу. Бүжгийн Сүхээгийн санаачилсан зургаан давхар орон сууцны зураг хөрөг нь бүрэн гарчихсан байсан. Драмын театрын зүүн урд шатнаас эхлүүлээд ийм орон сууц, тийм театр гээд зургийг нь гаргаад, төсөл хийчихсэн байсан юм билээ. Тэгээд манай төсөл явж өгдөггүй. Хамгийн гол нь Бүжгийн Сүхээгийн төслөөр барилга баригдвал манай театрынханд нэг өрөө байр ч олдохгүй нь тодорхой байсан. Хаана ч хэлнэ, үнэхээр айхтар зураг хийчихсэн, дайрч байсан.
Сэтгүүлч, ийм нөхцөлд байхад танай асуудал шийдэгдэхгүй байхад нөгөө талын нөлөө их байсан. Иймээс газраа мөнгөтэй компанид зарахаар шийдсэн гэж үү?
Д.Цэрэнсамбуу, зарах биш юм. Гацаж, гацаж байгаад нэг шийдвэр гарсан чинь мөнгө байдаггүй. Бүх л ном журмын дагуу хөөцөлдсөн. Төрд мөнгө байхгүй учир төсөл нь байсан ч санхүүжилт нам зогссон. Тиймээс дараагийн гарц хайсан. Энэ бол бизнесийн байгууллагуудад санал хүргүүлж, төсөл шалгаруулах. Олон компани санал ирүүлсэн. БНСУ-ын компани ч байсан. Ингээд нээлттэй зарласан тендерт Индустр ХХК ялж, гэрээ байгуулсан манайхтай.
Сэтгүүлч, Индустр ХХК бол УИХ-ын гишүүн Р.Бадамдамдингийн төрсөн дүү Р.Бадамдоржийн компани байсан?
Д.Цэрэнсамбуу, Манайд энэ байгууллага ямар үүрэг хүлээсэн гэхээр тэртэй тэргүй энэ чинь нэг байгууламж болгоод л авсан байхгүй юу. Тэртэй тэргүй төр ямар ч театрт юм өгөхгүйгээр тойруулаад барьсан ч манай мэдэлд гэж байхад бид хэчнээн хөөцөлдөөд яаж ч чадахгүй, хотын захиргаа эцсийн шийдвэр гаргана. Тиймээс бид боломжийг ашигласан нь Индустр компани манайд 32 айлын орон сууц барьж өгөх ёстой. 320 суудалтай, өргөтгөл хийж өгөх ёстой.


Сэтгүүлч, тэгээд 32 айлын орон сууц хаана байна, бас 320 хүний суудалтай өргөтгөл хаана байна?
Д.Цэрэнсамбуу, 32 айлын орон сууцыг бариад өгчихсөн. Энэ дотор театр барих гэхээр, миний ойлгосноор тансаг юм энэ тэр юм байгаа юм байна л даа. Тэр нь бидэнд ашиггүй байхгүй юу. Манайд олон байр хэрэгтэй шүү дээ. Хоёр төсөл өгсөн. Эхний төсөл нь Сүхбаатар дүүргийн хэддүгээр хороо билээ Жагаа?
Б.Жаргалсайхан, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ард Индустр компани барьсан барилгадаа театрын 13 айлд байр өгсөн.
Д.Цэрэнсамбуу, тэр компани манайтай байгуулсан гэрээний дагуу барилгаа барьчихаад байдаг. Манай захирамж гардаггүй. Тэгээд яах уу дээ. Шууд тэнд өгчихьё гэсэн юм. Тэгсэн манай захирамж хүлээгдээд 13 билүү 14 байр өгсөн юм. Хоёр дахь нь Төмөр замд, Ган зам зочид буудлын ойролцоо барьсан орон сууцандаа үлдсэн тоогоор нь байр өгсөн. Бүгдээрээ хоёр өрөө, нийт 32 орон сууц өгсөн.
Сэтгүүлч, уучлаарай. Хотын зэрэглэлд одоо тэрбумаар үнэлэгдэж байгаа газрынхаа оронд 32-хон байр авсан. Тэгээд зогсохгүй хаа хамаагүй, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Төмөр замд байрлалтай шүү… Бас гэрээнд заасан 320 хүний суудалтай театрын өргөтгөл одоо хэр байхгүй. Арай л дэндүү биш гэж үү?
Д.Цэрэнсамбуу, Театр маш хэцүү байсан гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Энд 130 хүн ажиллаж байна. Эдгээрээс 32 айлыг орон сууцтай болгох бол том асуудал. Тэгээд ч хэрэв бид тэгж зүтгээгүй бол энэ газраа алдаад ямар ч ашиггүй үлдэх байсан. Шатнаас цаашаа төрийн хотын өмчид бүртгэлтэй газар гээд байна шүү дээ. Би энэ театрын дарга нэртэй боловч зарц шиг л ажилладаг хүн.
Сэтгүүлч, Тийм байна лээ, таны ярилцлагын уншсан. Та өөрийгөө театрын зарц гэж нэрлэсэн байсан. Таныг 30 жил ажилласан байгууллагадаа 10 жилд нь орлогч, 20 жилд нь даргаар ажилласаныг бас мэдсэн. Дарга хүнд эрх мэдэл багаддаггүй гэдэг биз дээ?
Д.Цэрэнсамбуу, Индустр компанийн ажил 2013 оноос зогсчихсон. Явдаггүй, дутуу байгаа өргөтгөлөө бариулах гээд бид хүлээгээд байдаг. Болохоо байгаад өнөө жилээс, дараа жилээс гээд л санхүү мөнгө нь болохоо байгаад зогссон яасан ийсэн нь мэдэгдэхгүй болчихсон. Манайд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан учир бид шүүхэд хандсан, 2019 онд билүү дээ. Ингээд өнгөрсөн онд сүүлээр шүүхийн шийдвэр гарсан. Компани гэрээнд заасан үүргийн дагуу театрын өргөтгөлийг энэ оны 12 дугаар сард хүлээлгэн өгөх ёстой.
Сэтгүүлч, Соёмбот өргөө таур баригдаад ашиглалтад орчихсон байна. Танай өргөтгөл хаана баригдах юм бэ. Өргөтгөл бүү хэл машин эргэх зайгүй болсон байна шүү дээ?
Д.Цэрэнсамбуу, Өргөтгөл энэ байрны гурван давхар гражны дээд тавцан дээр баригдана. Бид нарын ойлголтоор энд нэг зориултын юм хийчихсэн байгаа гэсэн. Шүүхийн процесс явагдаж байх үед бид бүх барилгын үйл явцыг харсан.
Сэтгүүлч, уучлаарай. Газрыг нь ашиглаж орон сууц бариад хажууд нь өргөтгөл барих ёстой биш үү. Юун гражны дээд тавцанд өргөтгөл барих болоод явчихсан бэ. 320 хүний даацтай бүхэл бүтэн театрын өргөтгөл энд баригдах газар байхгүй байгааг та нар харахгүй байна гэж үү дээ?
Д.Цэрэнсамбуу, зургийг нь харуулсан. Энэ эхлээд явж байсан Индустр компани хөрөнгө мөнгөний бололцоогүй болсноор Астро гэдэг компанид шилжүүлж, барилгын ажил хийгдээд дууссан юм билээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа Индустр, Астро компани манайх хамтарсан гэрээ байгуулсан. Ингээд Астро компани үүрэг хүлээж байна шүү дээ. Одоо бол тэр шүүхийн шийдвэр 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай өргөтгөлийг барьж дуусах ёстой болсон. Тэгээд бид Астро компанид шаардах бичиг өгсөн байгаа. Харин захирал Баясгалан нь “өргөтгөлийн зураг дээрээ удаад байна” гэсэн тайлбар өгч байна лээ. Манайд бичгээр хариу өгөх ёстой.
Сэтгүүлч, та итгэлтэй байна уу, 32 давхар байрны доорхи гурван давхар гражны дээд талбайд бүхэл бүтэн 320 хүний суудалтай өргөтгөл баригдана гэдэгт?
Д.Цэрэнсамбуу, Хийгдэнэ ээ. Сүүлд Астро компани руу явуулсан бичиг энэ байна. /харуулав/ Манай театрын төлөөлөл Астро компанийнхантай удаа дараа уулзсан. Ер нь анх төлөвлөгөө хийж байхдаа байна шүү дээ. Анх төлөвлөлт хийж байхдаа доор дээр нь янз бүрээр зураг тавьж үзсэн юм. Миний ойлголтоор бол нийгмийн зориулалттай стандартаараа тэр өндөр давхрын доор байрлуулдаггүй л юм байна л даа. Тэгээд болохгүй байна гээд шийдлээ энд саналаа өгсөн. Тэр хооронд өргөтгөл байхгүй удаад байхгүй юу. Түрүүн хэлсэн шүү дээ. Манайхаас шаардсан элдэв юм энэ хавтсанд бий л дээ. Тэгээд болохоо байгаад бид шүүхэдсэн.

Сэтгүүлч, Драмын театр барилгын хоёр том компанид луйвардуулаад явж байгаа юм бишүү. Таниас асууя. Хажууханд баригдсан Соёмбот өргөө таурт энэ 32 давхар орон сууцанд Драмын театрын хоёр давхар байхгүй юу. Хар караказан дээр Драмын театр гээд биччихсэн байсныг харсан болохоор асуугаад байна л даа?


Д.Цэрэнсамбуу, дотор нь уу. Дотор нь манай хэдийн тийм юм байхгүй.
Сэтгүүлч, танай хэдийн бишээ, Драмын театрын маш үнэтэй энэ газарт баригдаад байгаа энэ өндөр 32 давхар орон сууцанд танай, тодруулбал таны нэр дээр нэг юм уу хоёр давхараар авагдсан зүйл байгаа юу гэж асуугаад байгаа юм л даа?
Б.Жаргалсайхан, сая Цэрэнсамбуу даргын хэлж байгаагаар бид нар зөвшилцлийн гэрээ хийгээд энэ дээр өргөтгөл бариад дараа нь арга хэмжээнд энд граж авах, өөр газар склад сав барих гэсэн зүйл тэр гэрээнд дотор явагдаж байгаа. Харин тэрнээс өөр энэ дотор манай театртай холбоотой хоёр давхар байхгүй. Анх энэ барилгын ажил эхэлж байхад би жүжигчин байсан. Тэгэхэд уран бүтээлчид бид нарт Соёмбот өргөө таур Драмын театр хоёр хоорондоо хоолойгоор холбогдоно. Учир нь дотор нь өргөтгөл баригдана гэж ойлгож байсан. Гэтэл сая даргын хэлснээр театрын нөхцөл байдал өөр. Тиймээс барих боломжгүй байна гэсэн асуудал үүссэн юм байна.
Сэтгүүлч, уучлаарай, би тэр гурван давхар гражны дээр гарч үзсэн учир маш их гайхаад байна шүү дээ. Хаана нь яаж өргөтгөл барих гээд байгаа юм болоо, үнэхээр гайхаад байгаа болохоор дахин дахин асуугаад байгаа юм?
Б.Жаргалсайхан, Өөрөө дээр нь гарч үзсэн гэж байна шүү дээ. Бид нар ч дээр нь гарч үзсэн. Бид нар асууж шаардлага тавьсан. Энэ чинь яг болж байгаа юм уу ? Энэ дээр театр барьж болж байгаа юм уу? Гэж асуухад бид нарт зураг хөргөө үзүүлсэн, дахин дахин үзүүлсэн. Тиймээс бид нар ийм ийм шаардлага хэрэгтэй гээд явуулсан. Дахиад бид нар хамгийн сүүлд юу болж байна гээд бичиг явуулсан. Зураг дээр бас өөрчлөлт үүсээд байна гэсэн тийм яриа үүсээд байгаа юм байна тиймүү, дарга?
Д.Цэрэнсамбуу, тэр 32 айлын орон сууцыг авахад манай театрынхан бөөн баяр хөөр болоод Индустр компанитай гэрээ байгуулсан өдөр “сайн өдөр байна” гээд орон сууцны эрх авсан жүжигчид маань байрандаа очиж хадгаа зүүж, сүүгээ өргөөд уйлж байлаа шүү дээ. Сэтгүүлчээ, харин ч бид нэлээн боломжийн наймаа хийгээд дээр нь өргөтгөлтэй болоод байгаа…
Б.Жаргалсайхан, зүгээр булаалгасан юм зөндөө бий. Зүгээр л тараагаад л авчихсан шүү дээ.
Д.Цэрэнсамбуу, тийм, тэрний нэг нь бүжигчин Сүхээгийн бэлдэж байсан төсөл байна шүү дээ. Театрт ёстой нэг ч төгрөгийн ашиггүй алга болох байсан шүү. Одоо тэр зураг хөрөг нь архивт байгаа. Чамд өгч болно.
Сэтгүүлч, та бүхэн нэг зүйлийг анзаарахгүй байна уу. Соёмбот өргөө таур яагаад 32 давхар болсон юм болоо гэж би гайхаж байсан юм. Гэтэл 32 айлыг орон сууцанд оруулаад театрын хашаанд нь 32 давхар нэг давхар нь л тэрбумаар үнэлэгдэх орон сууц бариад зогсохгүй, 320 хүний багтаамжтай театрын өргөтгөлийг гурван давхар гражийн дээд тавцан дээр барихаар болж байдаг. Арай л даажигнаад байгаа юм бишүү, хэсэг бүлэг хүмүүс?
Д.Цэрэнсамбуу, тэгээд сая би хэлээд байна шүү дээ. Бид нар юу ч үгүй алдаагүй л байхгүй юу. Жишээлбэл Болдсайхан дарга хэлж байна шүү дээ. Чи шатнаас цааш мэдэхгүй гээд. Бид нарын мэдэл биш байхгүй юу. Гэтэл бид асуудал тавьж байгаад 32 айлыг орон сууцтай болгосон байна. Одоо өргөтгөлөө бариулах гэж байна, бас граж, агуулах гээд… бид оргүй алдаагүй. Харин бүжгийн Сүхбаатарын зургаан давхар орон сууц баригдсан бол бид юу ч үгүй алдах байсан. Эрх мэдлийн хувьд газар бидний мэдлийнх биш шүү дээ.
Сэтгүүлч, харамсалтай юм, төрийн өмчийн байгууллагын 107 газар газрыг яг иймэрхүү байдлаар алдсан байна. Одоогоор их наядаар үнэлэгдэх хөрөнгө шүү дээ?
Д.Цэрэнсамбуу, тэгэхээр бид ямар ч байсан ор хоосон алдаагүй. Өчнөөн олон газруудыг судалсан. Метр квадратыг нь хоёр саяар тооцсон зөндөө барилга өгсөн байдаг юм билээ.
Сэтгүүлч, та 30 жил энэ байгууллагад ажилласан хүн. Удирдах албан тушаалтан өөрийн хариуцаж байгаа байгууллагынхаа үнэт зүйл, үнэлгээг мэддэг. Юу гэх гээд байна вэ гэхээр таны яриад байгаа зүйлд итгэх их хэцүү байгаа болохоор би гайхаад байна л даа?
Д.Цэрэнсамбуу, надад бол зуслангийн газар ч байхгүй. Би гурван өрөө байрандаа хүүхдүүдтэйгээ л амьдарч байгаа. Энэ хүмүүсээс илүү эрх дарх эдэлсэн юм нэг ч байхгүй. Энэ дотор чинь миний хамт олон байна.
Сэтгүүлч, ингэхэд Соёмбот өргөө таурын эзэдтэй Драмын театраас шаардлага хүргүүлж уулздаг ажлын хэсгийн ахлагч нь хэн бэ?
Д.Цэрэнсамбуу, Манай Сувдаа гуай эхний ээлжийн хэсгийн ахлагчаар ажилласан. Тэгээд Отгонбат, дараа нь Пүрэвсүрэн ийм гурван хүн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Энэ хүмүүс чинь энэнтэй холбоотой асуудлаар ярьж хөөрч учрыг нь олуулж байж шийднэ шүү дээ. Ер нь хэн ч байсан баг болоод ажиллаж байсан хүмүүс хоосон алдчихаагүй. Хэдий газар нутгийг төр захиргаа шийддэг ч гэсэн. Бусад газруудыг бид судалсан. Бид нар ямар ч байсан тэд нараас 32 байр худалдаж авалгүйгээр тооцоо тохирч 32 айлыг орон сууцтай болгож чадсан.
Сэтгүүлч, харин танай газар дээр 32 давхар орон сууц баригдаад нэг давхар нь бараг тэрбумаар үнэлэгдэж байгаа юм биш үү?
Д.Цэрэнсамбуу, бид маш сайн ажилласан. Оргүй алдаагүй. 130-аад хүн ажилладаг байгууллагад янз бүрийн амьдралтай хүмүүс хамт олон болж байгаа. Эдгээрээс 32 айлыг орон сууцанд амьдруулна гэдэг маш том ажил.
Сэтгүүлч, Сувдаа гуай хэдэн жил ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм бэ?
Д.Цэрэнсамбуу, олон жил болсон. Анхнаасаа байсан. Юуг нь нуух уу. Тэр хүний нүүрээр бүтсэн ажил юм шүү. Бид дотроо айхтар журамтай. Урьд нь төрөөс байр орон сууц авч байгаагүй, Монголын театрт хувь нэмрээ оруулсан ажилласан жил, хэзээ ч цалингийнхаа 500,000 төгрөгөөр орон сууцанд орж чадахааргүй хүмүүс тэр байранд орсон. Нэг хүний цаана тав зургаан хүнтэй ам бүл байна.
Б.Жаргалсайхан, надад хатуу байр суурьтай асуудал нэг байгаа. Энэ бол хэзээ ч энэ байрны урдуур хоёр урсгалтай машины зам тавиулахгүй. Одоо театрын эзэмшилд үлдсэн газар гэж хэдэн машины зогсоол л байна. Энийг энэ чигээр нь авч үлдэхийн төлөө зогсоно гэсэн хатуу байр суурьтай байгаа. Билет зардаг кассын байшингийн урдуур хоёр урсгалтай зам тавьж, гарч ордог ийм зам үүссэнээс болж хашаандаа бөөн түгжрэл. Энэ бол драмын театрын маш бага газар. Үүнийг хамгаалах ёстой. Маш ширүүн тэмцэл хийх ёстой бол хийнэ. Машин зам дээр хэвтээд ч хамаагүй тэмцэх л болно.
Сэтгүүлч, заавал асуух бас нэгэн асуулт байна. 2020 оны гуравдугаар сарын 19-нд Драмын театрын тайзны гэрэлтүүлэгч Соёмбот өргөө таурын барилгын талбайд нас барсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс нас барсан. Харин энэ үед бүх нийтээр хатуу хөл хориотой үе байсан. Театрын ажилтан яагаад барилгын талбай дээр ажиллаж байсан юм бэ?


Д.Цэрэнсамбуу, Маш харамсалтай юм болсон. Манай ажилтан, танай талийгаач ажилдаа сайн хүн байсан. Тэр ээлжээ ахалдаг байлуу яалаа. Орон даяар хөл хорио тогтоосон учир зайлшгүй ажиллах ёстой хүмүүс цөөн тоогоор ээлжиж ажиллаж байсан. Хэдийгээр барилгын ажил явж байгаа ч тэр манай театрын талбай. Тиймээс агуулахад багтахгүй зарим юмыг барилгын талбай дээр хураадаг байсан. Тэр өдөр талийгаач гурван хүнтэй ажиллаад ажлаа дуусгаад бууж байхдаа барилгын талбайд байсан том хавтгай төмрийг сөхөж үзээд тэр төмөрний доор байсан нүх рүү унаж амиа алдсан хэрэг гарсан.
Сэтгүүлч, лифтний худаг байсан юм билээ?
Д.Цэрэнсамбуу, ухсан нүхийг тагласан төмрийг сөхөж байгаад хөл алдаад унасан юм билээ. Маш харамсалтай хэрэг болсон. Лифтний худаг гэж нэрлэдэг юм уу, тэ.
Сэтгүүлч, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй буруутай үйлдэл гэж харж болох биш үү?
Д.Цэрэнсамбуу, бүх зүйл хууль дүрмийн дагуу шийдвэрлэгдсэн. Маш харамсалтай зүйл болсон. Тэр өдөр хамт ажиллаж байсан хүмүүсээсээ хоцорч алхаж байгаад тэр төмрийг сөхөж байгаад нүх рүү унаж амиа алдсан байсан. Хамт ажиллаж байгаа ажлаа дуусгаад тарж байсан юм билээ. Түрүүлээд явж байсан хүмүүст чимээ гарах шиг болоод эргээд харахад талийгаач нүх рүү унасан байсан гэсэн. Үнэхээр харамсалтай зүйл болсон.
Үргэлжлэл бий
Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours